"100 айл"-ыг нүүлгэх асуудал “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ”-д багтчихаагүй биз!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт  Үндсэн хуульд бий ч, тийм ая таатай орчин  тун дутуу гучуу гэдгийг нийслэл Улаанбаатарт амьдарч буй иргэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх биз ээ. Аль арван хэдэн жилийн өмнөөс л тухайн үеийн удирдлагууд нь Улаанбаатарыг метрополис хот болгох тухай том зорилт дэвшүүлж байв. Гэвч өнөөдрийн байдлаар нийт иргэдийн тэн хагас нь шахам амьдарч буй Улаанбаатар хот агаар, ус, хөрсний бохирдол нь ужгирч, замын түгжрэл нь улам нэмэгдсэн байдалтай байна.

Гол нь энэхүү нөхцөл байдлын суурь шалтгаан болсон асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үе үеийн эрх баригчид, хотын удирдлагууд хаа хаанаа нэгдсэн цул бодлогогүй, хамтын ажиллагаагүй явж ирсэн юм.

Тухайлбал, энд 100 айлын барилгын материалын захын асуудлыг тодотгон авч үзэж болж байна.

Нийслэлийн хойморт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын замын түгжрэлд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн энэ барилгын захтай холбоотойгоор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах жам ёсны эрх бодитойгоор зөрчигдөж ирснийг өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн судалгаа нотолсон байдаг.

100 айлын барилгын захын ойролцоох хоёр сургууль, цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд судалгаа явуулахад, хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр хэмжээтэй гарсан нь орчны бохирдолтой шууд холбоотой гэсэн дүгнэлт гарсныг "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг”-ийн ахлагч Ч.Гантулга одоогоос гурван жилийн өмнө хэлж ярьж байв.

Харамсалтай нь, гурван жилийн дараах буюу өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, 100 айлын барилгын материалын зах болон түүнд бараа нийлүүлэгч үйлдвэрүүд хотын төв хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулсан хэвээрээ байгаа бөгөөд үүний улмаас захын ойролцоо ажиллаж, амьдардаг иргэд, суралцдаг хүүхдүүдийн эрүүл мэндэд учирч буй хохирлын хэмжээ тодорхойгүй байсаар байна.

Түүнчлэн улстөрчдийн зүгээс иргэдэд гоё сайхан амлалтууд өгдөг жишиг 100 айлын барилгын зах дээр  ч давтагдсаныг  тодотгоё.

“100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг”-ийн өмнөх ахлагч Ч.Гантулга 2018 оны есдүгээр сарын 1 гэхэд 100 айлын барилгын захыг бүрэн нүүлгэн шилжүүлнэ хэмээн ярьж байлаа.

Түүний хэвлэлд ярьсныг эшлэхэд, "100 айлын барилгын захыг 2015 оны есдүгээр сарын 1-нд бүрэн нүүлгэн шилжүүлнэ. Үүний дараа 100 айл орчимд байрлах шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж, ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах, шинэ худалдаа үйлчилгээний төв бий болгох зэрэг ажлыг дэс дараатай хийнэ. Нийслэлээс зохион байгуулж буй энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах нь юу юунаас чухал байна" гэхчлэн ярьж байв.

Гэвч 100 айлыг нүүлгэх тухай яриа үе үеийн хотын удирдлагуудын Мөрөөдлийн жагсаалтыг нэгээр нэмчихэв үү л гэж харагдаж байна.

"Захыг нүүлгэх ажлыг 2018-2022 он хүртэл шат дараатай хэрэгжүүлнэ. 2022 он гэхэд 100 айлыг нүүлгэж аваачих Налайхын аж үйлдвэр, технологийн паркын асуудал жигдэрсэн байна" гэсэн мэдээллийг Ч.Гантулга дарга мөн 2019 онд өгч байв.

Ингэж ярьж байсан тэрбээр өдгөө Ажлын хэсгийг ахлахаа больжээ. Ажлын хэсгийг 2021 оны сүүлээр шинэчлэн байгуулж, нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан бөгөөд өдгөө НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахлан ажиллаж буй юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцсэн байдаг. Улмаар Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэсэн зүйл яриад өнгөрсөн.

Энд нэг зүйлийг тодотгоход, УИХ-аас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталсан байдаг ч түүнээс хойшхи 13 жилийн хугацаанд өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн нэг ч  парк байхгүй хэвээр. 

Энэ хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байгаа юм. 

Тэгэхээр өнгөрсөн олон жилүүдэд улиг болтол ярьсан 100 айлын барилгын материалын захыг хотын төвөөс нүүлгэж, иргэдийн эрүүл, эрсдэлгүй орчинд амьдрах эрх тал хагас ч болов хангагдах юм бол гэдэг асуулт хариулт нэхсээр байна.

Top