“Thediplomat” сайт Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн Монголд оруулсан хувь нэмрийг онцолжээ.
Энэ жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Харин энэ үед Япон-Монголын харилцааг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан Ерөнхий сайд асан Абэ Шинзо амиа алдсан нь монголчуудын хувьд цочирдом үйл явдал болсон юм. Абэгийн засаг захиргаа 2012 оны сүүлчээр сонгуульд ялснаас хойш 2020 онд тэтгэвэрт гарах хүртэл Япон-Монголын харилцааг бэхжүүлэхэд тууштай ажиллаж, хүчин чармайлт гаргасаар ирсэн бөгөөд 2015 онд хоёр улс стратегийн түнш болсон.
Японы гадаад бодлогын үүднээс авч үзвэл Монголыг ойрын түнш болгох нь Токиод Хойд Солонгостой харилцах зэрэг бүс нутгийн асуудлыг зохицуулахад туслах байв. Түүнчлэн Монголын ардчилсан засаглал, нийгэм нь төр засаг, ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлсэн. Абэгийн засаглалын үед Япон дахь монгол оюутнууд, ажилчдын тоо асар нэмэгдсэн.
Абэгийн засаг захиргаа Япон, Монголын хоёр талын харилцааны стратегийн динамикийг тэнцвэржүүлж, харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлсэн. Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Абэгийн дурсгалд зориулан “Монгол Улс Зүүн хойд Азийн улс орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах тухай санаачилга гаргахад Абэ хамгийн түрүүнд бүрэн дэмжсэн. Мөн Долоогийн бүлгийн удирдагчдын дотроос Абэ Монголд гурван удаа ирсэн цорын ганц удирдагч байсан” гэв. Абэ 2013 онд Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад анхны төрийн айлчлал хийсэн.
Тухайн үед тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нартай уулзсан. Абэгийн 2013 оны айлчлалын үр дүнд Япон улс Монголын уул уурхайн салбарыг дэмжиж, Японы Комацу зэрэг компаниудаас уул уурхайн машин механизм худалдан авах зээлийн шугам байгуулж, эдийн засгийн хэд хэдэн чухал хэлэлцээр хийсэн.
2013 оны гуравдугаар сард Абэ Япон-Монголын эдийн засгийн түншлэлийг эрчимжүүлэх "Эрч" санаачилгыг дэвшүүлсэн. Харин 2015 онд Улаанбаатарт хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийх үеэрээ хоёр орны харилцаа холбоо, стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж буйн нотолгоо болгохыг зорьж байгаагаа онцолсон.
Абэ 2013, 2015 онд айлчилж, богино хугацаанд Монголд олон удаа айлчилсан Японы анхны Ерөнхий сайд юм.
Мөн Абэ нь Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга гэсэн гурван өөр Ерөнхийлөгчтэй уулзсан Японы анхны Ерөнхий сайд. Энэ нь Япон-Монголын дипломат харилцааг Засгийн газруудын дээд түвшинд тууштай, чин сэтгэлээсээ үнэлж байгааг харуулж буйн илрэл юм. Абэгийн Монгол Улсад хийсэн хоёр дахь удаагийн төрийн айлчлалын дараа Японы Өөрийгөө хамгаалах хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын “Хааны эрэлд” олон талт цэргийн сургалтад хамрагдаж эхэлсэн. Абэ засгийн эрх барьсан найман жилийн хугацаанд Японы олон улсын тавцан дахь оролцоо, нөлөөг эрчимжүүлэхийг зорьсон. Абэгийн засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэх замаар Японы олон улсын тавцан дахь статусыг мөн өсгөсөн.
Абэгийн засаг захиргаа Япон-Монголын харилцаанд үлдээсэн өв нь стратегийн түншлэлийн харилцааг бодит ажил болгож, Засгийн газар болон ард түмний харилцааг бэхжүүлсэн юм. Түүнийг амиа алдсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар Улаанбаатарт суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд зочилж, Абэд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талийгаач Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй “Энх тайвны төлөө идэвхтэй хувь нэмэр” гадаад бодлого нь бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлосны зэрэгцээ Монгол, Японы харилцааг улам бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлт нь ямагт үргэлжлэх болно гэдгийг онцоллоо. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Дамдины Цогтбаатар нар ЭСЯ-нд зочилж, Абэгийн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )