Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг нэгтгэн гаргажээ. Өдгөө Монголын төрд 200 гаруй өндөр албан тушаалтан буй гэх дүн мэдээ бий. Тэдгээрийн дотор олны анхаарлыг хамгийн их татдаг гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нарын АТГ-д бүртгүүлсэн ХОМ-ээс заримыг нь тоймлон хүргэе.
Манай сайд, гишүүдийн дунд зуу гаруйхан мянган төгрөгийн хадгаламжтай, автомашингүй хүн байна. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хадгаламжиндаа 135 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Насаараа төрд зүтгэсэн түүний хувьд олсон хэдийгээ цааш нь хийх, хурааж хуримтлуулах зуршилгүй нэгэн үү. Эсвэл ХОМ-ээ хуудуутай гаргасан уу. Үнэн мөнийг нь АТГ шалгах биз ээ.
Тэгвэл хамгийн өндөр хадгаламжтай УИХ-ын гишүүнээр Ц.Анандбазар нэрлэгдэж байна. Түүний хувьд 2020 онтой харьцуулахад хадгаламж нь 2021 онд 3.39 тэрбум төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Эсрэгээрээ Д.Өнөрболор гишүүний хадгаламж хамгийн их буурчээ. Түүний хадгаламж 5.59 тэрбум төгрөгөөр буурсан байна. Өөр нэгэн анхаарал татахуйц баримт бол УИХ-ын гишүүдийн дунд гадаадад хадгаламж эзэмшдэг цөөнгүй хүн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням 185.9 сая төгрөгийн гадаад хадгаламжтай ба энэ нь 2020 оныхоос 162.4 сая төгрөгөөс өссөн дүнтэй гарчээ. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бичигджээ. Тэрбээр 14.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай ба энэ нь өмнөх оныхоос нь нэг сая төгрөгөөр өссөн ажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн гадаадад 2.9 орчим сая төгрөг хадгалж байгаагаа мэдүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай гэдгээ мэдүүлжээ.
ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ДОТРООС АВТОМАШИНГҮЙ ХҮН БАЙНА
Өөр нэгэн анхаарал татсан ХОМ бол А.Ариунзаяа сайдынх байлаа.Түүний хувьд өөрийн эзэмшлийн автомашингүй ч 55 сая төгрөгөөр үнэлэгдэх мотоцикльтой гэнэ. Түүний хувьд 2020 онд нийт орлогын хэмжээгээ 38 сая 900 мянган төгрөг гэж мэдүүлсэн бол 2021 онд 36 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2020 онд 51 сая төгрөг байсан бол 2021 онд 48 сая болж буурсан байна. Энэ цагт эр, эмгүй хурдан моринд хорхойсдог болжээ. Хурдан удмын адуутай эмэгтэй сайдаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодорсон байна. Түүний хувьд 2020 онд нийт орлогын хэмжээгээ 220 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 421 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 2020 онд 143 сая төгрөг байсан бол 2021 онд 145 сая төгрөг болж өссөн байна.
Харин хамгийн их орлоготой сайдаар БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болох нь ээ. Тэрбээр 2020 онд 10 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай байсан бол 2021 онд дөрвөн тэрбум 905 сая төгрөгийн авлагатай болжээ. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 281 сая 100 мянган төгрөг байснаас 598 сая 400 мянган төгрөг болж өсчээ. Тэрбээр дөрвөн тэрбум 462 сая төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Түүний жилийн орлого найман тэрбум 744 сая төгрөг ажээ.
