Уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга ахалсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын урт, дунд хугацааны зорилт, арга хэмжээг НХБТГ, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг ИЦТХ-ээс танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дэвшилтэт технологи, аргачлал, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодлого, шийдвэр гаргахад шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн судлаачдын судалгаанд үндэслэх, харилцан мэдээлэл солилцох уулзалт хийв. Үүнд:
- Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад зөвхөн биологийн төрөл зүйлээр хязгаарлахгүйгээр экосистемийг цогцоор нь хамгаалах, шинжлэх ухааны байгууллагууд төрийн бодлого шийдвэр гаргахад зөвлөмжөөр хангах, шинжлэх ухааны байгууллагуудтай хийж буй уулзалтыг тогтмол болгох, хүрээлэнгүүдэд санхүүжилтийн өөр эх үүсвэрийг бий болгох;
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн менежментийг сайжруулж, төслийн нэгжийг холбогдох эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн байгуулах;
- Гадаргын ус хуримтлуулах боломжийг судлах, ус зүйн норм стандарт, сав газрын үзүүлэлтийг нэгтгэсэн зураглал хийх, голын үерээс хамгаалах далан байгуулах, ойн гидрогеологийн судалгаа хийх;
- Хөрсний бохирдлыг ургамлаар цэвэршүүлэх, ногоон ургамал тарималжуулах замаар бууруулах, лаг усгүйжүүлэх, үнэргүйжүүлэх биотехнологийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
- Нэн ховор, ховор ургамлыг тарималжуулах, замаг, мөөг доод ургамлыг хамгаалах, ургамлын генийн сан байгуулах, харь зүйл ургамал орж ирэхээс сэргийлэх;
- Шинжлэх ухааны байгууллагууд судалгаа, шинжилгээний ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ашиглагдахгүй байгаа лабораторийн тоног, төхөөрөмжийг шаардлагатай газарт нь шилжүүлэх;
- Жилд 40-50 мянган суулгац бэлдэж буй одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлж 100 мянга болгох, мод үржүүлэгт шинэ технологи нэвтрүүлэх бортоготой тарьцыг механикжуулах, биотехнологийн аргаар тарих;
- Байгаль хамгаалагчдыг давхар мэргэшүүлэх хээрийн судалгаа, шинжилгээний ажилд оролцуулах асуудлыг дэмжиж, ойн техникч, “тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж буй сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамруулах, ойн өвчин, хөнөөлт шавжийн тархалтын судалгаа хийх талаар сургалтад хамруулах, цаг уурын хөдөлгөөнт мэдээлэл дамжуулагч болгох;
- Ерөнхий боловсролын сургуулийн биологи, газар зүйн багш нарыг зуны улиралд судалгааны ажилд оролцуулах, байгаль орчны мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
Уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч, ШУА-ийн хүрээлэн, судалгааны төвийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, Их дээд сургуулийн төлөөлөл болон тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүд, салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )