Драмын театр гэх эрхэм хүндтэй боловч давах даваа нь хэцүү тэр нэгэн айлын босгыг давах гэж амьдралынхаа 8 жилийг зарцуулж, их айлдаа 22 жилийг уйлж, дуулж, инээж, жаргаж үдсэн хэрнээ нэг л өглөө алтан тайзаа орхих болсон хатуу шийдвэр бол түүнийх. Драмын урлагт дуртай хүн бүр Гавьяат У.Уранчимэггүйгээр яана даа хэмээн халаглаж байв. Гэвч тэр дэлгэцийн урлагт эргэлт буцалтгүйгээр орж, дүр бүртээ өөрийгөө дахин шинээр нээж эхлэв.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг киноноос түүний эмэгтэйлэг сайхан төрх, эрх ялдам төрх, үрийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй эх хүний төрх, эгэл жирийн алслагдсан суманд хайрандаа шатан яваа ардын багшийн дүрийг харна. Харин нээлтээ хийгээд удаагүй байгаа “Ноён эмэгтэй” киноноос гавьяат У.Уранчимэг биш “ноён” Нарааг харна гэвэл танд юу төсөөлөгдөж байна. Хал үзэж, хашир суусан эр хүн шиг атлаа сэтгэлийнх нь мухарт эмэгтэй хүний хашгирмаар их зовлонг сөрж яваа түүний чанга төрхийг харсан, үзсэн үзэгчид л шүүрэн авч, шагшин магтаж байгаа харагдана лээ.
Гавьяат У.Уранчимэгийн тийм нэгэн сэтгэлд дотно атлаа хоосон хөндий дүр үзэгчдийг кино театрын танхимд “уяад” байна. Энэ бол одоогийн нийгэмд чимээгүйхэн яваа ч ардаа ачааны хүндийг нуруун дээрээ үүрч, зовлонгоо нууж, нулимсаа арчаад эр хүнээс ч дутахгүй амьдралаа авч яваа мянга мянган эмэгтэйчүүдийн өнөөгийн дүр зураг гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин та Ноён эмэгтэй киноны Нараагаас юу ч хүлээх хэрэггүй. Та түүнийг үзэн ядаж, хайрлаж, ойлгож бас ухаарч үзнэ. Тэр харцнаасаа авахуулаад бүх бие, эд эсээрээ жүжиглэж таны зүрхэнд хүрнэ гэдэг ганцхан л өгүүлбэр хангалттай биз ээ. Тэр хатуу чанга харагдах боловч энхрий төрхөө гээгээгүй яваа мянган мянган бүсгүйчүүдийн төлөөлөл болсон “Ноён эмэгтэй” аж.....
Сэтгэгдэл ( 3 )
Үзье дээ. Театруудаар одоо бга биздээ.
мундаг хүчирхэг
сайн жүжигчин, сайхан кино бна лэн. баяр хүргэж амжилт хүсье