Энэ жил Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90, манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 50 жилийн түүхт ой тохиож байна.
Тэмдэглэлт ойнуудад зориулсан цуврал маркны эхний хэсэг болох Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн маркийг “Монгол шуудан” компани гүйлгээнд гаргалаа.
Маркийг шуудангийн үйлчилгээний үнэт цаас болгон зарлах ёслол “Төв шуудан”-гийн дугуй танхимд болж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, “Монгол шуудан” компанийн удирдлагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нар оролцов.
Монгол Улсын Шадар сайд түүхт ойнуудад зориулан цуврал марк бүтээх санаачилга гарган, “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Маркийг тус компанийн Маркийн газрын зураач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Цэнгэл нар бүтээжээ.
Марк нь харилцаа, холбооны чухал хэрэгсэл болохын хувьд тухайн улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлохын зэрэгцээ олон орны марк сонирхогчдын цуглуулгад багтдаг үнэт цаас юм.
“Монгол шуудан” компани цаашид Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан цуврал марк гаргахаар төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )