Наадмаар халуун байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Ус, цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос наадмын өдрүүдэд тэнгэр ямар байх талаар тодрууллаа.

-Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Бороо үргэлжлэн орох уу?

-Үргэлжлэн орсон бороо өнөөдрөөс зүүн зүг рүү нүүнэ. Гэвч баруун талаасаа дахин борооших төлөвтэй байна. Харин маргааш баруун болон төвийн нутгаар, нөгөөдөр баруун ба төвитйн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 11-нээс хойш агаарын температур дулаарна. Улаанбаатараар баримжаалан авч үзвэл 11-ний өдөр 22-27, 12, 13, 14-нд 25-30, говийн нутгаар наадмын үеэр 29-34 хэм хүрч халах урьдчилсан мэдээ гарсан.

-Наадмын өдрүүдэд бороо хур хэр орох бол?

-Үргэлжилсэн бороо орохгүй. Газар чийг ихтэй байна. 11-нээс эхлээд их халах учир үүл үүсэх магадлал өндөр байгаа. Сүүлийн 40 гаруй жилийн ажиглалтаас харахад нийслэлд, ялангуяа 11-нд бороо орж байсан тохиолдол 50, 12-нд 70 гаруй хувьд нь бороотой байсан. 11, 12-нд түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

-Ер нь энэ сард цаг агаар ямар байх вэ?

-Наадмаас хойш 4, 5 хоног нэлээд халах шинжтэй байна. Өнгөрсөн болон энэ сарын эхээр олон хоног үргэлжилсэн бороо орсон учир гол мөрөн ус ихтэй байгаа. Наадмаар олон хоногийн амралттай байгаа учраас хүмүүс наашаа цаашаа их явна. Тиймээс гол уснаас болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа аадар бороо орж үер буудаг учраас иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

-Хүмүүс халуун өдөр сэрүүцэх гэж голын эрэгт очдог. Ямар голууд үертэй байна вэ?

-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруунаас авсан голууд устай байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны төвшин олон жилийн дунджаас бага байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан өмнөх өдрийнхөөс огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэж магадгүй. Үүнээс гадна түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг. Иймээс хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн дагаж нутаглаж байгаа малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top