Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн учраас хоёр охиныхоо бэлтгэл базааж явахдаа дээрх үгийг сонслоо. Эргэн харвал 60 шахам насны хоёр хоорондоо тийн ярилцсаар цааш явж байна. Мэдээж өнөө хүү нь өмнө нь ч юмуу, ард нь явсан биз гэж бодно. Араас нь харвал өвгөн нь нэлээд бөхийх маяг орсон бол эмгэнийх нь хөл тааруу аж.
Тэр хоёрыг харж зогсоод ижийгээ учиргүй их саналаа. Ээж минь хэзээнээсээ өвчин ярьж байгаагүй ч одоо нас нь яваад өвдөгөөр нь хатгаад байдаг болчихсон жижигхээн эмгэн бий л дээ. Насны залууд ханиа алдаад ганцхан намайг л гэж яваа юм, хөөрхий. Ээж минь ч гэсэн “Хүүгээ л яаж ийгээд сургуульд сургана” хэмээн ил, далд ярьдаг байлаа. Аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн хуваарь авахад нэг их баярлаж билээ.
Гэвч маргаашнаас нь эхлээд л аймгийн Боловсролын төв, Засаг даргын тамгын газраар баахан бичиг баримт бүрдүүлэх их ажил нь эхэлсэн юм. Хагас өнчин гэсэн ангилалаар сургалтын зээлийн хөтөлбөрт хамруулах гэж үйлээ үзэж, өчнөөн амьтан царайчилсны хүчинд болгосон л юм даа, ээж минь. Их сургуульд орсноос ердөө хоёрхон сарын дараа “Хүүгээсээ хол байж чадахгүй нь” гээд нутгаа орхиод нийслэлд хүрээд ирсэн л хүн дээ.
Бараг л муу ээжтэйгээ хамжиж байж сургуулиа төгсөөд ажилд орсноос хойш “Завгүй” гэдэг үгээр өөрийгөө хаацайлсан нэгэн болж хувирсан ч юм уу даа, би. Ачийг нь хариулж чадаагүй л өдийг хүрчээ. Аав, ээжүүд үр хүүхдүүдийнхээ төлөө юуг ч бүтээж, хийж чаддаг билээ л. Тиймээс “Хүүгээ л яаж ийгээд сургана шүү, хоёулаа” хэмээн ярьсаар одсон хоёр ч гэсэн ёстой л яаж ийгээд сургаж л таарна даа. Хамгийн сайхан нь ижийг минь бодоход тэр хоёр ханиндаа, хүү нь намайг бодоход аавтай гэж бодоход ямар нэг зүйл гол зурна. Энэ бүх бодлыг “Аав аа” гэх охидын маань дуу сарниасан билээ. Нээрээ л яаж ийгээд охидоо сургана л шүү дээ.
Сэтгэгдэл ( 2 )
60 shaham nastai uvgun emgen 2 genuu,jar hureegui baij bugtiiguud yavj chadahgui gen uu .ingej yarihaa bolimoor yum
mongol tumen min huchtei bgarai amidral shan shu de buh zuil shan bolnoo