Монголын эдийн засгийн онош нь тодорхой ч, эмчилгээ нь УЯЛДААГҮЙ байна

2022 оны 09 сарын 01

Өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд үнийн өсөлтийн эрчим  “тогтвортой” хадгалагдаж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж эхэлсэн Ч.Хүрэлбаатар сайд өчигдөр /2022.08.31/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийхдээ, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор өссөнийг тодотгоод, энэ нөхцөлд бодлогын хүүг нэмэх шаардлагатай гэв.

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэдэг нь  валютын орох, гарах урсгалын харьцааг харуулдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл  1.1  тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол сүүлийн статистикаар 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Энгийнээр хэлэхэд, гаднаас орж ирсэн нийт ам.доллароос 1.3 тэрбумаар илүү хэмжээний ам.долларыг буцаагаад гадагшаа  гаргасан, импортын худалдан авалт, үйлчилгээний хөлсөнд зарцуулсан  гэсэн үг.

Тэгэхээр Засгийн газрын зүгээс эдийн засагт үүссэн нөхцөл байдал, үнийн өсөлтөд нөлөөлж буй үндсэн асуудлууд буюу оношийг нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа ч, эмчлэх үүргийг нь  мөнгөний хатуу бодлогод илүү хамаатуулж  буй нь Ч.Хүрэлбаатар сайдын байр сууриас анзаарагдаж байна.

Төв банкны зүгээс “Төлбөрийн тэнцлийн алдагдал өссөнд экспортын гол түүхий эд нүүрсний биет хэмжээний бууралтаас гадна гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна, оны эхний 6 сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллароор өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллароор өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна” гэсэн тайлбарыг өгч буй юм.

Нэг ёсондоо Монгол Улс импортын хамаарал хэт өндөр учраас дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг эд эс бүртээ нэвчээн мэдэрч байна гэсэн үг л дээ.

Ингээд аваад үзэхээр манай экспортын үндсэн зах зээл БНХАУ-ын ковидоос хамаарсан нөхцөл байдал, улс орнуудын геополитикийн асуудал зэргээс хамаарсан эрсдэлүүд хадгалагдсаар байгаа нөхцөлд бид импортлогч орны хувьд инфляцын дарамтаас ангид байх боломж тун хэцүү юм. Ийм нөхцөлд сангийн бодлого, мөнгөний бодлогыг хэрхэн яаж уялдуулах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал байх болов уу.

Тов ёсоор Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 15-23-ны хооронд хуралдаж, шийдвэр гаргах ёстой. Сануулахад, Мөнгөний бодлогын хороо зургадугаар сарын хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Гуравдугаар сарын хурлаараа 2.5 хувиар буюу огцом нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргаж байсан.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляцын талаар энэ сарын эхээр байр сууриа илэрхийлэхдээ “Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар 2 дугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ. Хатуу бодлого  инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна.” гэсэн.

Тэгэхээр Төв банкны зүгээс хатуу бодлогын нөлөөлөл  энэ намраас хүчтэй гарч эхэлнэ гэж тооцож буй бол энэ сарын хурлаараа бодлогын хүүг дахин өсгөхгүйгээр харзнах уу гэсэн асуулт гарч ирнэ. Харин Засгийн хувьд эхэнд хэлсэнчлэн мөнгөний бодлогыг нэмж хатууруулах ёстой гэсэн байр суурьтай байх төлөвтэй.

Тодотгоход, Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна. Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч буй.

Эдийн засагч Д.Ган-Очирын мэдээллээс эшлэхэд “...Бодлогын хүүний өөрчлөлт нь иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглэх, хуримтлал хийх шийдвэрт, аж ахуйн  нэгжийн хөрөнгө оруулалтаа одоо хийх, хойшлуулах шийдвэрт, үндэсний мөнгөн тэмдэгт эсвэл гадаад валют эзэмших сонголтод шууд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, хүү өссөнөөр хэрэглээ, хөрөнгө оруулалт дээр тохируулга хийгдэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт буурах тул үнийн өсөлт буурах боломжтой. Түүнчлэн хүү өсөх байдлаар мөнгөний бодлого чангарах нь инфляц эргэн буурч, тогтворжих хүлээлтийг бий болгоход тусалдаг тул үнэ өснө гэсэн хүлээлттэй холбоотой бий болох нэмэлт эрэлтийг бууруулдаг. Зах зээлийн зарчим ёсоор бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид өртгийн өсөлт болон бусад шалтгаанаар үнээ өсгөх сонирхолтой байсан ч, нөгөө талд нь худалдан авах чадвар буюу эрэлт буурах үед хулалдан авалт буурах тул үнэ өсөхгүй, өсөлт нь бага байхад хүрнэ. Энэхүү бодлогын хүүний өсөлтийн нөлөөгөөр нийт эрэлт буурч, инфляц буурах механизмыг МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЭРЭЛТИЙН СУВАГ гэж нэрлэдэг” гэж буй юм.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас  тавдугаар сарын 4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж,  эрх баригчидтай, холбогдох төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн ОУВС-гийн ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүд Монголын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн дүгнэлтдээ  “Мөнгөний бодлогын байр суурийг одоогоор өөрчлөх шаардлагагүй” гэж дурдсан.

Тодруулбал, Инфляц гол төлөв Монголбанкны хяналтаас гадуур орших нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн, мөн Монголбанкны зүгээс шаардлагатай арга хэмжээг саяхан авсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт доогуур байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоохондоо нэмж өөрчлөх шаардлагагүй. Нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шийдвэр шууд хамаарна. Гэсэн хэдий ч инфляцын хүлээлт хяналтаас гарахаас сэргийлж Монголбанк байнгын ажиглалт шинжилгээ хийж байх хэрэгтэй. Монголбанк энэ зорилгынхоо хүрээнд 2020 оноос хойш засгийн газраас эдийн засгийг дэмжих үүднээс авч хэрэгжүүлсэн олон төрлийн арга хэмжээ болон тэтгэврийн доод хэмжээг огцом нэмсэн, удахгүй батлагдах цалин хөлсний доод хэмжээний өсөлтийн инфляцад үзүүлэх үр нөлөөг сайтар ажиглан шинжлэх хэрэгтэй. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажим нэмэгдэх үзэгдэл үүсвэл бодлогоо нэмж чангаруулах шаардлагатай болно. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон байгаа. Нийлүүлэлт нь хязгаарлагдсан эдийн засагт энэ мэт зорилтот бүлэгт чиглээгүй дэмжлэг нь зөвхөн инфляц, ханшийн дарамтыг өдөөж, улмаар мөнгөний хатуу бодлогын үр нөлөөг бууруулах учраас төсөвтэй адилтгах зардлыг нэн даруй зогсоох ёстой. Ингэснээр Монголбанкны үйл ажиллагааны хараат бус бие даасан байдал хангагдаж, ОУВС-гаас Монгол Улсад 2020 онд олгосон онцгой байдлын санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дөхөм болох учиртай” хэмээн зөвлөсөн юм.

Харин эдийн засагч Д.Ган-Очир ОУВС-гийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс илэрхийлсэн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар  өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Төсвийн алдагдлыг дорвитой бууруулах нь инфляцыг тогтоон барих мөнгөний бодлогын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд инфляцтай дан ганц мөнгөний бодлогоо тэмцэх нь эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй” гэсэнтэй санал нэгдэж байгаа хэдий ч “Мөнгөний бодлогын байр суурийг  одоогоор өөрчлөх хэрэггүй” гэдэг нь хэт өрөөсгөл дүгнэлт юм. Хамгийн гол нь сангийн бодлого чангарахгүй байсаар байгаа, цаашид ч дорвитой чангарахгүй бол яах вэ? гэдэг асуулт юм. Энэ тохиолдолд мөнгөний бодлогын нөлөө сулрах хэдий ч, нийлүүлэлтийн хязгаарлалт (төлбөрийн тэнцлийн өндөр дарамттай хамт) оршсоор байгаа эдийн засагт мөнгөний бодлого чангарах замаар инфляц болон төлбөрийн тэнцэл дэх үр дагаварыг арилгахад чиглэх ёстой. Энэ нь оновчтой бодлогын хослол биш боловч, сангийн бодлого ажлаа хийхгүй байна гээд мөнгөний бодлого ажил хаяж болохгүй л гэсэн үг. Магадгүй мөнгөний бодлого ажлаа илүү сайн хийх ёстой ч байж магадгүй. Мөнгөний бодлогын “юу ч битгий хий” гэсэн стратеги нь сангийн тэлэх бодлогоготой, төсвийн шинжтэй зардлууд үргэлжилсээр байгаа, инфляцын хоёр дахь үеийн нөлөө гарч эхэлж буй өнөөгийн нөхцөлд илүү өндөр инфляц, улмаар инфляцын хүлээлтийн хяналтаас гарахад ч хүргэх эрсдэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(103.26.194.133) 2022 оны 09 сарын 01

э:мчлэх мэдлэг нь алга. мэдлэггүй эмч яаж эмчилгээ хийхвэ дэ.

0  |  0
zochin(192.82.83.253) 2022 оны 09 сарын 01

suulde uhsne hne ner der emee chi geel yardagin chanag ayrigch .dajignala dapaldin bile. suns hii hoosn uhsen huni suns mongo nheed.

0  |  0
zochin(192.82.83.253) 2022 оны 09 сарын 01

suulde hachin yu bolohne mini nas bara dudjiag egch eej min sudlen changa yarigcahr yarial.ingejd ajiganh dmeis huu.hi suns hi usegdel geed arai shuu emee min suns boloogui.

0  |  0
zochin(192.82.83.253) 2022 оны 09 сарын 01

ter mini nas abrsan egch bolod ochihgui e sudlen bur land agaad mini egch ner der changa yarigchar yaij panaldaal.suudle nas barsan taligach egch min mongo nehel.bas suns yajina geel.

0  |  0
zocin(192.82.83.253) 2022 оны 09 сарын 01

te mini uhed egch ner der susn ged yaria chanag ayrigcah ajiluldagin.

0  |  0
Top