АВЛАГА НЬ ТЭРБУМ, ТЭРБУМААР ХЭМЖИГДЭЖ БУЙ ГИШҮҮД
Бусдаас авах авлагыг ХОМ-т дурддаг. Тэгвэл авлага нь хэдэн тэрбумаар хэмжигдэж буй цөөнгүй албан тушаалтнууд байна. Тэднийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлжээ. Түүний авлага таван тэрбум 440 сая төгрөг аж. Харин зээл нь нэг тэрбум 801 сая төгрөг. Түүний орлого 326 сая төгрөгөөс 43 сая төгрөг болж буурсан ч, гэр бүлийн орлого нь нэг тэрбум 417 саяас хоёр тэрбум 951 сая болж өссөн байна. О.Цогтгэрэл гишүүн хоёр тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 585 сая төгрөгийн Mercedes Benz, S400CDI, Mercedes Benz GLE 400 автомашинтай гэнэ. Мөн нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэдгээ мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт бусдаас дөрвөн тэрбум 964 сая төгрөг авна гэж мэдүүлсэн нь мөн л өндөр дүнтэй авлага юм. Харин түүний ХОМ-ээс нь дурдвал, түүний өөрийн орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх гишүүдийн орлого нэг тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна. Харин үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө гурван тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. УИХ-ын гишүүн Т.Аубакир дөрвөн тэрбум 670 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Мөн Шадар сайд С.Амарсайхан хоёр тэрбум 999 сая төгрөгийн авлагатай гэнэ. Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням хоёр тэрбум 500 сая төгрөгийг бусдаас авна гэж мэдүүлжээ.
Хадгаламжиндаа зургаан тэрбум гаруй төгрөгтэй гэж мэдүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хоёр тэрбум төгрөгийн авлагатай гэдгээ мөн дурджээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн авлага нэг тэрбум 56 сая төгрөг, УИХ-ын гишүүн Т.Доржханд нэг тэрбум 100 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ.
ОРЛОГО НЬ ОГЦОМ БУУРСАН ГИШҮҮДИЙГ Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТЭРГҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн орлого дөрвөн тэрбум 938 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд орлогоо таван тэрбум 26 сая 880 мянган төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая 69 мянган төгрөг болон буурсан байна. Орлого нь огцом буурсан гишүүний нэг Б.Дэлгэрсайхан боллоо. Түүний орлого нь таван тэрбум 49 сая төгрөг. Гэхдээ өмнөх оноосоо 496 сая төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь мөн 86 сая 390 мянган төгрөгөөр буурсан аж.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2020 онд орлогоо 726 сая хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая хэмээн мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гэр бүлийн орлого 865 сая 903 мянган төгрөгөөр буурчээ. Харин өөрийнх нь орлого 216 саяас 187 сая төгрөг болон буурчээ.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайханы орлого нэг тэрбум 771 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2020 онд нэг тэрбум 817 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Түүний гэр бүлийн орлого 73 сая төгрөг гэнэ. Ийнхүү орлого нь сүүлийн нэг жилийн дотор багагүй хэмжээгээр буурсан гишүүдийн тухай дурдахад ийм байна. Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. ХОМ гэдэг бол хэн нэгний өмч хөрөнгийг олон нийтэд зарлан тунхаглахад оршиж байгаа юм биш.
Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо шударгаар олсон уу, үгүй юу гэдгийг хянахад оршиж буй. Тиймээс иргэд олон нийт ч гэсэн АТГ-аас нээлттэй зарласан ХОМ-т хяналт тавих бүрэн боломж нээгдэж байна. Хамгийн гол нь ХОМ өгөх шаардлагатай албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийн мөрөөр АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллага маш сайн шалгах шаардлага байгаа юм. Харин шалгаж чадахгүй бол энэ их бүртгэл, мэдээлэл цуглуулахын хэрэггүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Хулгайч луйварчдаар дүүрсэн засаг төр!!!. Энэ хулгайч луйарчид ард түмэн эх орныхоо төлөө юу ч хийхгүй!!!. УИХ-ын 76 дээр нэмээд засаг төрд байгаа хулгайч луйварчид болсон хогийн ургамлыг үндсээр нь хяргаж таслахгүй бол энэ улс орон хэзээ ч сэргэж босохгүй!!!.
хэдэн тэр бумын орлоготой хулгайч нараасаа машин тэрэгэнд нь татвар ав
Бизнес хийдэг хүмүүс их хуралд ордог юм байх даа. Тэрбум тэрбумын орлоготонгууд. Тэгээд ард түмний амьдрал дээшилсэн билүү. Ийм хүмүүсээр засаг бариулаад.
Ариунзаяа мотоциклоор одоо нээх том мээм савсагнуулчихаад явдаг юм байх даа.