Нар хур тэгширсэн зун цаг шувтарч намрын ажил ундарсан өдрүүд айсуй. Малчид, тариаланчид энэ үед цаг агаарын төлөв байдлыг маш нарийн, гярхай ажиж, тооцоолол гаргаж суудаг билээ. Энэ зун хур бороо элбэг байсны улмаас хадлангийн гарц, үр тариа, төмс, ногооны болц удаашралтай байна. Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га-д тариалалт хийсэн.
Манай улс 112 сая га хадлангийн талбайтай бөгөөд 2021 оны байдлаар 1.7 мянган тонн хадлан бэлтгэн авсан байдаг. Энэ жил ч мөн төдий хэмжээний ургац авна. Хязгаар нь үл харагдах олон мянган га талбайд хөлс, хүчээ шингээн ургуулсан ургацаа авахад цаг агаарын нөхцөл байдал зайлшгүй чухал. Газар тариалан, мал аж ахуйн бүс нутгийн иргэдийн чих тавин сонсох мэдээлэл нь гарцаагүй цаг агаарын мэдээ юм.
Тийм учраас бид Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Э.Намуунбайгалаас 8-10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Наймдугаар сарын агаарын дундаж температур газар тариалангийн бүс нутагт 8-12 градус дулаан байна. Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх буюу олон хоногоор хэт халалт үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орох нөхцөл бүрдэж болзошгүй. Есдүгээр сард агаарын температур 4-8 градус дулаан байна. Аравдугаар сард агаарын температур 2-10 градус дулаан байх бөгөөд хур тунадас баруун аймгуудын баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 6-15 мм, бусад нутгаар 2-5 мм хур тунадас орно” гэлээ.
Д.САНЖААЖАВ: НАМАР БОРОО ОРОХООР ӨВСНИЙ СӨЛ УГААГДЧИХДАГ
Намрын налайсан нартай өдрүүдэд үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрий тасартал өвс хадаж, хамах машины дуу үргэлжилж, өвс тээж гэрийн зүг буцах хүмүүсийн бараа хаа сайгүй харагддаг сан. Ирэх өвөл, хаврыг өнтэй давах өвс тэжээлийн бэлтгэлээ сайн хийж, мал сүргээ мэнд онд оруулах нь малчин түмний хүсэл нь байдаг. Үндэсний статистикийн хорооноос энэ жил улсын хэмжээнд нийт 67.7 сая толгой мал тоологдсон хэмээн мэдээлсэн. 24 сая төл хүлээн авсан нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт аж.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 сая толгой мал бэлчээрлэж байгаа. Жил бүр малын тоо толгой өссөөр байна. Энэ хэрээр хадлангийн гарц, бэлчээрийн даац зэрэг асуудал тулгардаг. Мөн өвс, тэжээлээ эртнээс базаах гэсэн ажлууд ар араасаа цувардаг. Өдөр хоногуудыг алдахгүй юмсан гэсэн хүсэлтэй малчид цаг агаарыг шинжиж, хадлангийнхаа талбайг эргэж тойрсоор. Энэ жил зун оройтож, бороо их орж, нар бага үзсэн болохоор малчид ихээхэн санаа зовнилтой байгаа аж.
Архангай аймгийн Хайрхан сумын малчин Д.Санжаажав “Энэ жил манай аймагт зуншлага сайхан байсан. Хадлангийн гарц өмнөх жилүүдээ бодоход боломжийн. Малчид бид наадмын дараагаас л өвөлжилтийн бэлтгэлээ бодож эхэлдэг. Өнөө жил үргэлжилсэн бороо их орж байна. Энэ байдлаараа байгаад байвал хадлангаа хадахад л хэцүүхэн байх болов уу. Угаасаа намар бороо орох сайнгүй. Өвсний сөл угаагдчихдаг талтай. Гэхдээ баян хангай минь харж үзэх байхаа. Борооны чөлөөгөөр хадлангаа авахыг л хичээж байна” гэлээ.
Бүх нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч Дундговь аймагт зуншлага оройтож, малын тарга тэвээрэг төдийлөн сайн биш байгаа мэдээлэл байна. Тэгэхээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий сайдын даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гаргажээ. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг улсын хэмжээнд зудын эрсдэлийг гаргаж, дүгнэлт хийх аж.
Б.БААТАРЖАВ: ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ НАЙМДУГААР САРЫН 25-НААС ЖИГДЭРЧ ЭХЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Улсын хэмжээнд энэ жил 300.6 мянган га-д улаабуудай тариалсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт улаанбуудай тариалсан талбай 28.2 мянган буюу 8.5 хувиар буурсан байна. Гавьяат механикжуулагч Б.Баатаржав энэ онд нийт 520 га-д тариалалт хийжээ. Үүнээс улаан буудай 400 га, тосны ургамал 80 га, овьёос 40 га-д тариалсан байна. Тэрбээр “Үе үе бага зэргийн бороо орох нь хогийн ургамал ургуулах нэг нөхцөл болдог.
Тиймээс хогийн ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид (химийн бодис) цацдаг. 2019 онд хураалтын үед хур тунадас ихтэй байснаас тариа түрүүн дээрээ ургаж соёолох, болц гүйцээгүй ногоон тариа нэлээд хэмжээгээр хураагдсан. Хэрэв тэр тарианаас тарих үрээ хадгалсан бол лабораторийн соёололтыг сайн шалгаж тариалах шаардлагатай. Наймдугаар сард их хэмжээний бороо орж, сэрүүн байвал тариа налах, тарианы болцод сөргөөр нөлөөлж болно” гэсэн юм. Үр тарианы хураалт наймдугаар сарын 25-наас жигдэрч эхлэх төлөвтэй байна.
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД 10-15 МЯНГАН ОЮУТАН АЖИЛЛУУЛНА
Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжтой төмсийг энэ жил 9.1 мянган га-д тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 2.5 мянган га-аар буюу 21.6 хувиар буурчээ. Одоогийн байдлаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн байна. 2020 оны намар цас эрт орсны улмаас Төв аймгийн Жаргалант сум гэхэд л 500 га төмсийг хурааж амжилгүй цасанд даруулсан байдаг. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Нэгдүгээрт, цаг агаар, байгалийн гэнэтийн үзэгдэл, техникийн хүртээмжгүй байдал, хүний хүч бага байдгаас хамаарч гүйцэт хурааж амждаггүй байна. Эдгээрээс хүн хүчний бага байдал жил бүр тулгарч байдаг.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан байна. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэх аж. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Өвлийг өнтэй давахын тулд намрын их ажилдаа орох цаг ирлээ. Энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх хэрэгтэй. Учир нь бид энэ онд 67.7 сая мал тоолсон. Үүн дээр энэ хаврын 24 сая төл нэмэгдэнэ гэхээр хадлан, тэжээлийн хэмжээг хэдэн зуун мянган тонноор ахиулахаас өөр аргагүй. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд буй энэ цаг үед улаанбуудай, төмс, хүнсний ногоогоо алдагдалгүй хураах нь чухал.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )