У.Хүрэлсүх: Оюун санааны ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ бодлогоор дэмжих цаг болсон

2022 оны 06 сарын 29

Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө. Чуулганаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцсэн. Мөн үдээс хойш салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.

Нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр “Тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн  санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлье.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсон. Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатай байна. Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь зүйтэй. Оюун санааны сор болсон шилдэг бүтээл, туурвилыг төр засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болох асуудлыг анхаарах цаг нэгэнт болжээ.

Түүнчлэн бидний хойч үе болсон хүүхэд багачуудаа монгол хүн дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хүүхдийн уран зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач, шүүмжлэгч, хүн төрөлхтний оюун санааны гүүр болох мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатай. Монголын яруу найраг, утга зохиолын шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудынхаа хүртээл болгох, олон хэлэнд орчуулан дэлхийн уншигчдад Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Дэлхийн бүтээл, зохиолыг яруу тансаг монгол хэлнээ утга төгөлдөр орчуулан ард түмнийхээ хүртээл болгох асуудал чухал” гэдгийг онцлон дурдсан.

 

С.Данзан

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top