Монгол Улс болзошгүй аюулын тун болзоолгогүй цаг дээр зогсож байна. Энэ үгийг монгол хүн болгон ярьж бичих болов. Түүгээр зогсохгүй үр хүүхдүүддээ сэрэмжлүүлэх боллоо. Эрдэмтэн, судлаачид бол түүнээс ч илүү түгшиж байгаа юм. Ямар сайндаа зарим нь жагсаал цуглаан хийж, Төрийн өндөрлөгүүдэд шаардах бичиг хүртэл өгөх вэ. Энэ бүхэн бид өөрчлөгдөх ёстойг, шинэ орчинд дасан зохицох ёстойг сануулсаар.
Яг энэ мөчид Батлан хамгаалахын сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тун чухал нэгэн баримт бичгийг Төрийн тэргүүнд бариадахлаа. Дугтуй дээр нь “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн үнэлгээний тайлан” хэмээн онцолжээ. Түүн дотор чухам юу бичсэн нь өнөөдөр монгол хүн бүрд сонин байна. Мөн түүнийг дагалдуулан барьсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсол ч сонирхол татаж байна.
Хэрэв доторхыг нь уншиж болдогсон бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хэр “Эх оронч” юм бэ гэдэг нь харагдах нь тодорхой. Бас дээр нь С.Жадамбаа генералын хүү Ж.Энхбаярын хэн болохыг, хэр том зүрхтэй эр болохыг таних боломжтой. Гэвч дугтуйг нээх эрх ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ганцхан Ерөнхийлөгчид л байгаа. Мөн цааш нь ҮАБЗ-ийн тулгын гурван чулууны хоёр нь болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт танилцуулж шийдвэр гаргах эрх нь бий. Гаргасан шийдвэрээс нь Монголын хувь заяа шалтгаалах юм. Иймд тэр дугтуй дотор Монголоо гэсэн сэтгэл, монголчуудынхаа төлөө гэсэн их хайр, гүн сэтгэл, хэмжээлшгүй зүтгэл байгаа гэж итгэж байна.
Яагаад гэвэл, түүнийг ҮАБЗ-ийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн юм билээ. Одоогоор бидэнд мэдэгдэж байгаа нь тус Ажлын хэсгээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. 60 гаруй хувийг өөрчилж, таван бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилнэ гэдэг бараг 100 хувь шахам эхнээс нь боловсруулна гэсэн үг. Дээр нь тэр төслөө ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэжээ. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна гэвэл, дэлхий ганцхан хормын дотор бөөрөөрөө эргэчихэж байгааг долоон тэрбум хүн зэрэг харлаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал бол олон хүний амь насыг авч одсон нэг ёсондоо хүн төрөлхтний тэсч үлдэхийн төлөөх “дайн” байв. Одоо ч үр дагавар нь дуусаагүй, улс орнууд эдийн засгийн хямралд сөхөрч байна. Чинагш юу болохыг таашгүй. Бас нэг аюул нь КОВИД-оос улбаатай, хорио цээрийн дэглэмд ид идэвхжсэн дэлгэцийн донтолтын хор уршгийг тоочвол олон юм бий. Хамгийн аймшигтай нь Орос, Украины хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн өнөөдөр ч үргэлжилж байна. Нөхцөл байдал ийм байхад Монгол Улс бидэнд хамаагүй гэх юм уу, сүх далайтал хаа ч байсан юм гээд сууж таарахгүй.
Энэ өнцгөөс харвал манай улс ямартай ч төрийн түвшиндээ Үндсэн хуулиа өөрчлөх төвөргөөнийг эхлүүлчихлээ. Дээр нь нэмээд Үндэсний аюулгүй байдлын баримт бичгээ шинэчлэх гэж байна. Аль алийг нь хийж байж урагшаа явах гарц нээгдэж таарна. Өөрөөр хэлбэл, монголчууд 1990 оных шиг нэг тийм шилжилтийн үеийг Үндсэн хууль болон бусад хууль, улсын амин сүнс болсон баримт бичгүүдээ боловсронгуй болгох замаар давах гэж байна уу, эсвэл гэдгийн хариу тун удахгүй гарах нь ээ. Хамгийн гол нь нэн хариуцлагатай хандаж, олон талаас ярьж, улсынхаа хувь заяаны төлөө хууль хийгээд, үзэл баримтлалдаа гүн хүндэтгэлтэйгээр хүрээсэй билээ.
Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улс цар тахал, дэлгэцийн донтолт, эдийн засгийн хямрал, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн, хил гааль хязгаарлагдсан хүндхэн цаг үеийг туулж байна. Нөгөөтэйгүүр, манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байгаа.
Иймээс УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаан дээр “Өрийн буруу бодлогоос чинь болж 2030 онд та, бид Монголоос хөөгдөж гарна шүү” хэмээн Засгийн газарт сануулаад байгаа. Өр нэмэгдвэл газар нутгаа алдаж мэдэх айдас, түгшүүр бодит болж ч мэдэхээр байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, сүүлийн үед дэлхийн хүчний харилцаа асар хурдтай өөрчлөгдөж байна.
Энэ нөхцөл байдалд бид дэлхийн зөрчлийг үүсгэгч “Учиртай гурван толгой”-н гол цөм дээр зогсч байгааг систем судлаач Д.Банзрагч нарын эрдэмтэд эхнээсээ хэлж байгаа. Бас нэг аюул нь дэлхий нийт хоол, хүнсний дутагдалд орох эрсдэлт нөхцөл бүрдсэн. Гол нийлүүлэгчид болох Орос, Украин хоёр хоорондоо сөргөлдсөнөөр манай улстай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалт хийж эхэлсэн. Энэ нь манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үнийн өсөлт газар авч байна. Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэхийг уриалж, УИХ-д тогтоолын төсөл оруулан батлуулсан.
Тэгвэл манай зарим эрхмүүд 70 сая малтай, бид яах ч үгүй гэлцдэг. Гэтэл бид үндэстэн дотроосоо устах аюул буюу мах махан бүтээгдэхүүн, хүнсний тусгаар тогтнолоо алдсан тун эмзэг цаг мөчид тулж ирснээ саяхан мэдсэн. Мэдээд зогсохгүй дээр доргүй сандарсан. Энэ үетэй Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа тодотгон шинэчлэх үйл явдал давхцаж байгаа нь санамсаргүй биш байгаасай. Иймээс ҮАБЗ хэр эх оронч юм бэ гэдгийг харах л үлдлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )