Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын гишүүд УИХ-ын даргад өнөөдөр /2022.08.25/ өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн өнөөдөр (2022.08.25) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан наймдугаар сарын 15-нд болж, Засгийн газрын "давхар дээл"-тэй дөрвөн гишүүн байна гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргасан билээ.
Иймд УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж авлаа. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул зөвхөн нэг заалтыг өөрчлөх хуулийн төслийг Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барилаа.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шийдсэн тул уг заалтыг хүчингүй болгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )