УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган түр завсарлаад байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм. Тэд иргэд, сонгогчдодоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал асууж байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг өнгөрсөн мягмар /2022.06.21/ тойргийнхоо сонгогчидтой уулзсан байна.
-СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ТОХИРОМЖТОЙ-
Тэрбээр "Бат-Өлзий суманд энэ сарын 21-нд ажиллалаа. Хангайн сумдад зуншлага сайн, ялангуяа Бат-Өлзийд идээ цагаа элбэг дэлбэг, хүн зон нь сэтгэл тайван, мал сүрэг нь тарган тавтай сайхан зун болж байна.
УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар иргэдэд танилцуулж тэдний саналыг сонсох зорилгоор зохион байгуулсан уулзалтад минь сумын иргэд тун идэвхтэй оролцож санал бодлоо харамгүй хуваалцахын хамт орон нутагтаа тулгамдаж буй олон асуудлыг хөндөн ярилцсан.
Бат-Өлзий сум шинэ сүүний үйлдвэртэй болжээ. Эхэндээ зөвхөн сарлагийн сүү авна гэж байсан ч сумын удирдлага аж ахуйн нэгжийнхэнтэй сарлагаас гадна хайнаг, монгол үхэр тэр ч бүү хэл ямааны сүү ч авдаг байх яриа хэлэлцээ хийсэн гэнэ. Сарлагийн тоогоор улсад дээгүүр ордог тус сумынхан сарлагийн өрөм, шар тос гээд нутгийн брэндээ хөгжүүлэхээс гадна бүхий л төрлийн малын сүүнээс авах ашиг шимийг дээшлүүлэх боломж бүрдэж буйд баяртай байна билээ. Харин засгаас олгодог сүүний урамшууллын талаар мэдээлэл хомс байсан. Засгийн газраас малчдад тушаасан сүүний литр тутамд 500 төгрөгөөр тооцож урамшуулал олгох зорилгоор жилд 5 орчим тэрбум төгрөгийг төсөвлөдөг учраас сүүнээс олох орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.
Тус сумын нутгийн багагүй хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардгаас иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх, амьдрах газраа сонгох эрхээ эдлэхэд хүндрэл учруулдаг тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг ярьж байв. Мөн байгаль хамгаалахтай холбоотой олон санал хэлж, сумын нутаг дэвсгэрийн ойн сангийн нэлээдгүй хувь буюу 20 мянга орчим га нь хортон шавжинд идэгдээд байгаа тул арга хэмжээ авч өгнө үү, мод тарих санаачилгыг дэмжиж усалгааны асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагуудад дайсан.
Залуу малчдыг дэмжих зорилгоор цэргийн албанаас чөлөөлдөг байх, оюутнуудыг санхүүгийн талаар дэмжих бодлого хэрэгжүүлбэл сурлага сайтай ч ар гэрийн боломж бололцоо муугаас сурч чадахгүй байгаа олон хүүхдэд хэрэгтэй байгааг анхаарах, боловсролын тогтолцоо, сургалтын агуулгад хүүхэд залууст хувь хүний хөгжлийн мэдлэг олгоход чиглэсэн хичээлийг түлхүү оруулдаг болох тодорхой санал ч хэлж байлаа. Мөн олон хүүхэд төрүүлсэн гэдгээр 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан багш нарт одоо тэтгэвэрт гарч байгаа багш нарт олгодог 36 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нөхөж олгох, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх, Алдарт эхийн одонтой ээжид жилд өгдөг 100 мянган төгрөгийг төрүүлсэн хүүхдийн тоогоор нь тооцдог байж болохгүй юу гэх зэрэг асуултууд ч гарсан. Багш нарын цалинг нэмэхдээ 25-30 жил ажилласан хүмүүсийнхийг хэвээр нь үлдээж 6 сараас 1 жил ажиллаж буй багш нарын шатлал дээшилсэн нь шударга хуваарилалт болсонгүй, тэтгэврийн доод хэмжээг нэмсэн ч улсад олон жил тасралтгүй ажиллаж, шимтгэлээ төлсөн хэсгийнх тун багаар нэмэгдэж доод тэтгэвэртэй болсныг засч залруулах ёстой, 3 хувийн хүүтэй зээл орон нутагт хүртэхгүй байна гэсэн шүүмжлэлийг ч хэлж байлаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлсэн саналуудыг багцалбал, хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв, сонгуулийн тогтолцоо холимог байна гэдгийг олон дахин өөрчлөх боломжгүйгээр тусгах хэрэгтэй хэмээгээд пропорционалиар сонгогдсон гишүүд орон нутагт хандсан ажил хийдэггүй, улс төрийн намуудад тавих босгыг өндөрсгөхгүй бол хүнээсээ олон намтай болж улстөржилт хүрээгээ тэлж улс орон хөгжих биш ухрахад хүрэх эрсдэлтэй гэж байв. Гишүүдийн тоотой холбоотой асуудалд иргэд нэлээд болгоомжтой хандаж, давхар дээлийг дэмжих нь Засгийн газрын чадамжийг дээшлүүлэх сайн талтай хэмээсэн. Мөн орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн сүлдийг өөрчлөх саналуудыг дэмжиж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Уйланхай царайт аа 38 мажаротор, 38 пропорциональ. Гүйцээ
МАН гаргасан шийдвэр дандаа хэрүүл дагуулсан хүмүүсийг хооронд нь талцуулсан шийдвэр гаргасан. ЖИШЭЭ нь тэтгэврийн нэмэгдэл, багшийн цалин, тэтгэврийн зээл гэх мэтээр үргэлжилнэ
Энэ шиг худлаа юм байхгүй одоо нөгөө өөрсдийн төсөв дээрээ яамны төсвийг тойрогтоо хуваарилуулах юм байна л даа
Энэ нь шиг худлаа юм байхгүй давхар албан тушаалд зөндөө л ажлуулж үзлээ луйварчид нь ихссэн болхоос ажлын чадамж дээшилсэн нь хаана байгаа юм бэ? УИХ-ын гишүүн нь өөрийхөө ажлыг хийдэг, ЗГ-ын гишүүн нь өөрийнхрөө ажлыг хариуцлагатай хийдэг л байх ёстой. УИХ-ын гишүүдийг төсөв мөнгөтөй хамааралгүй болгох хууль гарга, намын гишүүд УИХ-д, ЗГ-т, төрийн албанд томилогдож ороод шууд намын гишүүнчлэлгүй болдог болго тусгай эрх, хамгаалалтгүй болгож ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт оролцсон бол шууд шүүхээр шийдвэрлүүлж албан тушаалаас нь татаж сольдог хатуу хууль журам өгүүлэгдэж байна...