Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2022.08.29) нэгдсэн хуралдаан 19 цаг 27 минутад гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонссон юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзсэнийг тодотгоод Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийджээ.
Шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзан сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо. Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн Байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримтлав гэдгийг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдсан юм.
Тэгвэл шинээр томилогдож буй сайд нар өнөөдөр 2022 оны 8-р сарын 30-ны 11:40 минутад тангараг өргөнө.
Сэтгэгдэл ( 0 )