1992-1996 оны анхны УИХ-ын 30 жилийн ойд: МОРЬТОЙ ХҮН

Админ | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

МОРЬТОЙ ХҮН

(хөрөг)

 

Гомбожавын амьдрал төрөхөөсөө эхлээд л морьтой холбоотой байж. Түүний мэндэлсэн хар морин жилд хожмоо Гомбожаваар удирдуулах учир тохиосон Дундговь, Сүхбаатар аймгууд байгуулагджээ. Мөн энэ оноос эхлэн манай улс кирилл хэмээх бичгийг нийтээр хэрэглэх болж. Ийм өөрчлөлт бужигнаан ихтэй оргилуун идэвхийлэлтэй жил Гомбожав төржээ.

Гомбожавын эхээс унасан өдөр зүүн өмнөөс нэгэн хүрэн халзан морь эрчээрээ давхисаар ирж. Морь гадаа зогтусахдаа хүзүүндээ явсан уурганы цээжийг гээжээ. Үүнд аав нь их бэлгэшээжээ. Тэр уурганы гурамсан хуйвыг авч, сая төрсөн хүүгийнхээ өлгийнд бүс хийсэн гэдэг.

Гомбожавынх эцэг дээдсийнхээ бурхан тахилыг нандигнан тахидаг. Тэдгээр дотор нэгэн сэтэртэй модон морь бий. Энэ тэдний чухал шүтээн юм. Багаасаа хурдны морь унаж өссөн Гомбожав адуунд үнэн хорхойтой аж. Хөдөө гадаа давхиж явахдаа адуу малын дундуур заавал орно.

Гомбожав 1989 онд “Монгол адуу” нийгэмлэгийн Ерөнхийлөгч болсон. Энэ бол манай улсад дороос санаачлан бий болсон анхны сайн дурын эвсэл холбоо байсан. Үүнийг монголчууд тэр дороо уухайлан дэмжиж, зуу шахам мянган хүн гишүүнээр элссэн. Энэ нийгэмлэг Гомбожавт асар их нэр хүнд авчирсан. Түүнээс хойш түүнийг олон монголчууд мэдэх болсон. Энэ нийгэмлэг Гомбожавыг алсын хараатай, овжин санаачилгатай, ухаалаг зохион байгуулагч болохыг олон нийтэд таниулсан юм. Магадгүй тус нийгэмлэгийн алсын нөлөөн дор Гомбожав улс төрийн талаар ахиж дэвшсэн байж болох. Гадаадтай өргөн холбоо тогтооход, ялангуяа Японтой байнга ажил хэрэгчээр харилцахад нийгэмлэг Гомбожавт бат бэх гүүр болсон байх.

Дэлхийн бөмбөрцгийн хаана ч байхгүй Монгол адууг барьж аван нийгэмлэг байгуулсан Гомбожавыг япончууд илт сонирхож, хожмоо түүнийг Монгол, Японы нэгэн холбооны тэргүүн болгосон билээ. Ийм шидтэй сайхан нийгэмлэг байгуулах санаа анх яаж төрснийг нь хүмүүс ихэд сонирхдог юм. Нийгэмлэг яг одоогийнхоо төрхөөр Гомбожавын толгойд зурсхийн орж ирээгүй бололтой. Харин түүнийг тойрсон морины хорхойтнууд хэлэлцэж ярилцсаар нийгэмлэг байгуулах шийдэлд хүрсэн бололтой. Ямар ч атугай “Монгол адуу” нийгэмлэг олон үр дагавар үлдээсэн юм. 

Юуны өмнө монголчуудын үндэсний бахархал, урам зориг бадрахад хувь нэмэр болсон. Ерөөс тодорхой зүйлд тулгуурлан нийгэмлэг, холбоо байгуулж болохыг амьдрал дээр үзүүлсэн. Адууг судлах, арчилгаа, эдэлгээний арга туршлагыг дэлгэрүүлэх, морио дээдлэх өвөг дээдсийн уламжлалыг сэргээх зэрэгт ач тусаа үлдээжээ. Төрийн чухал албатай учир Гомбожав нийгэмлэгийн ажлаасаа нэлээд хөндийрсөн. Үүний дараагаар тэндэх ажлын цуурай нэлээд намдаад байна.

