Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Хуралдаанаар банкуудын активын чанарын үнэлгээ (AQR)-ний үр дүн, эдийн засгийн төлөв байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн байна.
Ээлжит бус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.
Дашрамд дурдахад, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг сайжруулах, үнийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хатууруулах шаардлага бий болж байна гэсэн байр суурийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт илэрхийлсэн. Үнийн өсөлтийн эрчим хадгалагдаж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойг тэрбээр тодотгосон юм.
Ерөнхийдөө Засгийн газрын зүгээс эдийн засагт үүссэн нөхцөл байдал, үнийн өсөлтөд нөлөөлж буй үндсэн асуудлууд буюу оношийг нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа ч, эмчлэх үүргийг нь мөнгөний хатуу бодлогод илүү хамаатуулах хандлага давамгайлж байгааг өмнө нь тодотгон мэдээлсэн билээ.
Төв банкнаас өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн Мөнгөний бодлогын шийдвэрүүдийг сануулахад:
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын хурлаас төв банкнаас банкуудад олгодог урт хугацаат репо санхүүжилтийн хүүг ‘бодлогын хүү+0.5 хувь’ байхаар өсгөн тогтоосон. Долларжилтын эрсдэлээс, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан.
2022 оны 1 дүгээр сард ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын төлөвийг бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувиар дамжуулан үргэлжлүүлэн чангаруулсан. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх, төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх арга хэмжээг авсан.
2022 оны 3 болон 6 дугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан бодлогын хүүг харгалзан 2.5 болон 1 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан.
Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ, нэг удаагийн алхмаар 2.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж байгаа нь зах зээлд дохио өгөх болон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна. Мөнгөний бодлогын арга хэмжээний үр дүнгүүд тэр дороо биш тодорхой хугацааны дараа гардаг учир дунд хугацаанд инфляц хэвийн байдалд орж, зорилтот түвшинд тогтворжих боломжтой... Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар 2 дугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ. Хатуу бодлого инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна” гэсэн юм.
Тодотгоход, энэ оны Мөнгөний бодлогод инфляцын зорилтот түвшнийг 6+/-2 хувь байхаар тусгасан. Харин ҮСХ-наас гаргасан сүүлийн статистикаар инфляц улсын хэмжээнд 15.7 хувь, Улаанбаатар хотод 15.9 хувь буюу зорилтот түвшнээс хоёр дахин их байна.
Сэтгэгдэл ( 1 )
монголбанкныхныг бүгдийг ажлаас нь халж шинэчил. бүтэхгүй малууд шүүдээ