Хөвсгөл далай Монголын эдийн засагт цэнхэр зам татуулна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Монгол нутгийн хөх сувд Хөвсгөл далайн эрэгт энэ сарын 20-нд очлоо. Тэртээх эрэгт цайран үзэгдэх “Сүхбаатар” хөлөг онгоцыг саравчлан харж зогсох ногоон дээлтэй буурал ахыг харсан нөхөд нь нэгэн цагт дэргэдэх гацуур шигээ чилгэр залуу явсан юм хэмээн дурсамж хөврүүлцгээх. Дэргэд нь дөхөж очвол их залуудаа нэлээд гүн давхраатай байсан болов уу гэмээр, одоо бол түмэн үрчлээт аньсага доорх гал нь буурсан нүднээс нь нэгэн хоёрын зэрэг сувдан сондор тасарч хацрыг нь даган урсахыг ажиглаад үгээ цэнэлээ. Тэр л хөлөг онгоцон дээр залуу насаа өнгөрүүлж, гавьяаны амралтаа авсан буурал далайчин “Энэ цагийг ирнэ гэж их хүлээсэн юм. Нуурын ёроолоос “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргаж ирэхэд бид нулимсаа барьж дийлээгүй” хэмээгээд уртаар санаа алдаад эргээд алхчихав.

Дэлхийн зүрх, Монгол нутгийн хөх сувд Хөвсгөл далай ээжийн хэвлий дэх “хорт хавдар"-ыг эмчлэх асуудлыг төр анхааралдаа авч, 2020 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нуурыг авран хамгаалах санаачилгыг эхлүүлж, 117 тоот тогтоолыг батлан гаргасан байдаг. 2021 онд ард түмнийхээ үнэмлэхүй олонхийн сонголтоор Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд далайн гүнд 36 жил нойрссон “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргах эрсдэлтэй хэдий ч эх оронч даалгаврыг цэрэг арми, Онцгой байдлын алба хаагчдад өгснийг уншигчид санаж байгаа байх. Хамгийн гол нь монголчууд өөрсдийн хүчээр тус онгоцыг эрэг дээр гаргаж чадсан нь энэ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр улиралд гаргасан тогтоолдоо жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг усан замын тээврийн ажилчдын өдөр болгон албан ёсоор зарласан. Энэ дагуу өнгөрсөн бямба гарагт  Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний түүхт 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ой, Усан зам, далайн тээвэрчдийн өдрийг тус салбарынхан хамтатган тэмдэглэв.

Хөвсгөл нуурын хөвөөнөө 1910 онд анх Хаант Оросын худалдаачид “Монгол” хэмээх усан онгоцыг ашиглаж эхэлсэн түүхтэй. 40 тоннын даацтай, уурын хөдөлгүүрт тус усан онгоцыг Эрхүүгээс бараа татах, Монголоос авсан ноос, арьс шир, түүхий эдээ тээвэрлэх зорилгоор ашиглаж байв. Мөн энэ үеэс “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцуудыг усан замын тээвэрт өргөнөөр ашиглах болжээ. Тухайн үед усан замын энэхүү тээврээр бараа материал, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангаж байсан аж. Сүүлд  хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /1926, 1947 оны/ гэрээний дагуу Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ 1952 онд Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн юм. Ингэснээр тухайн оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдаж, ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол Улсын Үндэсний усан замын тээвэр бие даан хөгжиж иржээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан юм.

