Сангийн яам 100 жилийн ойгоороо “Байгаль дэлхийгээ хайрлах”-ыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Сангийн яам байгуулагдсаны болон Санхүү, эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд яамны нийт ажилтан албан хаагчид “Байгаль дэлхийгээ хайрлая” тойрон аялалыг дөрвөн бүсэд зохион байгуулж байна. Эхний аялалыг 2011 оны 6 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Хангайн бүсийн Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан аймгуудад зохион байгууллаа. Тус аялалын хүрээнд зургаан аймагт Сангийн яамны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, яамны үйл ажиллагаа болон түүхт 100 жилийн арга хэмжээг сурталчлах, орон нутгуудын Бүртгэл санхүүгийн ажилтны зөвлөгөөнд оролцох, төсвийн эрх захирагч нар, аймгуудын нягтлан бодогчидтой уулзаж, өнөөгийн санхүү бүртгэлийн асуудал тэдэнд тулгарч байгаа зүйлийн талаар санал бодлоо солилцож явсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм. Үүний зэрэгцээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан доор явагдаж байгаа энэхүү үйл ажиллагаанд Сангийн яамны баг бүрэлдэхүүн тухайн орон нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах, эх дэлхий хүрээлэн байгаа орчиноо хайрлан хамгаалах талаар сурталчилгаа хийх, газар бүрт байгаль орчинлуу чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж явсан юм.
“Аймаг орон нутаг хог хаяагдлаа барахгүй байхад нь бид цэвэрлээд яваа юм биш. Гол нь бид залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлах зөв чиг хандлагад сургах, орчин тойронтойгоо боловсон харьцах сэтгэлзүйг төрүүлэх, иргэдэд үлгэр дууриал болох, тэднийг уриалан дуудахад чиглүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг явуулж байна гэдгийг аялалын багийн ахлагч Төрийн сангийн газрын Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Ариунсанаа онцоллоо.
Тэд Архангай аймагт “Ганц модны рашаан”-ы ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, Хөвсгөл аймагт далайн эрэг орчмыг хогийг цэвэрлэх орон нутгийн төслийн багийнхантай хамтран ажилласан байна. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Уран тогоо уулын зүүн суганд “Нарангийн булаг” рашааныг хашсан. Орхон аймагт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.
Дараагийн ээлжийн аялалууд наадмын дараагаас үргэлжлэн явагдана.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top