Ж.Гомбожавын улс төрийн намтарт 1990 оны ардчилсан сонгуулийн дараах  Ардын Их Хурлын чуулганыг удирдсан  нь зүй ёсоор орно. Тийм чуулган манай ойрын жилүүдийн практикт байгаагүй юм. Гомбожавын хувьд ийм хурал хэзээ ч удирдаж явсангүй. Энэ чуулган зөвхөн дотоод дэг, хэлэлцэх асуудлаа батлах гэж гурав хоног болсон. Гэвч тэрбээр энэ хурлыг итгэлтэй, самбаатай, шийдмэг удирдсан билээ. Энэ хурлаас манай улсын анхны Ерөнхийлөгч  сонгогдож, Улсын Бага Хурал, Ерөнхий сайд батлагдсан. Чухам манай хүний удирдсан энэ чуулган төрийн тогтолцоог ардчилсан ёсоор өөрчлөх эхийг тавьсан. Мөн манай практикт олон ургальч үзлийн дор үзэл бодол уралдуулсан улсын хэмжээний чуулган хийсэн анхны тохиолдол байсан.  Бас манай түүхэнд хамгийн олон депутат буюу 427 төлөөлөгч оролцсон нүсэр чуулган болж  өнгөрсөн юм.

Гэтэл үүнээс өмнө Гомбожав улстөрчийн хувьд хэн байсан бэ гэвэл хатуу захиргаадалтын үед аймаг толгойлж явсан, манайд хэдэн арваараа байдаг тийм нэгэн байсан. Тэр үед хурал чуулган удирдах шиг амар  ажил байгаагүй ээ. Батлах уу?  Баталъя. Сонгох уу? Сонгоё. Ингээд л болох нь тэр. Гэтэл дээрх үйл ажиллагаатай тулгарсан. Тэр чуулганыг амжилттай удирдсан нь Гомбожавыг хүний хувьд хэн байсныг тодруулж өгсөн хэрэг. Тэрбээр юуны өмнө ямар ч сорилт, шинэ нөхцөл байдалтай тулгарахад, түүнийг даван туулах сэтгэл зүйн  чадвартай байж. Үйл явдлын өөрчлөлтийг шуурхай мэдэрдэг, уян хатан арга барилын соёлтой, төвөгтэй нөхцөл байдалд сийрэг ухаан зарж, самбаа сүйхээтэй ажилладагаа харуулжээ. Гомбожавын өөрийн нь тэмдэглэж авснаар бол манай  70 гаруй жилийн түүхэнд хуралдаан даргалагч спикер 11 байсан гэнэ. Тухайлбал Д.Дамба, Ч.Сүрэнжав, Б.Алтангэрэл, Үндсэн хууль батлах чуулганыг даргалсан (Улсын Их Хурлын гишүүн) Ж.Уртнасан гэх мэт.

Гомбожавыг сонирхож, түүнд итгэж янз бүрийн даалгавар, сонгууль өгөх нь 1990 оноос үлэмж нэмэгдсэн. Ийм нэг даалгавар бол Ю.Цэдэнбал ба түүнийг тойрон хүрээлэгчдийн хэргийг шалгах комисст Гомбожавыг оруулсан явдал юм. Аймгийн удирдлагуудаас өөр хүн тэнд ороогүй. Энэ хэргийг 11 хүн 75 хоног шалгажээ. Ажлын явцад Гомбожав “Би энэ насандаа хүний ул шагайж, мууг үзэх гэж явсангүй. Энэ их зүдэргээтэй алба юм. Гэхдээ яая гэхэв. Нам даалгасны дагуу ажиллаж байна” гэж хэлж байсан. Шалгалтынхан Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаас дээших албан тушаалтны намтар түүхийг 1940 оноос эхлэн  шалгажээ. 1950 оноос хойших протокол, бичиг баримттай нэгбүрчлэн танилцсан. Шалгалтын дүнг Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Бүгд хурлаар хэлэлцэн шийдвэр гаргасан. “Энэ шийдвэр бол социалист гэгдэж байсан орнуудын хандлагыг дагасан шинжтэй болсон юм. Намаа аврахын тулд тэдгээр хэдэн хүнд арга хэмжээ авсан. Намынхаа төлөө ингэж арга хэмжээ авахуулсандаа тэдгээр хүмүүс гомдохгүй байх ёстой юм даа” гэж Гомбожав хэлж байсан. 

Шинэ Үндсэн хууль батлахад Гомбожав онцгой үүрэгтэй оролцсон. Энэ бол түүний төрд зүтгэсэн он жилүүдийн чухал дурсамж, гол гавьяа нь болон үлдэх билээ. Хуулийг 1991 оны 11 дүгээр сард нээгдсэн Ардын Их Хурлын чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. Энэхүү хуралдааныг удирдах үүрэг манай хүнд оногдсон юм.  Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд шинэ хуулийн төсөл боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлэн, дүнг нэгтгэн Ардын Их Хурлын депутат та бүхнээр хэлэлцүүлэх мөчид тулж ирээд байна аа. Энэ хуулийг хэлэлцэж батална гэдэг бол манай ард түмнээс та бидэнд олгосон хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг мөн. Бид энэ нэр хүндтэй үүргийг амжилттай биелүүлэх ёстой. Хэрвээ энэ үүргээ амжилттай биелүүлж чадвал хувь заяандаа бид баярлан бахархаж явах болно” гэж хэлсэн юм.

           Энэ хуралдаанаас Депутатуудын хороо байгуулж, түүнийг Гомбожаваар ахлуулсан. Хороонд манай нэртэй хуульчид, эрдэмтэд оролцсон. Энэ хороо төсөл хэлэлцэх явцад депутатуудаас гаргасан саналуудыг хуульд тусгах үүрэгтэй байсан юм.  Хэний, ямар саналыг төсөлд яаж тусгаснаа Гомбожав хуралд тогтмол илтгэж байв.  Энэ бол нарийн нандин ажил байсан. Чухамдаа Их хурлын ажлын цөм энд төвлөрч байсныг хэлбэл зохино.

Хуралдаанаар онцгой анхаарч удаан хэлэлцсэн зүйлийн нэг бол төрийн сүлдэнд морь оруулах, эсэх тухай байсан юм. Угаас моринд дурртай Гомбожав түүнийг сүлдэндээ дээдлэн тахих саналтай байсан нь мэдээж. Морь сүлдэнд багтаж үлдсэн хууль батлагдсаны дараа хүмүүс манай хүнд олон янзаар талархал дэвшүүлж байсан. Яруу найрагчид шүлгээ зориулж байжээ.

Адуу нийгэмлэгийн Гомбожавын

Аргамаг нь сүлдэндээ давхиж явна.

Төрсөн нутаг нь Сүхбаатар ч

Төрөлх сэтгэл нь Төв аймагтаа гэж Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжав бичсэн байхад, яруу найрагч Б.Энхтуяа:

Хар цагаан хөхөл нь төрийн туг болон намирсан

Хатан дөрвөн туурай нь ертөнцийн тамга тамгалсан

Харийн газрын овъёосонд нутгаа мартаж идээшээгүй

Халхын заяа хүлгээ сүлдэндээ аргамжиж чадлаа

Монголоо алдахгүй гэж морьтойгоо үлдлээ

Хүнээ алдахгүй гэж үнэнтэйгээ үлдлээ гэж бичсэн байна.

1992 оны долдугаар сард болсон Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Гомбожавыг Улсын Их Хурлын дэд дарга болгосон нь түүнийг жинхэнэ байдлаар улс төрийн өндөрлөгт гаргаж ирсэн. Энэ албан тушаалд Гомбожав намын бодлогоор сонгогдоогүй гэдгийг хэлбэл зохино. Чухам нэр хүнд, нүүрнийхээ буянаар Монголын төрийн нэгэн өндөрлөг болсон. Энэ сонгуулийн уур амьсгал дунд сэтгүүлч би явж байсан. Эхлээд Улсын Их Хурлын даргад Н.Багабандийг сонгосон. Тэрбээр дарга болуутаа “Дэд дарга маань хууль зүйн сайн мэргэжилтэй, хууль тогтоох байгууллага удирдаж явсан, туршлагатай хүн байвал сайнсан” гэж хэлсэн. Энэ бол Б.Чимидийг ярьж байгаа нь хэнд ч ойлгомжтой байв. Гэвч Их Хурлынхан Гомбожавыг илүүд үзсэн. Энэ сонголт алдаа болоогүйг дөрвөн жилийн үйл явц баталжээ. Хоног хугацаа өнгөрөх тусам Дэд даргын сайн талууд танигдсан байна. “Гомбожав даргад би эхлээд дурамжхан байсан. Гэтэл мань эр тун удалгүй дажгүй “парень” болохоо харуулсан. Манайхан ч бас тэгж ярьцгаадаг. Тэр уужим сайхан байдлаараа эв нэгдлийг зангидна, цөөнхийн нөхөд ч Гомбожавт сайнаар ханддаг” гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж хэлж байсан.

Гомбожав бол өөртөө итгэлтэй хүн. Тэр өөрийнхөө зөвд бат итгэж, буруу гажуу гэсэн зүйлээ ил шууд хэлдэг байна. Ийм зан чанар олон ургальч үзэл уралдуулдаг парламентч хүнд тун хэрэгтэй ажээ. Түүний энэ байдал Ерөнхийлөгч П.Очирбаттай харилцахад тод харагддаг. Энэ хоёр зүтгэлтэн үйлийн эрхээр нэгэн жилд төрцгөөсөн. Бас улс төрийн тавцанд ойролцоо гарч ирцгээсэн. Иймээс тэд улс төрийн амьдралын чухал зааг үе шатууд дээр олонтаа учирч байж.

Хуучин Улс төрийн товчоо огцорсны дараа 1990 оны хаврын Ардын Их Хурлын чуулган дээр П.Очирбатыг Их Хурлын даргад дэвшүүлэх саналыг Ж.Гомбожав гаргасан байна. Энэ цагаас хойш П.Очирбат төрийн толгойд суусаар байгаа билээ. Мөн оны намар П.Очирбатыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдоход хурал даргалж байсан Гомбожав түүнд Төрийн тамга гардуулан өгч их ёслолыг гүйцэтгүүлсэн байна. Эдгээр учрал тохиолдлууд тэр хоёрыг салшгүй анд нөхөд болгомоор. Гэтэл цаашдын үйл явдал бидний санасан замаар өрнөсөнгүй, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Гомбожав Очирбатыг Ерөнхийлөгчид тохирохоор хүн биш гэж мэдэгджээ. 1995 онд болсон Сахилга батын улсын зөвлөгөөн дээр Ерөнхийлөгчийг Гомбожав нэлээд хурц шүүмжилсэн. Үүнд нь хариу болгож П.Очирбат нэгэн ярилцлагадаа “Гомбожавын хувийн хүсэлтийг би анзаараагүйгээс намайг ингэж шүүмжлэх болсон юм” гэж хэлсэн удаатай.

Улсын Их Хурал Засгийн газартайгаа хатуу чанд, шийдмэг харилцаж байх учиртай гэж Гомбожав үздэг.  Энэ үзлээ ч тэрбээр өөрийн биеэр харуулахыг зорьдог. Ерөнхий сайд П.Жасрай, түүний танхим шуурхай, зоримог ажиллахгүй байна. Улсын Их Хурлаас өгсөн үүрэг даалгаварт хойрго, хөшүүн ханддаг гэж Гомбожав удаа дараалан шүүмжилж байсан. Гомбожавын ийм саналыг М.Далайхүү, А.Базархүү, Ж.Дэлгэрцэцэг зэрэг нөлөө бүхий гишүүд, Байнгын хорооны дарга нар хуваалцаж, дэмждэг юм.

Ингэж шүүмжлэх нь, хатуу чанд шаардлага тавих нь улсын эрх ашигт нийцсэн зүйл төдийгүй манай өнөөдрийн төрийн тогтолцооны зарчим гэж   Гомбожав үздэг. Төр засгийн толгойд байгаа эл хоёр гол хүнтэйгээ ингэж үзэлцдэг нь манай хүнийг чөлөөтэй, зоримог гэдгийг баталж байгаа хэрэг.  Нөгөө талаар улсын эрх ашгийг чухалчилдгийн илрэл биз. Гомбожавын дээрх шүүмжлэлт харилцааны цаад учрыг  хамгийн явцуу хүрээнд хайж болох юм. Тухайлбал, тэрбээр хэтэрхий бүдүүн зүрх гаргаж, ирээдүйн улс төрийн орон зайд шахагдахаа тооцохгүй, алдаа гаргаад байж болно. Үгүй бол ерөөс цаашдын улс төрийн өрсөлдөгч нараа одооноос илчилж, тэдний хүчийг сулруулах улс төрийн  ерийн тооцоо хийж байж болох юм. Гомбожав бол аль нэг намаас Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхэд өгөө аваатай үзэлцэхээр улстөрч, лидер билээ. Энд нэгэн зүйл тэмдэглэхэд Гомбожав Жасрайг хүний нь хувьд хүндэлдэг. “Түүний оюун ухаан, мэдлэг чадвар, ажил хэрэгч байдал хүндлүүлэхэд хүргэдэг юм” гэж хэлж байсан. 

Гомбожав албан тушаалын эрхээр парламентын дипломат үйл ажиллагаанд ихээхэн оролцдог. Энэ нь түүний нэг цоо шинэ талыг нээн харуулах болжээ. Тэрбээр гадаадын харилцагч нарынхаа анхаарлыг татаж таатай, зөв сэтгэгдэл төрүүлдэг байна. Түүний ханхар өндөр бие бялдар, улбар өнгөтэй тэгш зүс царай, гүндүүгүй зөөлөн инээмсэглэл өөрийн нь өмнө хэн зогсож байгааг харилцагч талд амархан таниулдаг байна. Гомбожавын энэ зохицолтой аятайхан гадаад төрх Монголын талаарх анхны сэтгэгдлийг гадаадын хүнд тээн хүргэдэг ажээ. Манай хүн гадаадынхантай харилцахдаа элдэв нарийн ширийн зүйл шалгааж, довтолж сонирхсон байдал үзүүлдэггүй, хамгийн найрсаг түвшинд санал солилцдог ажээ. Ийм түвшингийн харилцаанд тэрбээр хүлээцтэй байх зарчмыг барьдаг бөгөөд асууж сонирхох бололцоог нөгөө талдаа байнга олгодог. Гомбожав бол яриандаа хөнгөн хошигнол ихээхэн хэрэглэдэг, өөрөө түүнийг соргог мэдэрдэг хүн. Зан байдлын энэ тал ч гадаадынхантай харилцахад найрсаг дотно болгож, хялбаршуулдаг байна.

Хошигнол бол түүний төрөлх зан бололтой. Гэргий Д.Ханд нь “Манай Гомбожав залуугийн марзан юм байсан. Дандаа л алиалж марзаганаж явна” гэж хэлж билээ. Аймаг удирдаж байхад нь хамт ажиллаж байсан хүмүүс ч Гомбожавын хошин егөөтэй яриаг сайн мэддэг байж. Тэрбээр хэн нэгнийг улалзтал загнаж, сүр бадруулдаггүй, харин гашуун егөө үгээр хөөрхөн дөнгөдөг байж. Хүнтэй харилцдаг энэ арга хурцдаж болох эвгүй байдлыг урьдаас зөөлрүүлдэг байна. Нөгөө талаар үүрэг даалгавар биелүүлээгүй юм уу, дутагдал доголдол гаргасан хүнд даацтай сануулга, сургамж үлдээдэг ажээ.

Гомбожав бол амьдарлынхаа туршид зөвхөн засаг захиргааны ажил хийж яваа хүн. Түүний нэг онцлог энэ юм. Тэрбээр энэ чиглэлээр 31 жил улсад ажилласан.

Гомбожавыг маш уужуу тайван хүн гэж хүмүүс хэлдэг. Энэ талаар гэргий Ханд байнга нотлон ярьдаг. Гомбожавын ийм зан байдал улс төрийн уур амьсгал хурцадсан үед тодорхой харагддаг. Түүнийг огцруулах тэмцэл хоёр удаа явагдсан юм. Энэ үед огцруулах шаардлага тавьдаг моод дэлгэрээд байсан билээ. Эхнийх нь Төв аймагт ажиллаж байхад болжээ. “Гомбожав зайл” гэсэн лоозон барьсан залуучууд захиргааны үүдэнд хэвтжээ. Тэд олон хоносон байна. Тэднийг аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга нь өөгшүүлэн дэмжжээ. Байдал өдөр ирэх тусам ноцтой болсоор байж.

Гэвч Гомбожав ер юу ч болоогүй юм шиг тайван ажлаа хийсээр байсан гэж аймгийнхан одоо ч бахархалтай ярьдаг. “Би аль нэг танхайчуудын шаардлагаар огцрохгүй. Би хуулийн дагуу ажиллана” гэж Гомбожав хэлж байсан гэдэг. Нөгөө талаар энэ үймээнийг турхирч байсан Элдэв-Очиртой холбогдуулж “Би жаахан азтай, амны хишигтэй хүн байгаа юм. Үүнээс минь тийм амархан салгачих аавын хүү одоохондоо төрөөгүй байлтай. Би унаж туссан ч илүү дээд бололцоонд босоод л ирэх учиртай хүн” гэж хэлж байсан юм.

1993 оны хавар Ерөнхий сайд П.Жасрай, Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, дэд дарга Ж.Гомбожав нарыг огцруулах шаардлагыг хэдэн нам, хөдөлгөөн санаачилж тавьсан. Тэд дарга нарыг хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байв. Энэ үед Гомбожав “Би хээл хахууль авсан болж таарлаа. Энэ үнэнээ хэлэх ёстой. Төв аймгийн аль ч айлаар орсон, надад цайны сүү хийгээд өгдөг юм. Бас хоол цайгаар дайлж, идүүлж, уулгадаг. Энэ хээл хахууль бололтой” гэж тохуутай өнгөөр ярьж байсан.

Одоо Гомбожавыг сөрөг хүчнүүд оролдохоо байжээ. Харин түүнд хүндэтгэлтэй хандах болжээ. Түүнийг элдэв муу санаагүй, туйлын хэнэггүй, зөв сэтгэлтэй төрийн зүтгэлтэн гэж “Монголын залуучууд” сонинд олзуурхан тэмдэглэсэн байна. Энэ сонин төрийн удирдлага, Улсын Их Хурлын гишүүдийн талаар шүүмжлэлтэй зүйл голдуухан нийтэлдэг, сөрөг шинжтэй сонин билээ.

 Гомбожав ажил төрлийнхөө талаар гэр орныхондоо олон зүйл ярьдаггүй зантай хүн юм. Түүний талаар улс төрийн элдэв шуугиан дэгдэж, огцруулах шаардлага тавигдаж байсан тэр жилүүдэд ч Гомбожав гэр орондоо юу ч болоогүй юм шиг инээж хөхөрсөөр ирдэг байжээ. Ер нь тэрбээр албан ажлаасаа ямар ч ачаалал, ядаргаа авдаггүй бололтой. Энэ бол удирдах хүний чухал чанар биз ээ. Энэ талаас нь аваад үзсэн ч Гомбожав манай улс төрийн амьдралд өөрийн байр сууриа нэлээд удаан хадгалах хүн бололтой.

 

 

Ш.ЦЭРЭНПИЛ

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин, 1996.02.09

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top