“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага”-ын олон улсын эрдэм шинжилгээний 7 дахь хурал Монголд чуулж байна
Орчин цагийн математикийн ухааны нэгэн томоохон чиглэл болох оновчлол, симуляци, оновчтой удирдлагын нэр хүндтэй том хурал болох ICOSC-2022 хурал 7 дахь удаагаа 2022 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог бөгөөд анх удаа 2002 онд Монголд зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн хурлыг Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Герман Монголын ашигт малтмал, технологийн их сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Математикийн шинжлэх ухааны оновчлол, оновчтой удирдлагын онолын дэлхийн тэргүүлэх эрдэмтэд чуулж хамгийн сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг томьёолох, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлахад энэхүү хурлын зорилго, ач холбогдол оршиж байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын нэртэй эрдэмтэд, судлаачид, профессорууд оролцож байгаа тул монголын залуу эрдэмтэд, судлаачид, оюутнуудад эдгээр эрдэмтэдтэй холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах, тэтгэлэг, грант олох сайхан боломжийг бүрдүүлж өгч байгаа билээ.
Зохион байгуулах хорооны даргаар МУИС-ийн профессор, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Р.Энхбат ажиллаж хорооны бүрэлдэхүүнд төрийн соёрхолт, доктор Ч.Алтаннар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал доктор Ч.Баттүвшин, Герман Монголын ашигт малтмал технологийн их сургуулийн профессор Л.Алтангэрэл нарын хүмүүс ажиллаж байна. Уг хурлыг 2002, 2007, 2010, 2013, 2016, 2019 онуудад зургаан удаа амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
2022 оны энэ хурлын гол онцлог нь МУИС-ийн түүхт 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж байгаа явдал бөгөөд цаг үеийн онцлогоос хамааран цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдаж байна.
Энэ удаагийн хуралд АНУ, Герман, Франц, Япон, Орос, Австри, Канад, Солонгос, Хятад зэрэг 16 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Хуралд аман хэлбэрээр 44 илтгэл, постер буюу ханын илтгэл 59 гаруй илтгэл хэлэлцэгдэж байна. Тус хурлын шилмэл бүтээлүүд нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлийн газрын нэг болох “Springer”-д ном болгон хэвлэгдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )