“Financial Times”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Москва Европоос нийлүүлж буй хийн ордуудаа Ази тивтэй холбохоор шамдаж байгаа энэ үед Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу чиглэсэн “Сибирийн хүч 2” хийн хоолойг барьж хоёр жилийн дотор барина гэж Монгол Улс хүлээж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайны улмаас хийн хоолой барих төлөвлөгөө бүрхэг байсан ч бүтээн байгуулалтын ажил урагштай явна гэж найдаж буй тухайгаа онцолжээ. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Европ дахь байгалийн хийн зах зээлээ алдаж буй Оросын хувьд “Сибирийн хүч 2” төсөл маш чухал болоод байна. Л.Оюун-Эрдэнэ “Энэ төслийн ТЭЗҮ нь дуусаж, барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж бид үзэж байна” хэмээсэн байна.
Мөн Ерөнхий сайд Рио Тинтогийн Монгол дахь Оюу Толгойн асар том төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа бөгөөд тус улс удахгүй болох бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэл ажилдаа ороод байгаа тухай ярьжээ. “Сибирийн хүч 2” нь Сибирийн ордуудын байгалийн хийг Хятадтай холбоно. Өргөн уудам нутагтай ч 3.3 сая гаруй хүн амтай Монгол Улс Хятад, Оросын хооронд оршдог. Өөрийн нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч 2” хоолойг тавих тухай санамж бичигт Орос, Монголын тал 2019 онд гарын үсэг зурсан. Л.Оюун-Эрдэнэ Газпром байгалийн хийгээ Ази руу чиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хийн хоолойн барилгын ажлыг түргэтгэхийг ОХУ төдийлөн яаравчлахгүй байна гэжээ.
“Сибирийн хүч 2” хоолойг 2600 км үргэлжилж, 2030 онд ашиглалтад орно гэж таамаглаж байсан ч Москвад эрчим хүч нийлүүлэх шинэ зах зээлийг хайж олох шаардлагатай байгаа тул салбарын удирдлагууд үүнийг урагшлуулах боломжтой гэж үзэж байна.
Дамжуулах хоолойн транзит тээврийн төлбөр нь цар тахлын улмаас хүнд байдалд орсон Монгол Улсын эдийн засагт тустай. Худалдааны гол түнш Хятад улс цар тахлыг хянах гэж оролдохдоо Монголын экспортын чиглэлийг байнга хаадаг. Монголын Ерөнхий сайд нүүрс, зэс зэрэг түүхий эдийг тээвэрлэхэд ашиглагдах төмөр зам шинээр бий болсноор Монгол Улсын эдийн засаг энэ онд бэхжинэ гэж найдаж байгаагаа хэллээ. Рио Тинто говь цөл дэх зэсийн асар том ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын хэдэн жилд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.
Оюу Толгойн уурхай нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд олон мянган иргэнийг өндөр цалинтай ажлын байраар хангадаг ч Рио Тинто болон Улаанбаатарын хооронд ширүүн маргаан үүсгэсэн зардлын хэт өсөлт нь далд уурхайн өргөтгөлийг удаашруулсан.
Өнгөрсөн долоо хоногт Риогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсан Л.Оюун-Эрдэнэ уурхай төлөвлөсөн хугацаандаа ажиллаж, ирэх оны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. “Энэ нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн идэвхтэй, үр ашигтай хамтран ажилладагийн тод жишээ болно гэдэгт би итгэж байна” гэж Ерөнхий сайд Риотой хийсэн хэлэлцээрийнхээ талаар дурджээ.
Монгол Улсын гадаад өрийн талаар Л.Оюун-Эрдэнээс асуухад Улаанбаатарт шийдвэрлэх асуудал олон байгааг хүлээн зөвшөөрсөн ч саяхан Японоос авсан иенээр төлөх бондын төлбөрийг төлөх хэлэлцээр ахиц дэвшилтэй байгааг онцолжээ. Тэрбээр “Түүхий эдийн үнэ сүүлийн үед буурсан нь түр зуурын цочрол гэж бид үзэж байна. Цаашид зэсийн хэрэглээ, олборлолт буурахгүй, өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна” гэв
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
2024 онд хийн хоолойн ажил эхлэх ч юм шиг дуусах ч юм шиг гарчгаар нь ойлгох уу, бас хийн хоолойн асуудалд Рио Тинто, гадаад өр 2 ямар холбоотойг ойлгосонгүй даваасамбуу бач.