Их далай, ижий тэнгэрээ шүтэж, ажил, амьдралаа зохицуулж ирсэн энэ нутгийнханд далай ээж ямагт ивээлээ хайрлаж иржээ. Учир нь энэ хүртэлх он жилүүдийн хэлхээнд далай ээж нэг ч удаа  догширч, Хөх сувдын сав газар шилгээж ширүүлсэн нь үгүй. Далайчдын өдөр цаг агаарын мэдээнд “бороо орно” гэсэн атал бөртийх ч үүлгүй, хурсан олон баяраа тэмдэглэснээс үүнийг харж болохоор. Түүхт ойн нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцож үг хэлсэн юм. Тэрбээр зочид, төлөөлөгчдөд баярын мэнд дэвшүүлээд “Ойн баяр гэдэг дан ганц баярлахаас илүүтэй ажлаа дүгнэх, төлөвлөх, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхээ эргэн дурсах зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Тээврийн салбаруудаас усан зам ууган нь юм. Та бүхэн хүний нөөцийн хувьд цөөхүүлээ ч гэсэн, өнгөрсөн хугацаанд 41 сая.тонн ачаа тээвэрлэж, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 70 мянга орчим зорчигчийг тээвэрлэж байна. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлал хөгжихөд та бүхний оруулж буй хувь нэмэр маш өндөр юм. Энэ өдрийг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс, Зам, тээврийн хөгжлийн яам, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан  энэ үеэр “Бид цаашид Хөвсгөл нуураа хамгаалах, эко аялал жуулчлал, усан тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ханх боомтыг олон улсынх болгож, Мөрөн нисэх буудлыг 4С ангилалд оруулахаар тусгасан. Эдгээр ажил хийгдэхээр Ханх-Хатгал чиглэлд усан замаар ачаа болон зорчигч тээвэр хийх боломжтой болох юм” хэмээн тэмдэглэв.

Өдгөө манай улс дотоодын усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ далайд гарцгүй улсын хувьд их далайг хүн төрөлхтөн бүх нийтээр эзэмших эрхийг тунхагласан олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, далайд гарцтай болох, далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэж, НҮБ-ын далайн эрх зүйн тухай 1982 оны конвенц болон далайн салбарын 30 гаруй конвенц, тэдгээрийн протоколд нэгдэн орж, далайн тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Улмаар хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос хойш тасралтгүй эрхлэн явуулж иржээ.

Өдгөө Монгол Улс БНХАУ-ын нэр бүхий долоон боомт, ОХУ-ын зургаан боомт, БНАСАУ-ын зургаан боомт, БНСУ-ын хоёр боомттой далайд гарцтай болох асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн бусад улс орны зах зээлд нийлүүлэх боломжтой болоод байна. Боомтын сэргэлт, улс орны  хөгжлийн гарц шийдлийг ярьж буй энэ үед Монголын эдийн засагт цэнхэр зам татуулах  салбар нь усан замын тээвэр, их далайн эзэд болохыг дээрх үйл явдлаар ийнхүү баталлаа.


 

Л.Халтар: Хөвсгөлийн Ханх-Монд олон улсын боомт болох бололцоотой

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас цөөн асуултад товч хариулт авсныг  хүргэе.  

-Усан замын тээврийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад 1910 онд буюу одоогоос 112 жилийн өмнө Хөвсгөл далайд анхны хөлөг онгоц хөвж эхэлсэн. Үүгээр Монгол Улсад усан замын тээвэр хөгжих эхлэл тавигдсан байдаг. Цаг хугацааны хувьд энэ нь хаант Оросын үе. Монгол Улстай  худалдаа арилжааг нэмэгдүүлэхэд анхаарч, мөн Монгол Улсад өргөн хэрэглээний бараа нийлүүлэх замаар малын гаралтай түүхий эд, ноос ноолуур, мах худалдаж авахад Оросын талаас бодлого барьж байсан. Энэ хүрээнд Хөвсгөл-Ханхын чиглэлд усан тээвэр явж байгаад 1952 онд ЗХУ-ын Засгийн газар шийдвэр гаргаж, Хөвсгөл далайд хөвж байгаа усан онгоц,түүний чиргүүлүүд, усан зогсоол, ашиглагдаж байсан бүх техник, төхөөрөмжүүдийг үнэ төлбөргүй манай улсад шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш 70 жил өнгөрч, манай улс  Усан замын захиргаа байгуулж, өөрийн хөлөг онгоцтой болж, усан замын тээвэртэй болсон. Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газраас жил болгоны наймдугаар сарын 20-ны өдрийг усан замын тээвэрчид, далайчдын өдөр болгон тэмдэглэх тухай шийдвэр гаргасан нь түүхт ойтой давхцаж байна. Өнөөдөр далайчид, усан замын тээвэрчид, ахмадууд Хөвсгөл далайнхаа эрэг дээр далайчдынхаа өдрийг тэмдэглэж байна.

-Монгол Улсын хөгжил болоод эдийн засагт усан замын тээвэр ямар хувь нэмэр оруулж ирсэн бэ?

-Энэ хугацааны тоон статистик, үзүүлэлтүүдийг харахад усан замын тээвэр 41 орчим сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ бол өнгөрсөн 70 орчим жилд гүйцэтгэсэн ажлын үзүүлэлт юм. 1990-1991 он хүртэл хөлөг онгоц тасралтгүй явсан байдаг. Зах зээлийн шилжилтийн үеэс ачаа тээвэр нь багасч, зорчигч тээвэр нь түлхүү явах болсон. Ийм түүхтэй салбарын түүхт ойг бид тэмдэглэж байна.

-Манай улс далайд гарцгүй. Гэхдээ далайд гарцтай улс орнуудтай хиллэдэг. Үүгээр дамжуулан гадагшаа экспорт хийх боломжууд хэр байдаг вэ?

-Манай улс далайд гарцгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай улсын далбааг мандуулан их далайд хөвж яваа хөлөг онгоцны тоо 230-250-ын хооронд хэлбэлзэж байгаа. Цаашид бид хоёр зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт, дотоодын ачаа тээвэр, энэ нь зах зээлийнхээ шаардлагаар явчихна. Хөвсгөл нуур, Хөвсгөл аймгийг аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлж байгааг түшиглэж аялал жуулчлалын салбартаа усан замын тээвэр, ялангуяа зорчигч тээвэр хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Түрүүнд би хэлсэн, манай улс усан замаар 41 орчим сая тонн ачаа тээвэрлэсэн байна гэж. Манайхны гаргасан статистикаар жилдээ дотоод болон гадаадын аялал жуулчлалаар 70 орчим мянган хүнийг усан тээврээр зорчуулсан тоо гардаг. Энэ нь цаашид өснө. Иймд аялал жуучлалын чиглэлээр хөгжүүлье. Нэг голын эргээс нөгөө эрэг хүртэл завиар гардаг биш, бүхэл бүтэн нуураа тойрсон аялал жуулчлал, хөлөг онгоцоор аялуулах боломж бий.

Нөгөөтэйгүүр, манайхан хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-ын Алс Дорнодын боомтуудад байгаа их, дээд сургууль, Солонгос гэхчлэн цөөнгүй улс оронд залуучуудыг далайн чиглэлээр бэлдэж байна. Зарим нь энд ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа нь ч бий. Цаашид Монгол Улсын экспортын ачаа, улсынхаа далбаатай хөлөг онгоцоор явах том амбиц бидэнд байгаа юм. Манай далайн захиргаа БНСУ-ын талтай хамтарсан компани байгуулсан нь одоогоор зогсонги байдалтай байна. Зорилго нь тэнд хөлөг онгоцтой болох, Монгол-Солонгосын хооронд тээвэрлэлт хийж буй ачаа, магадгүй цааш манай улсаар дамжин гурав дахь орон руу гаргахад чиглэсэн. Гол нь санхүүгээс шалтгаалан түр гацсан. Цаашид эрчимжүүлэх бодлого барьж байна.

-Усан замын боомтын ирээдүйг тодорхойлбол?

-Ханх олон улсын боомт болох бололцоо бий. Боомтын сэргэлтийн хүрээнд хэд хэдэн нисэх онгоцны буудлыг цаашид олон улсын зэрэглэл бүхий нисэх буудал болгоно. Түүний нэгэнд Хөвсгөл аймаг багтсан.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.107.82) 2022 оны 08 сарын 26

Энэ тийм хэрэгтэй зам уу мэдэхгүй...

0  |  0
Төр(202.126.89.37) 2022 оны 08 сарын 25

За тэнэгтээд бай олон улсынх гэнэээ бүүр ямар улсууд байгаан?

0  |  0
Иргэн(192.82.74.173) 2022 оны 08 сарын 25

Дураараа донгосохоо сайд нар болих хэрэгтэй. Чадваргүй нөхөд үлгэр ярьдаг.

0  |  0
Top