Х.Нямбаатар барьцаа ахиулж, Ерөнхийлөгчийн эрхэнд халдав уу?

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд уяач, бөхчүүд аймаг, сумын наадам хэсэн, бай шагнал аваад явдаг байдлыг зогсоох үүднээс аймаг, сумын наадмыг долоодугаар 10, 11-нд, улсын баяр наадмыг 11-нд хийдэг хуучин уламжлалаараа зохицуулахаар тусгажээ. 

Өөрөөр хэлбэл, улс орон даяар нэгэн зэрэг наадамлана гэсэн үг. Харин алслагдсан дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тусдаа наадам хийх эрхийг нь олгохоор тусгажээ. 

Мөн эрлийз адууны асуудал маргаан дагуулдаг тул цэвэр үүлдрийн азарга гадаадаас импортоор оруулж ирэхийг хориглож байгаа аж. Долоодугаар сарын 13-ны өдөр уяачдын наадам хийгээд, эрлийз 3 насны уралдаанд айраг, түрүү авсан 15 уяачид цол, чимэг өгдөг байсныг болиулж, монгол үүлдрийн адууны стандартад азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага зургаан насны морь уралдуулж, уяачдад цол, чимэг өгнө гэж оруулж ирсэн байна.

Гадаадаас эрлийз адуу оруулж ирэх асуудлыг энэ хуулиар тодорхой хугацаанд зогсоож, уяач нь улсын цол авдаг байдлыг хуулиар хориглож байгаа гэсэн үг. 

Монгол үүлдрийн адууны стандарт гэгчийг Засгийн газар өөрөө дүрэм, журмаар зохицуулахаар хуульд тусгаж өгсөн байна.

Үүнээс гадна уг хуулиар "хэлмэгдүүлэлт"-д өртсөн, 50-иас дээш настай 70 гаруй бөхөд цол нөхөн олгохоор тусгасан байна. Ингэхдээ өнгөрсөн жил зохион байгуулагдсан Залуучуудын холбооны 100 жилийн ойн барилдаанд амжилт гаргасан 11 бөхөд цол олгохоор багтаасан байгаа аж. Тухайн үед аймгийн цолтой 180 бөх хасагдаж, улсын цолтой бөхчүүдийг цуглуулсан чансаатай барилдаан болсон тул ийн цол нөхөн олгох нь зүйтэй гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав хуралдаанд оролцохдоо тайлбарлаж байв. 

Мөн тэрбээр "Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ барилдааныг зохион байгуулсан нь улсын цол олгоно гэх найдлагыг бөхчүүдэд төрүүлсэн" гэх утгатай байр сууриа илэрхийлсэн билээ. 

Дээрхээс үзэхэд, Хууль зүйн сайд Х.Нямбаатар бөхийн барилдаан зохион байгуулж, амжилт гаргасан бөхчүүдэд улсын цол олгохоор хуулийн төсөлд хавчуулсан нь Ерөнхийлөгчийн эрхэнд халдсан зүйл боллоо гэх шүүмжлэл гараад байгаа юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улсын цол олгодог бол Хууль зүйн сайд хуулийн төсөлдөө хавчуулан цол олгохоор санаархсан нь ийн асуудал үүсгээд байна.

Үүнээс гадна хууль ухарч үйлчлэхгүй тул өнгөрсөн жил болж өнгөрсөн бөхийн барилдаанд нөхөн цол олгох нь хууль зөрчсөн үйлдэл болно гэх шүүмжлэл ч хатуу өрнөж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(66.181.161.91) 2022 оны 06 сарын 17

Tulgun communist

0  |  0
Top