Х.Баатар: Төр түмэндээ хийсэн гэм надад үгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

 ГЕГ-ын даргаар 2000-2005 онд ажиллаж явсан Х.Баатарын талаар мэдэхгүй хүн үгүй биз. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан Эрүүгийн хуулиар шийтгэгдэж,чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан тохиолдол манай ардчилсан нийгэмд ховор учраас ГЕГ-ын дарга Х.Баатарын талаарх харамсалтай түүхийг монголчууд анзаарахгүй өнгөрч чадаагүй. Гэхдээ түүний хоригдсон шалтгаан өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр. Учир нь зарим хүмүүс Х.Баатар хэлмэгдсэн, намынхаа өмнөөс золионд явсан,  гаалийн байгууллагаас олсон мөнгөө МАХН /МАН/-д л өгдөг байсан шүү дээ гэж ярьдаг. Хууль бусаар олсон мөнгөө намдаа тушаачихаад эцэст нь ялаа өөрөө л үүрлээ гэх мэтээр өмгөөлж, хамгаалах улс тун олон. Нөгөөтэйгүүр Х.Баатар шиг МАН-д үнэнч, чин сэтгэлээ зориулсан хүн ховор мэт. Юутай ч энэ бүх оньсого таавар шиг асуултын хариуг ГЕГ-ын дарга асан Хаатар, түүний ойр дотны хүмүүс л мэдэх биз. Сэтгүүлч миний хувьд ч Х.Баатар гуайтай уулзаж, ярилцахыг ихээхэн шохоорхдог байсныг нуух юун. Харин манай сонины саяхны дугаарт ГЕГ-ын дарга асан Х.Баатарын өнөөдрийн дүр төрх, амьдралын хэв маягийг харуулах зорилготой фото сурвалжлага гарсны дараа түүнтэй багахан хугацаанд ярилцах боломж олдсон билээ.

-Нэн түрүүнд танаас уучлалт хүсье. Учир нь бид зөвшөөрөлгүйгээр таны болон гэр бүлийн тань зургийг аваад нийтэд хүргэчихсэн. Сэтгүүлчдийн   саваагүй, хэрэгт дуртай зан гэх үү дээ?

-Уг нь уучилмааргүй байна. Гадны улс орнуудад хэвлэлийнхэн иймэрхүү

ажиллагаа явуулдаг л байх. Харин Монголын хувьд асуудал өөр. Хувийн нууц, хүний нэр төрд халдаж байгаа хэрэг юм шүү дээ. Миний хувийн амьдрал хүмүүст сонин биш. Тэгээд ч нийтийн байранд дөрвөн өрөө сууцанд амьдардаг хүнийг 330.000 ам.долларын байртай болгоод биччихсэн байсан. Манай гэрт хэн ч очоод үзсэн бүх зүйл ойлгомжтой. Тэнд гурван айл амьдардаг юм. Манай хөршөөр нэг урлагийн хүн, мөн бизнесийн хүн амьдардаг. Хоёрдугаарт, намайг тав, зургаан машинтай гэж бичсэн байна лээ. Надад тав, зургаан машин байхгүй. Зурган дээр байгаа цайвар ногоон машиныг л би өнгөрсөн намар авсан. Бас манай эхнэр хэдэн мянган долларын үнэтэй гар цүнх барьдаггүй. Тийм их мөнгө хаана байна вэ. Би баян тансаг амьдралтай ч хүн биш. Эгэл жирийн нэгэн. Хэлмэгдэж хэлмэгдчихээд арайхийж тайван амьдаръя гэж байтал ийм юм биччихээр хэнд ч хэцүү санагдана шүү дээ. Ер нь надаар оролдох нь хэнд хэрэгтэй юм бэ.

-Ойлгож байна аа. Харин та энэ байрандаа хэр удаан амьдарч байгаа юм бэ. Хэдэн төгрөгийн үнэтэй юм?

-Дөрөв, таван өрөө байрны л үнэтэй орон сууц. 50, 60 мянган доллар ч хүрэхгүй байх. Би өмнө нь Баянгол дүүрэгт амьдарч байлаа. Тухайн үед асуудал үүсээд, янз бүрийн юм болоод явахад “Энэ байрыг дэмий юм байна” гэдэг үүднээс зарчихсан юм.

-Аан, шүтлэг талаасаа сэжиглээд зарчихсан гэж үү?

-Тийм.

-Гэхдээ учиргүй ядруу зүдрүү амьдралтай биш гэдэг нь зурган дээрээс харагдсан?

-Өнөөдөр би сайн найз нөхдийн буянд жижиг сажиг зүйл хийгээд амьдарч байна. Сайн найз нөхөд надад зөндөө бий л дээ. Цаг хугацаа, амьдралын зовлон, жаргал дунд шалгарч үлддэг юм билээ. Тэднийхээ ойр зуурын ажилд туслах зэргээр өнөөдрийн амьдралаа болгож байна. Тэгэхгүй бол яаж амьдрах юм бэ. Надад үнэндээ халаасалсан мөнгө, ТҮЦ ч байхгүй шүү дээ. Би бусдын л адил амьдарч байсан

-Гэхдээ хүмүүс таныг их л мөнгө идэж уусан гэж боддог. Түүнээсээ болоод ял эдэлсэн гэж ярьдаг шүү дээ?

-Зарим хүмүүс тэгж ойлгодог шиг байгаа юм. Ний нуугүй хэлэхэд нотлогдсон юм байхгүй шүү дээ. Би бусдын л адил амьдарч байсан. Яах вэ дээ, төрийн буянд дөрөв, таван өрөө байртай болсон. Тэр маань өнөөдөр аминд орж байна. Мэдээж хүн байна даа, унах унаатай, бусадтай адил амьдрах гэж зүттэж яваагаа нуухгүй ээ. Бас сайн найз нөхдийнхөө буянаар хүүхдийнхээ сургуулийн төлбөр зэргийг болгоод л байна.

-Хүүхэд тань оюутан юм уу?

-Тийм ээ, оюутан.

-Бидэнд хамаагүй л дээ, тэгэхдээ уучлаарай таны машин хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ?

-Хуучин машин байгаа юм. 10-аад сая төгрөгийн үнэтэй "Nissan X trial"

-Та ихэвчлэн машинаа унахаас илүү алхдаг юм биш үү?

-Алхаж байсан нь дээр. Машин барих чинь хэцүү.

-Машин барьж чадахгүй гэж үү?

-Барина л даа. Төсөөрчихгүй юу. Олон жил бариагүй болохоор.

-Таны гэргий ЭМЯ-нд томоохон албан тушаал хашдаг юм билээ. Таны хашиж явсан Гаалийн Ерөнхий газрыг ч гэсэн хэр баргийн аавын хүү удирдахгүй. Тэгэхээр танай гэр бүлийг уг нь мундаг боловсролтой, элит гаралтай гэж хэлж болохоор юм байна?

-Ажил төрлийн хувьд бидэнтэй яриад байх юм байхгүй. Төрийн буянд гайгүй боловсрол эзэмшсэн.

-Та түрүүн ярилцлагын эхэнд хэлмэгдсэн талаараа ярьсан. Шоронд хоригдсон асуудлаа та хэлмэгдүүлэлт гэж үздэг юм байна, тийм үү?

-Тэр талаар би өнөөдөр дэлгэрэнгүй яримааргүй байна. Цаг нь болохоор ярина.

Гаалийн даргаар ажиллахад мөнгө идэх ямар ч боломжгүй

-Гэхдээ та энэ талаар яагаад одоо ярьж болохгүй гэж. Бүх зүйл болоод өнгөрчихсөн шүү дээ. Таныг хүмүүс гааль хэмээх том байгууллагаар дамжуулж мөнгийг хүүлж байсан, тэр мөнгөөрөө МАН /МАХН/-ыг санхүүжүүлсэн, гаальтай машин Х.Баатарын үед л гарч ирсэн гэж ярьдаг. Энэ бүхэнд та хариулт өгсөн нь дээр биш гэж үү. Уг нь танаас асуух зүйл мөн ч их байна даа?

-Намайг таньдаггүй, учрыг мэддэггүй хүмүүс тэгж  ойлгодог байж магадгүй. Харин мэддэг хүмүүс нь яг юу болсныг бүгдийг ойлгож байгаа. Намайг зөвөөр ойлгодог. Гэхдээ энэ тусдаа асуудал болохоор хоёулаа дараа тухтай ярилцъя.

Гаальтай машины тухайд тэр зүйл чинь угаасаа байсан. Харин үе үеийн дарга нар үүнтэй тэмцэж байж гайгүй болгосон.

-Гаальтай машин одоо ч бий юу?

-Хүн бүхэн л ярьдаг шүү дээ. Хятад, монголгүй гаальтай машин ажиллуулдаг. Мэдээж гаалийн дарга нар тэр машиныг ажиллуулахгүй. Гаалийн байцаагч ч үүнтэй холбоогүй. Муу л юм болвол гаалийн байцаагч гэж хэлж болохгүй. Бас бүх гаалийн байцаагч сайн биш. Хүн бүр адилгүй гэгчээр зарим нь сайн, зарим нь муу байж таараа.

Ер нь Гаалийн даргаар ажиллахад мөнгө идэх ямар ч боломжгүй. Үүнийг үе үеийн дарга нар хэлнэ. Нэг том дарга дээрээс нь тэг, ингэ гэж тушаагаад байх бололцоогүй шүү дээ.

-Тэгвэл яагаад таныг зарим нь тэгж хүлээж авсан юм бэ?

-Зарим нэгэн хүмүүс зориудын гүтгэлэг тарааснаас болж нийгэм буруугаар хүлээж авсан байх. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг зүйл болсон.

Яаж, хэрхэн хэлмэгдүүлснийг би чамд дараа ярьж өгье

-Тэгэхээр хэлмэгдүүлсэн болж таарч байна уу?

-Яаж хэрхэн хэлмэгдүүлснийг би чамд дараа ярьж өгье.

-Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Хүмүүс таны хоригдсон шалтгаан юу юм, гадны нөлөө байсан уу, төр өөрийн хүндээ үнэхээр төмөр нүүрээ харуулдаг юм байна уу, хэлмэгдүүлэлт одоо ч байсаар байгаа юу гэсэн асуултад л хариулт авахыг хүсч байгаа. Магадгүй зарим нь хэдэн тэрбумаар нь идчихээд гуравхан жил хоригдоод гараад ирж болдог юм байна гэж харж ч байгаа юм билүү?

-Мөнгө төгрөг идэж, уусан зүйл байхгүй. Төр түмэндээ хийсэн гэм надад үгүй. Байн байн надаар оролдоод, тайван байлгадаггүйг харин би ойлгодоггүй. Зарим нэг хүнд хэрэгтэй байдаг юм байлгүй дээ. Цаг нь болохоор би чамд угаасаа дэлгэрэнгүй ярьж өгнө. Гол нь одоо цаг үе нь болоогүй байна.

-Та ямар цагийг хүлээгээд байгаа юм бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг шүү дээ.

-Мэдээж таны насны хүн хоригдоход эрүүл мэндээс авахуулаад тун хэцүү байсан биз. Ядаж л таны намтарт хоригдож байсан гэдэг үг бичигдчихлээ шүү дээ?

-Сэтгэл зүй, эрүүл мэндээс эхлээд үнэхээр хүнд, хэцүү байсан. Тэр чинь хүсэх газар биш шүү дээ. Ярихад ч төвөгтэй асуудал. Дурсахад сайхан зүйл биш болохоор дараа нөгөө асуудлыг ярихдаа би хөндье.

-Таны эрүүл мэнд яг өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ?

-Гайгүй.

-Харин одоо нас хэд билээ?

-50 гарчихсан.

-Уг нь ид ажиллах нас байна шүү дээ. Ялангуяа удирдах ажил?

-Харин тийм.

-Тэгээд та хэзээ ажилтай болох гээд байна вэ?

-Мэдэхгүй, ажил өгөх байх гээд л хүлээж байна.

-Та ажилд орвол төрийн байгууллагыг сонгох уу?

-Би хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй хүн боловч бизнес хийж чадахгүй. Бизнес хийе гэсэн ч туршлага, дадлага, мөнгө нь алга. Ядахдаа 50 сая төгрөгтэй байж бизнес хийнэ биз дээ. Би дансандаа нэг ч төгрөггүй хүн болохоор  бизнес хийх вэ. Мөнгөтэй бол хийх бизнес байдаг л юм билээ.

-Танай гэр бүлийн амьдралыг ихэвчлэн хэн нь авч явна вэ?

-Манай хүн л голдуу авч явдаг. Би хажуугаар нь зүгээр суухгүй. Жаахан ч гэсэн нэмэр болно. Зүгээр суугаад байвал амьдрахгүй шүү дээ.

-Та уг нь ямар ч байгууллагыг чөлөөтэй удирдаад явах чадвартай хүн байх?

-Тэр ч уг нь тийм л дээ.

-Та хэдэн онд ГЕГ-ын даргаар ажиллаж байлаа?

-2000-2005 онд ажиллаж байсан.

-Хоригдсон нь?

-2005 оны сүүлээс 2008 он хүртэл.

-Тэгээд Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан биз дээ?

-Тэр талаар дурсмааргүй байна.

-Таныг хоригдох үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хэн хэн ажиллаж байлаа?

-Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан.

-Та одоо Н.Энхбаяр даргатай холбоотой байдаг уу?

-Холбоогүй.

-МАХН, МАН гээд л танай намынхан хувирч, хуваагдаад байна. Нэг хэсэг нь Н.Энхбаярыг, нөгөө хэсэг нь С.Батболдыг дагачихлаа. Харин та МАН-ыг сонгосон уу?

-Би Ардын намаа сонгож үлдсэн. Угаасаа л олонхоо дагана шүү дээ. МАХН энэ тэр гэсэн тоглоомонд оролцож болохгүй. Хүн нэг юмандаа л үнэнч байх хэрэгтэй.

-Таныхаар МАХН нэрээ МАН болгосон нь зөв үү?

-Боловсролтой хүмүүсийн хувьд ойлгож байгаа байх. Нийгэм өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Хувьсгалт гэдэг үгийг гаднаас нь харахад коммунист гэж харагдаад байдаг. Энэ утгаараа МАН болсон нь зөв. 100 хувь шударга төр гэж байхгүй.

-Харин өнөөдөр ч Монголын төрд хэлмэгдүүлэлт байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ер нь хэцүү л дээ. 100 хувь шударга төр гэж байхгүй. Зарим нь ч хөөрхий янз бүрийн хэлмэгдүүлэлтэд өртөж ч байх шиг байна. Гэхдээ хүмүүс ойлгодог юм билээ. Бүхэл бүтэн том асуудал болохоор энэ тухай би жичид нь ярина.

-Ингэхэд Б.Хурцын талаар та ямар бодолтой явдаг вэ. Б.Хурц таныг анх баривчилж байсан. Газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан гээд л тухайн үед бөөн сенсааци дэгдэж билээ?

-Тэр бүхэн худлаа мэдээлэл байсан. Ер нь бол Монгол Улс иргэдтэйгээ адил тэгш хандах хэрэгтэй гэж бодогддог. Гадаадад хүн хоригдчихлоо гээд л хөөцөлдөөд байх юм. Ганцхан хүний төлөө яваад байж болохгүй шүү дээ. Хурц ч байна уу, өөр хэн ч байсан. Б.Хурцад муудаа ингэж хэлж байгаа юм биш. Б.Хурцаас гадна олон хүн янз бүрийн шалтгаанаар хоригдсон байхад тэднийг ч гомдоолгүй ижил тэгш хандаж баймаар санагддаг.

-Б.Хурцыг та хэр мэдэх вэ?

-Б.Хурц гэдэг хүний талаар би сайн мэдэхгүй. Тухайн үед ажлаа л гүйцэтгэж явсан байлгүй дээ гэж боддог.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top