Х.Мөнхбаяр: Наадам бол монголчуудын оршихуйн баталгаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

-Өнөөгийн Үндэсний их баяр наадмын хэлбэрийг П.Гэндэн үндэслэж, Х.Чойбалсан дэглэж, Ю.Цэдэнбал тогтоосон-

ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, судлаач Х.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүх (1911-2018 он)” сэдвээр судалгаа хийсэн залуу эрдэмтэн, Монгол наадмын түүхийг цогц шинжилсэн анхны судлаач юм.


-Монгол наадмыг дэлхийд ганцхан гэдэг. Түүгээрээ бид бахархдаг. Тэгж онцлох хэв шинж, онцлогийн тухай ярилцъя?

-Үүнийг ярихын тулд гурван зүйлийг ерөнхий тоймоор нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, улс орон, үндэстэн, угсаатан болгонд өөрийн гэсэн уламжлалт баяр цэнгэл бий. Монгол наадмыг энэ талаас нь авч үзвэл дэлхийд ганц биш. Хоёрдугаарт, барилддаг, уралддаг, харвадаг гэвэл бас ганцхан гэж хэлэмгүй санагдана. Монгол Улсаас гадна монгол үндэстэн, угсаатан оршин тогтнож буй газар бүхэнд, тухайлбал, Өмнөд Монгол, Дээд Монгол, хуучин Зүүн гарын хаант улсын нутагт, Буриад, Тува, Халимагт ямар нэгэн хэмжээгээр бөхөө барилдуулж, хурдан морио уралдуулж, харван наадаж байна. Гуравдугаарт, дэлхийн өнцөг булан бүрд тархан суусан монголчууд 1990-ээд оны сүүлчээс оршин буй газар газартаа наадсаар байгааг бодолцох ёстой.

-Тэгвэл, ямар онцгой зүйл манай наадмыг дэлхийд ганц болгодог юм бэ, гэж үү?

-Монгол наадамд Улсын баяр буюу Тусгаар тогтнолын баярын утга учир шингэсэн байдаг. Энэ бол монгол наадмын нэгэн багана нь. Нөгөө багана нь олон мянган жилийн түүхэн уламжлалтай үндэсний баяр цэнгэл наадам. Энэ их баяр ёслолууд хоорондоо эвлэн сүлэлдэж, дэлхийд хаана ч байхгүй, өөр ямар ч үндэстэн угсаатан бүтээгээгүй төрт ёсны, үндэсний уламжлалт өвийг бий болгосон. Тэр нь Монгол наадам, Монгол Улсын Үндэсний их баяр наадам юм. Өөрөөр хэлбэл, Тусгаар тогтнолын баяр, уламжлалт төрт ёсны баяр наадам нэгдэн нийлж, Үндэсний их баяр наадам болсон хэрэг. Төр, эрх зүйн түүхэн баримт нотолгоотой энэ гайхамшгаа бид бүхэн ялган харж чадахгүй байгаа юм. Бид байтугай төр, засаг нь ч таньж ойлгохгүй байх шиг байна.

Үндэсний их баяр наадам бол Монгол наадмын түүхэн хөгжлийн IV үе. Бид энэ үед амьдарч, Үндэсний их баяр наадмаа бүтээлцэж байна. Наадмын энэ түүхэн үе бол Монгол Улс 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхагласнаас өнөө  үеийг хамрана. 1911 оны тэр өдрөөс хойш монголчууд жил бүхэн Улсын баяраа ёслон тэмдэглэж, зэрэгцүүлээд Улсын наадмаа хийж ирсэн. Үндэсний их баяр наадам дотроо түүхэн хөгжлийн гурван үе шатыг туулан бүрэлдэн тогтсон. Эхний үед, 1911-1930 онд улсын баяр болон улсын наадмыг тусад нь тэмдэглэж байв. Дараа нь улсын баяр буюу тусгаар тогтнолын баяраа улсын наадамтай хамтруулан тэмдэглэх болсон. Тогтсон нэг өдөр буюу долоодугаар сарын 11-нд улсын баяраа тэмдэглэж, залгуулаад улсын наадмаа хийдэг байсан. Энэ үе бол 1931-1954 оныг дуустал үргэлжилсэн. Улсын баяр, наадам хоёрыг тусад нь тэмдэглэдэг байсан гэхээр цаг хугацааны хувьд өөр өөр үед зохиож байсан нь ойлгогдоно. Сүүлд нь өнөөдрийн бидний харж, мэдэрч байгаа хоёр хоногт наадмаа хийдэг хэлбэр бий болсон. Энэ үе 1955 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Улсын баяр, наадам хоёр хоорондоо сүлэлдэж, бусад байтугай, бид өөрсдөө ялгахын аргагүй онцгой соёл болж төлөвшсөн нь өнөөдрийн дэлхийд ганцхан наадмыг бий болгож байгаа юм. 1921 оноос одоогийн Улсын баяр наадам эхэлсэн гэдэг ойлголт хийсвэр болохыг, эргэлзээтэй гэдгийг үүнээс харж болно.

-Сүүлийн үед жуулчин татах нэг эвент нь наадам гэх болсон?

 -Гадаадынхан ирээд танай баяр онцгой содон. Үндэсний өвөрмөц онцлог нь сэргэсэн баяр байна гэлцдэг, тэгэх нь аргагүй. Улс орон болгонд тусгаар тогтнолын болон үндэсний их баяр бий. Гэхдээ, эдгээр баяр ёслолоо хамсруулан тэмдэглэдэггүй. Манайх бүгдийг нийлүүлж тэмдэглээд зогсохгүй төрт ёсны баяр наадам гэдгээрээ үндэснийхээ ялгарлыг харуулж чаддаг. Бид наадмаа Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд зарладаг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид 2230 жилийн өмнө Монгол гэдэг Их улсаа үндэслэсэн юм. Их Монгол Улсын 815, 816 жил гэдэг нь бид 800 гаруй жилийн өмнө Монгол Улсаа байгуулсан юм.

Дээр нь 1911 оныг нэмбэл, бид 1911 онд тусгаар тогтнож, Монгол гэдэг улсаа сэргээн мандуулсан юм, үүнийгээ 1921 онд баталгаажуулж, нийгмийн хувьсгал хийсэн гэж онцолж байгаа юм. Уг нь үүн дээр бид 1990 оныг ч гэсэн нэмэх ёстой. 1990 онд Монгол Улс бие даасан байдлаа зүй ёсоор олж авч, төр, улс орноо хэнээс ч асуухгүйгээр удирдан хөгжүүлэх эрх чөлөөтэй болж, нийгмийн бас нэг өөрчлөлтийг хийсэн. Үндсэндээ энэ таван он цаг бол Монгол Улс гэдэг 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр байгаа 3.5 сая хүний түүх, зам мөр юм. Үүнийгээ бид наадмаараа бахархан зарлаж байгаа юм шүү дээ.

Мөн үүгээрээ бид Монгол Улс хэзээнээс оршин байсныг,одоо байгааг, цаашид байх ёстойг даян дэлхийд зарлан тунхаглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа юм. Гол утга учир нь энэ. Мөн энэ хүрээндээ үндэсний түүх, соёлоо өвлөн уламжлуулж байгаа юм. Үүгээрээ дамжуулан бид ижилсэн нийлж нэг үндэстэн болж байгаа юм. Монгол наадам түүхэндээ монголчуудыг ижилсүүлж, эвлүүлэн нэгтгэх үүргийг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч тэр хэвээрээ байх ёстой. Гэхдээ яг энэ мөн чанарыг хадгалахын тулд баяр цэнгэлийнхээ гажуудлыг засах ёстой.

-Тухайлбал?

-Өв соёл, ёс жаягаа алдагдуулж байгаа явдал бол хуучин зүйлээ хаяж байгаа хэрэг биш тусгаар тогтнолоо үгүйсгэж байгаа юм. Олон зуун сая төгрөг, гадаад валют, орон байр, үнэтэй машин, бизнесийн ашиг хонжоо, улс төрийн явцуу эрх ашгийнхаа төлөө үгсэн хуйвалдаж, Монгол төрийн наадмын торгон ногоон дэвжээг бузарлан гутаагчдыг олон түмэн  харж, сонсож, ой  гутах боллоо. Хурдан морио булхайтай уралдуулж, маргаан дэгдээх явдал салахаа байлаа. Тэр хэрээр үндэсний их баяр наадам маань энэ төр, улсыг цаашид авч явах ирээдүй залуу үеэс холдож, Монгол Улсын тусгаар тогтнолыг аюултай байдал руу түлхэж байна. Огиудас хүргэм зүйлүүдийг хийж байгаа хүмүүс, цаана нь зохион байгуулж, санхүүжүүлж байгаа орон нутгийн шинжтэй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд үүнийг ойлгодоггүй. Том хэрэг том зүйлээс эхэлдэггүй. Нүдэнд үл үзэгдэх жижиг зүйл, эсвэл бидний анзаардаггүй чухал зүйлээс утасны учир хөвөрдөг. Утас нэгэнт хөвөрвөл нэхээс задраад алга болно. Бид тийм болох гээд байна. Иймд Монгол наадмын  гажуудлыг түргэн засах ёстой. Улс орны тусгаар тогтнолд учруулж байгаа аюул занал нь хэтийдэхээс өмнө таслан зогсоох хэрэгтэй байна.

-Монголчууд Хүннүгийн үеэс наадам хийж ирсэн, зарим нь түүнээс ч өмнө тэмдэглэж байсан гэлцдэг. Мөн 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон гэх нь бий?

-Монгол наадмын хөгжлийг тоймлон үзэхэд үндсэн дөрвөн үеийг туулжээ. Нэгдүгээрт, аж ахуйн баяр цэнгэл байсан үе. Бид монгол хүн гэж ярьдаг, түүгээрээ ялгардаг. Гэхдээ, монголчууд  хүн төрөлхтний нэг хэсэг учраас үйл бүхэн нь хүмүүний соёлын нийтлэг хөгжлөөс гажихгүй. Тэр утгаараа, монгол наадам хүн төрөлхтний баяр цэнгэлийн жам ёсонд захирагдах нь гарцаагүй. Хүн гэдэг төрөлтөн нийгэмшиж эхэлсэн үеэсээ үндсэн хоёр баяр цэнгэлийг хийж ирсэн. Уугуул гэж хэлж болох баярын нэг нь шинэ жил. Бүх ард түмний шинэ жилийн баяр хавар болдог байсан. Манайхаар Цагаан сар. Дорно зүгийнхэн Хаврын баяр гэдэг. Зарим газар Наурыз гэж нэрлэдэг. Өрнө дахинд мөн хаврын баяр хийдэг.

Монголчуудын сайн мэдэх, жил болгоны дөрөвдүгээр сарын 1-ний “Инээдмийн өдөр” бол эртний хаврын баярын нэг хэсэг. Хүнд хэцүү өвлийг даван туулж, амьд байгаагаа мэдэрч, бие биеэ шоглож хөгжиж байгаа баяр юм. Одоо бид халаалттай байшин, ханан пийшинтэй сууц, дулаан гэрт хоол хүнсний их нөөцийнхөө хүчээр өвлийг амар давж байна. Гэтэл хэдэн мянган жилийн өмнө ийм зүйл байгаагүй. Тиймээс хэцүү, хатууг давж, нэгэн жилийг тойрно гэдэг хамгийн том баяр байсан.

Үүнээс гадна бүтэн жилийг тойрон амьдрах хүнс тэжээлийн нөөцтэй болсны баяр буюу үр шим, ургацын баяр бол хүмүүн төрөлтний уугуул баярын нэг мөн. Ард түмэн бүхэн өөрсдийг нь тэжээн тэтгэдэг аж ахуйнхаа үр шимийг хураагаад байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, тахилга тайлга хийж, баярлан цэнгэж иржээ. Цагаан будааны баяр, Усан үзмийн баяр гээд тоочиж болно.

Нүүдэлчин малчдын хувьд малынхаа ашиг шимийг хамгийн их хүртэж байгаа зуны дэлгэр цагт олноороо цугларан, уул ус, газар дэлхийгээ тайгаад, баяр цэнгэл хийж байсан нь монгол наадмын анхдагч хэлбэр болсон юм. Овооны наадам бэлээхэн жишээ нь. Харин аж ахуйн агуулгатай байсан наадам цэнгэл нь төрт ёсны баяр цэнгэл болсон нь Их Монгол Улсаас өмнө нь юм. Төр наадмыг зохион байгуулдаг, наадмаар дамжуулж төрийн бодлого, засаглалаа хүлээн зөвшөөрүүлдэг, ард түмнээ нэгтгэдэг, баясгадаг зүйл Хүннүгийн үеэс эхэлсэн. Энэ тухай Хятадын түүхэн сурвалжуудад маш тодорхой бий. Археологийн дурсгалууд ч байдаг.

-“Долоон хошуу даншиг наадам”, Ардын засгийн наадам гэсэн нэршлүүд ямар учиртай вэ?

-Наадам шашны утга чанартай болсон үе 1700 оноос эхэлдэг. Энэ нь Даншиг наадмын түүхэн үе. Манайхан 1639 онд Өндөр гэгээнийг таван настайд Халхын шашны тэргүүн, гэгээнтнээр өргөмжлөх ёслолын үед анхны даншиг наадам болсон гэж ярьж, бичдэг. Түүнийг нь дагасан гадаад, дотоодын олон нэвтрүүлэг, кино гарсан. Энэ бүхэн, наадмын  түүхийг судлах явцад баримтаар үгүйсгэгдсэн. 1688 онд Галдан Бошигтыг Халх монгол руу довтлоход Манж руу зугтаж, тэнд 12 жил суусан Өндөр гэгээнийг 1700 онд эх нутаг Монгол газартаа ирэхэд нь анхны даншиг наадмыг хийсэн байна. Даншиг наадам 1912 он хүртэл хөгжөөд түүнээс хойш болоогүй.

1911 оны тусгаар тогтнолын баяраас хойш монгол наадмын хөгжлийн дөрөв дэх үе шат Үндэсний их баяр наадмын түүхэн үе эхэлсэн гэдгийг өмнө нь дурдсан. Ардын засгийн наадам бол энэ л үеийн нэг хэсэг. 1921 оны хувьсгалын ялалтын баяраар Нийслэл Хүрээнд наадам болоогүй, харин  одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт буй Цэрэг толгойг тэр жилийн долоодугаар сарын 11-нд монгол, оросууд хамтран тахиж, Ардын засгийн анхны наадмыг тэнд хийсэн байдаг. Харин, Богд хаант Монгол Улсын төв Засгийн газар төрийн эрх мэдлийг Ардын түр Засгийн газарт энхийн замаар шилжүүлснийг тэр өдөр зарлан тунхагласнаас хойш буюу  1911 оноос хойш  өвөл ёслон тэмдэглэж байсан тусгаар тогтнолын баярыг 1922 оноос зун цагийн тэрхүү өдөр рүү шилжүүлсэн. Долоодугаар сарын 11-ний Улсын баяр (Тусгаар тогтнолын баяр)-ын өдрийг 1955 оноос Ардын хувьсгалын баяр болгон хуульчилсан байдаг.

-Маршал Х.Чойбалсангийн наадам гэх үг ахмад буурлуудын дурсамжид олонтаа дурдагддаг.Яагаад тэгж онцолдог юм бэ?

-Х.Чойбалсан гэдэг хүн монгол наадмыг дэглэж бүтээсэн хүмүүсийн нэг. Гэхдээ, юуны өмнө 1932-1936 онд Монгол Улсын найм дахь Ерөнхий сайдаар ажилласан П.Гэндэнг дурдах ёстой. Түүний дараа Х.Чойбалсан яригдана. Хамгийн сүүлд наадмыг хоёр өдөрт багтаан тэмдэглэдэг болгосон хүн бол маршал Ю.Цэдэнбал. Энэ гурван хүн өнөөгийн монгол наадмын дүр төрхийг бүтээсэн, тэр хэрээрээ алдаа, оноог нь хуваалцах учиртай. Гурвуулаа төр тэргүүлж байсан. Өөр, өөрсдийн үнэлэмж, шийдвэрээр ард түмнээ залах, нөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн.

Яагаад Х.Чойбалсангийн наадмын тухай илүүтэй ярьдаг вэ гэвэл, наадмыг өмнөхөөс нь илүүтэй сүр төгөлдөр зохион байгуулж байсантай нь холбоотой. Түүнийгээ дэг болгож тогтоосон. 1936 онд Дотоод явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч болсон Х.Чойбалсан улс төрийн их хэлмэгдүүлэлтийг гардан хийж, ард түмнийг айлгачихсан байсан. Ингээд, айсан ард түмнийг тайвшруулах, итгэл үнэмшлийг нь олох, араасаа дагуулах шаардлага гарсан. Айдсаар засаглаж болох ч нөгөө талын том хүч нь баяр цэнгэл буюу баяр хөөр юм. Тийм учраас, 1938 оноос наадамд онц ач холбогдол өгч, маш их зардал гаргаж, өргөн хүрээтэй зохион байгуулж эхэлсэн. Тэр нь үзэл суртлын зорилготой байсан. Наадамд сонирхолтой хөтөлбөрүүд оруулж, түүндээ хэлмэгдүүлэлтийн ажиллагаагаа зөв үнэн гэж итгүүлэх үзэл суртлын ажлыг багтаасан. 1939 оны Халх голын дайн нэг талдаа түүнд зол болж, үнэхээр бидний дунд дайсан байсан байна шүү дээ. Тэгээд л Япон, Манж нар Монгол руу дайрсан гэхчлэн итгүүлсэн. Тэгээд наадмаа өргөн хүрээтэй хийсэн. Дээд зэргийн зохион байгуулалттай, хөрөнгө хүч хаяж хийж байсан учраас ард олны сэтгэлд гүн гүнзгий үлдсэн.

Тэр үед одоогийнх шиг телевиз, радио, нийгмийн сүлжээ байгаагүй. Зөвхөн нүдээр үзнэ, амнаас ам дамжуулж ярина. Энэ талыг Х.Чойбалсан өргөн хүрээнд ашиглаж, аймаг, сум болгоноос төлөөлөгч ирүүлж, Улсын наадмыг үзүүлж, ихээхэн зардал гарган сэтгэлийг нь ханатал үйлчилж, гарын бэлэг сэлт өгч буцааж байсан. Тэр хүмүүс  очоод Х.Чойбалсан хэмээх гайхамшигтай удирдагч байна гээд нутаг орондоо ярьж, амнаас ам дамжин тарж, түүнийг дагаад тэр хүний нэр нөлөө өсөн нэмэгдэж, алдаршиж байсан. Дэлхийн II дайны жилүүдэд төсвөө багасган наадмаа цомхон болгосон тал бий, гэхдээ л наадмаа таслаагүй. Харин ч, аймаг сумд Х.Чойбалсангийн дэгээр наадмаа хийдэг болсон. Ер нь бол өнөөгийн монгол наадмын хэлбэрийг П.Гэндэн эхлүүлж, Х.Чойбалсан хэлбэршүүлж, Ю.Цэдэнбал өнгийг нь тогтоосон. Эдүгээ хүртэл бид өөрчилж чадаагүй байна. Мэдээж агуулгын хувьд есөн хөлт цагаан тугаа залдаг болсон зэрэг шинэчилсэн зүйлүүд бий.

-Наадам бол монголчуудын үндэсний дархлаа. Иймд тэмдэглэхгүй өнжсөн түүх үгүй. Дайны жилүүдэд ч таслаагүй. Гэтэл цар тахлын эхний жил цахим хэлбэрт шилжүүлж “Кастын наадам” гэх шүүмжлэл гарсан. Өнгөрсөн жил  “NO NAADAM”,“YES NAADAM” гэх жагсаал болж, Засгийн газар наадмыг хойшлуулсан. Үүний сөрөг талыг та юу гэж үзэж байна?

-Нэгдүгээрт, наадмаа хийхгүй байж болдог юм байна гэсэн ойлголт бий болох вий. Хоёрдугаарт, наадам тасрахад хоёр зүйл нөлөөлсөн. Наадмыг хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан сүртэй хийх гэсэн Засгийн газар буруутай. Цар тахлын нөхцөлд наадмыг намын үзэл суртлын арга хэрэгсэл болгон ашиглахаар оролдсон нь маш том алдаа байсан. Төрийн наадам болохоос, намын наадам биш шүү дээ. Нөгөөтэйгүүр, наадам бол тусгаар тогтнолын баяр гэдгийг нийтээрээ мэдэхгүй байна. Үүгээрээ бид ижилсэн нэгдэж, оршин байх эрхээ олж авч байгаа гэдгийг мэдэхгүй учраас залуус “NO NAADAM” гэж гарч ирсэн байх. Гэхдээ тэнд ганц урсгал биш, янз бүрийн ашиг сонирхол, олон талын нөхцөл байдал нөлөөлсөн. Хэрэв тэр хүмүүс наадмын мөн чанарыг ойлгож байсан бол тийм зүйл болохгүй. Төр мөн үүнийг сэхээрч байсан бол хэзээ ч үзэл суртлын том давлагаа өрнүүлэхгүй байсан биз. Бас, тэр хүмүүсийг тийм зүйл хийхэд хүргэсэн том сөрөг зүйл бол наадам мөн чанараа алдаж, гажуудаж байгаатай холбоотой.

Зарим нь хэлдэг, наадмыг хэчнээн сарын өмнө зохиочихсон байдаг, хэн хэнтэй барилдаж, хэдийн даваанд хэнд унах вэ, хэдэн төгрөг өгөх вэ. Үнэтэй машин, хэдэн зуун саяын байрыг хэнээс гаргуулах вэ. Дараа нь тэр бөх нь хэнд ач хариулж, хэдийг төлөх вэ. Эсвэл улстөрчид юм уу, ашиг сонирхлын бүлгүүдэд яаж үйлчлэх вэ гэдгийг нь аль хэдийн тооцсон байдаг гэдэг оргүй үг биш. Хүмүүс тийм хуурамч жүжгээс залхаж, бухимдах боллоо. “NO NAADAM” жагсаал монгол наадмыг түйвээгч тэр этгээдүүдээс л болсон. Наадам байхгүй бол бид улсынхаа дархлаа, тусгаар байдлын онцлогоо юугаар илэрхийлэх вэ? Тийм зүйлгүй бид хэн болох вэ? Энэ дунд наадмаа хийнэ, хийхгүй гэж хөгшин залуугүй, дээр дооргүй ярьж байна гэдэг нь энэ зүйл, наадам биднийх, бидэнд хамааралтай, бидний үнэт зүйл гэдгийг илтгэж байгаа юм. Гэхдээ, Монголын  төр наадмаа завхруулаад байвал баяр наадам монгол үндэстнийг нэгтгэж чадахаа байчихыг үгүйсгэхгүй.

-Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг  хавсруулан тэмдэглэх гэж байна. Түүхэн үйл явдал, баяр наадмын утга бэлгэдлийг та юу гэж үзэж байна?

-Судлаачийн хувьд хэлэхэд, 100, 101-ийг хамсруулж байгаа нь монголчууд бид социалист үзэл суртлаасаа салаагүй байгааг илтгэж байна. Монгол Улс урагшлахын тулд “Бүх юм 1921 оноос эхтэй”, “Ардын хувьсгал агуу”, “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” зэрэг социалист оюун санааны үлдвэрээсээ салж, Монгол наадмаа үндэсний өв болгон эрхэмлэн хөгжүүлэх шаардлагатай болоод байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Насаа(202.55.188.110) 2022 оны 08 сарын 08

Үнэхээр л тийм юмдаа гэдгийг ул суурьтай маш сайн ойлгомжтойгоор тайлбарласан байна.

1  |  0
Чимэд(124.158.69.28) 2022 оны 08 сарын 08

Энэ Мөнхбаяр чинь дажгүй нөхөр үү. аан. ”Ванли” дуунд гардаг шиг онвчтой хэлсэн хэдэн үг гэдэг хүмүүсийг сэрдхийлгэдэг.Чухал санаа,судалсан олж мэдсэн шинэ зүйл хэлж байна шүү Улиг болсон хэдэн хөгшцүүлийн докторина өөрчлөгдөх маяг оруулаадхав. Сайн байна.Иргэд бид ном судар эрээд сураад явах боломжгүй,уншаад тайллыг нь ойлгох ч үгүй.Хэрэгтэй мэдээллээ эд эрдэмтдээс олж авдаг учир их бид хэд ихэд олзуурхав.Амжилт хүсье

1  |  0
Уншигч(66.181.183.222) 2022 оны 08 сарын 08

Танд баярлалаа, аргагүй л судласан хүн шиг ойлгомжтой тайлбарласан байна, эрдмийн ажилд тань амжилт хүсье.

1  |  0
Top