Монголчууд 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгожээ

2022 оны 08 сарын 03

Монголд морь малын хөшөө 3440 байдаг. мөн нохойны 231, эвтэй дөрвөн амьтных 26, тарваганы 25 хөшөө бий гэнэ.

Төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартан, бөхчүүдийн хөшөөг тоолоход ч бэрх. Ингээд бодохоор миний эх орон хөшөөний л улс шиг санагдах. Мэдээж түүх дурсгалын өв соёл талаас нь аваад үзвэл зохих төвшинд хөшөө байхад гэмгүй. Харамсалтай нь монголчууд аливаа зүйлийн тунг нь хэтрүүлж, утга учрыг алдагдуулахдаа гаргууд улс.

Хэдэн жилийн өмнө  хийсэн нэгэн  судалгааны дүнгээс үзье.  “Эмнести Интернэшнл” байгууллагын гаргасан тооцоогоор манай улс сансрын пуужин тав, атомын цахилгаан станц хоёр болон 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон байсан гэнэ.

Хөшөөнд хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд ч өссөөр байна. Та бод л доо. Эдийн засаг хямралтай цар тахлын үеэр ч улсын төсвөөс 32 тэрбумаар Богд зонхов бурхны хөшөө барина хэмээн зүтгэдэг төрийн түшээдтэй л улс. Хэдхэн хоногийн өмнө, Сүхбаатар аймаг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бурхны хөшөө босгосон байх жишээтэй. Энэ мэтчилэн хөшөөнд хөрөнгө мөнгө харамладаггүй улс орон манайхаас өөр хэр олон байдаг бол. За тэр ч дүүрсэн хэрэг. Хамгийн хачирхалтай нь байгаа хөшөөгөө буулгах, нүүлгэн шилжүүлэх, нам засаг солигдох тоолонгоор өөрчлөх зэрэг үзэгдэл өндрөө авсан нь бүр ч хөөрхийлөлтэй. Хөгжилтэй гэхүү, хөгийн гэхүү хэдэн жишээ дурдъя.

Эрдэнэт хотод л гэхэд цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд явсан А.Амарын хөшөөг буулгахад зориулж, 80 сая төгрөг зарцуулсан байх. Бас нэг жишээ, Хилчин баатар С.Лхагвадоржийн хөшөө Булган аймгийн төв талбайд өнгөрсөн зууны дунд үеэс хойш “чимэг” болон нэлээд оныг элээжээ. Уг талбайг С.Лхагвадоржийн талбай хэмээн албан ёсоор нэрлэж байж. Гэтэл нэг л өдөр их "ухаантай хүн" С.Лхагвадоржийн талбайг анхдагчдын талбай болгоё, С.Лхагвадоржийн хөшөөг нүүлгэж оронд нь Цогт тайжийн хөшөө барих хэрэгтэй гэсэн “мэргэн” санааг гаргажээ.

Аймгийн ИТХ-ынхан ч уухайн тас дэмжиж, санал нэгтэйгээр албан ёсоор баталж өгчээ. Ингээд л бөөн хөрөнгө мөнгө зарж Цогт тайжийн хөшөө барих, анхдагчдын талбай байгуулах бүтээн байгуулалт өрнөжээ.

Хачирхалтай нь, Цогт тайжийн хөшөө барих гэтэл Цогт тайж нь ямархуу царай зүстэй хүн байсан юм, өндөр, нам, өргөн, бүдүүн нь хэр хэмжээтэй байсан юм бол гэдэг асуудал аяндаа урган гарч иржээ. Гэтэл тэр талаар мэддэг хүн нэг ч байсангүй, мөнөөх хэтэрхий мэргэн жараахай ч тэр талаар өчүүхэн төдий ойлголттой байсангүй. Арга ядахдаа хөшөө урлаач нь өдөржин Булганы төвөөр алхаж, Булганы залуучуудын нийтлэг царай төрхийг санаандаа тогтоож авч байгаад Цогт тайжийн хөшөөг урлан бүтээжээ. Энэ тухайгаа ч мань эр Цогт тайжийн хөшөөний нээлтэн дээр хэлсэн байдаг. Ингээд л Булганы төвд Цогт тайжийн хөшөө нэртэй Булганы залуучуудын нийтлэг царайг илтгэсэн хөшөө боссон хөгийн инээдэмт түүх хуудсаа нээжээ.

Харин Цогт тайжийн хөшөө барихтай холбогдуулан С.Лхагвадорж баатрын хөшөөг яах вэ гэдэг асуудал урган гарч иржээ. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж явсан дайчин эрийн хөшөөг нэг л өдөр хогийн цэг дээр аваачаад хаяна гэдэг нэгдүгээрт зохимжгүй, хоёрдугаарт олон нийтийн зүгээс хэл ам гарах нь мадаггүй тул эрхтэн дархтанууд нь хэсэгтээ толгойгоо гашилгаж байгаад Булганы Тэшиг суманд байх хилийн цэргийнхэнд өгч санаа нь амарчээ. Хэрвээ хилийн цэргүүд хилчин баатрынхаа хөшөөг тал татаж аваагүй бол С.Лхагвадорж баатрын хөшөө хогийн цэг дээр хаягдах нь гарцаагүй байсан аж.

Энэ бүхний үр дүнд юу болсон бэ хэмээвээс нэг морьтой Монголын хөшөө, нөгөө морьтой Монголын хөшөө болон солигдож л хоцорчээ. Ялгаа нь гэвэл хөөгдөж буулгагдсан хөшөө нь бодит эх дүртэй, шинээр баригддаг нь бодит бус санаан зоргоор зохиогдсон дүртэй хөшөө болж таарч байгаа юм. Хамгийн гол нь хөшөөг хөшөөгөөр солиод Булган аймагт хөгжил дэвшил бий болсон явдал л лав байхгүй. Цогт тайжийн хөшөөтэй болчихлоо гэж булганчууд омогшин, хийморь цог нь бадраад байгаа зүйл л лав байхгүй. Хий дэмий л баахан хөрөнгө мөнгө үрсэн явдал болсон билээ. Энэ мэтчилэн хөшөө нүүлгэх хөгийн явдал цаашаа эрчимтэй үргэлжилснийг нэхэн сануулъя.

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж, Лениний хөшөө байсан газар авчирсан явдлыг  мэдэх нэг нь санах л байх. Цагтаа бараг амьд бурхан гэж хүндэтгэдэг байсан Ленин багшийнхаа хөшөөг хогийн цэг дээр хаяж, харин оронд нь их зохиолчийн хөшөөг сүндэрлүүлэх нь тэр. Мэдээж Д.Нацагдоржийнхоо баримлыг хүндэлж дээдлэлгүй л яахав. Тэглээ гээд заавал нэгийг нь буулгаж, нөгөөг нь барих хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Угаасаа Д.Нацагдоржийн хөшөө байхгүй байсан бол яая гэхэв. Гэтэл түүний хөшөө байж л байсан. Тийм байтал ийм ажил хийсэн нь сонин шүү. Хамгийн гол нь үүнд 78 сая төгрөг зарцуулсан байх юм. Улсын төсвөөс үргүй зардал гаргаж байгаагийн тод жишээ энэ биш гэж үү. Нэг хүний хөшөөгөөр нөгөө хүний хөшөөг солилоо гээд нийслэлийн хөгжилд нэмэр болсон юм үзээд өгье гэсэн ч үнэхээр алга. Магадгүй зарим нэг нь ач холбогдлыг олон талаас нь тайлбарлаж мэдэх ч ард түмний амьдралд тэр нь падгүй шүү дээ. Хөөрхий хөшөөний нүүдэл суудал үүгээр дууссангүй.

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэснээс хойш Д.Сүхбаатарын хөшөөг ч нүүлгэх тухай өмнөх хотын удирдлагууд ярьж байв. Ийнхүү нийслэлийн удирдлагууд хөшөөтэй зарласан “дайн”-аа хүчтэй өрнүүлсэн түүх хөвөрсөөр. Хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухайгаа боловсон нэршилд оруулж “Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу” гэсэн сэтэр зүүлгэх нь бүр хөгийн.

Энэ баримт бичгийн хүрээнд, Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэж байсныг мартаагүй биз.

Түүнчлэн Бээжингийн гудамжийг тохижуулахад Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө саад болж байгаа тул түүний хөшөөг баруун тийш нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ. Гэх мэтчилэнгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ. Тиймээс Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 метр орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болж, тухай бүрт нь нүүлгэн шилжүүлсээр... Энэ мэтээр  өнгөрсөн жилүүдэд цөөнгүй хөшөөтэй нэлээн ширүүхэн “үзэлцэв”. Хөшөөний түүх үргэлжилсээр. Өмнөтгөл хэсэгт өгүүлсэн Богд зонхов, Бурхан багшийн хөшөөнөөс гадна Андлалын хөшөө гэх “алдарт” түүхийг хүмүүс андахгүй. Одоогоос таван жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон. Зогсоогоод зогсохгүй нураагаад дахин хэдэн тэрбумаар босгосон гашуун түүх бий. Тэрбум, тэрбумаар хөшөөнд хөрөнгө оруулдаг төрийн түшээд минь удахгүй намар болно. Улсын цэцэрлэг, сургууль чинь хүүхэд багачуудад хүртээмжтэй байж чадах уу гэдгийг бодоод нэг үзээрэй.

С.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top