Хүүхэд хэлд орохгүй байх эмгэг дэлхий дахинд тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ сэдвээр АНУ-ын иргэн, хэл ярианы мэргэжилтэн Дэнни Гиллтэй ярилцлаа. Монголчууд хэл засалч хэмээн ярьж, ингэж ойлгодог ч энэ төрлийн мэргэжилтэн манай улсад байдаггүй, төрөөс бодлогоор бэлтгэдэггүй. Хэлд орохгүй байгаа, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг хүүхдүүд их төлөв СУИС-ийн жүжигчний ангийн тайзны ярианы багш нараас тусламж, зөвлөгөө хүсдэг. Тэгвэл энэ нь тусдаа мэргэжил төдийгүй, дотроо олон төрөлтэй, тест, заах аргаас эхлээд бидний мэддэгээс огт өөр ажээ.
-Сайн байна уу, ноён Дэнни Гилл. Та Монголд анх удаагаа зочлон ирж байгаа гэсэн. Ямар зорилгоор ирэв?
-Баярлалаа, би Монголд хуримаа хийхээр ирсэн юм. Миний хайртай бүсгүй монгол эмэгтэй бий. Бид хуримаа хийгээд буцах гэж байна. Миний хувьд Монголд анх удаа ирлээ. Эрүүл агаар, хөдөө нутаг, цэнхэр тэнгэр гээд бүх зүйл нь таалагдлаа.
-Тантай адил хэл ярианы мэргэжилтэн манай улсад байдаггүй. Тийм болохоор хүүхэд хэлд орохгүй байх ямар шалтгаанууд байдгийг хэлж өгөөч?
-Ирээд буцах хүртэл богино хугацаанд хүүхдүүдийн хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварыг анзаарч ажигласан. Тэгээд Монголд хэл ярианы мэргэжилтэн хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Дэлхий дахинд хүүхэд хэлд орохгүй байх олон шалтгаан байдаг. Хамгийн эхнийх нь удамшлын шалтгаан байж болно. Хоёр дахь нь гэр бүлийн нөхцөл байдал, тухайн хүүхэд ямар нөхцөлд өсөж өндийж байгаа нь том шалтгааны нэг юм.
Жишээ нь, айлын ганц хүүхдэд олон боломж байдаг бол олон хүүхэдтэй айлын хүүхэд ярих нь тун цөөн. Гурав дахь том шалтгаан буюу дэлхий нийтийн санааг зовоож байгаа зүйл нь аутизм. Аутизм өмнө нь дэлхийн нэг сая хүүхэд дотор ганц тохиолдож байсан бол одоо АНУ-д 44 хүүхдийн дотор нэг тохиолдож байна. Энэ өвчнийг хэл ярианы бэрхшээл дагалддаг. Орчин үед хоол хүнсийг удаан хугацаанд хадгалахын тулд маш олон химийн бодисуудыг ашигладаг. Өмнө нь бид тийм зүйлүүдийг тэр болгон хэрэглэдэггүй. Их төлөв импортын урт шат дамжлага туулаагүй бүтээгдэхүүнийг шууд гар дээрээ авч хэрэглэдэг байсан. Одоо тухайн үйлдвэрээс өөр улс орнуудыг дамжиж байна. Тэр урт зам, удаан хугацаанд хоол, хүнсийг муутгахгүй байлгахын тулд ямар нэгэн байдлаар нэмэлт бодисууд орж байгаа. Энэ нь том шалтгаан болж байна гэж хүмүүс хэлдэг.
-Хүүхэд хэдэн настай байхдаа хэлд орох ёстой байдаг вэ?
-Дундаж хүүхэд нэг настай байхдаа нэг үгтэй өгүүлбэрүүдийг хэлж чаддаг болсон байх ёстой. Ээж, аав, байшин... гэх мэт. Мөн 25 үгийн сантай болсон байна. Хоёр настай хүүхэд хоёр үгтэй өгүүлбэрүүдийг хэлж чаддаг болох ёстой. Нийтдээ дор хаяж 50 үгийн сантай болсон байна. Гурван настай хүүхэд гурван үг бүхий өгүүлбэрүүдийг бүрэн хэлж чадахын зэрэгцээ 75 үгийн сантай байх ёстой. Энэ бол дундаж хүүхдийн хэмжээ юм.
-Хэл заслын тусламж, үйлчилгээг хэдэн наснаас эхэлж авбал илүү үр дүнтэй вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдээ хэл ярианы согогтой гэдгийг мэдэнгүүтээ мэргэжилтнүүдэд шууд хандах ёстой. АНУ-д одоо 0-3 насны хүүхдүүдэд тест явуулдаг болсон. Миний хувьд 0-3 насны хүүхдүүдтэй ажилладаг.
-Тийм багаас нь уу?
-Өмнө нь бид 0-3 насныхныг бага байна. Ямар нэгэн эмчилгээ хийхэд эрт байна гэдэг байсан. Одоо бол харин ч бид 0-3 наснаас хамруулж эхэлбэл, хүүхэд том болоход, хүүхдийн хөгжилд маш их үр дүнтэй болохыг мэдсэний үндсэнд энэ төрлийн эмчилгээг хийх болсон. Хүүхэд хэдхэн сартайгаасаа нүүр, гарын хөдөлгөөнөөр хүнтэй харилцах гэж үздэг. Эцэг, эхдээ өөрийгөө ойлгуулах гэж оролддог. Жаахан том болоод авиагаар харилцдаг. Га, гу, го гээд янз бүрийн авиа гаргаж байвал их сайн. Тэр бол хүүхэд өөрийгөө илэрхийлж байгаа гэсэн үг. Түүнээс цааш авиан дээр гийгүүлэгч үсгийг нэмж оруулж ирдэг. Дараа нь аав, ээж гэж хэлж чаддаг болно. Хүүхдийн хэл яриа ийм түвшнээр дээшээ явдаг.
-Хүүхдэд юу таалагдахгүй байна, юу сэтгэлийг нь түгшээж байна, ямар байгааг нь ойлгохыг залуу эцэг эхчүүд их хичээдэг. Дөнгөж төрсөн хүүхэд юу хүсэж байгааг хэрхэн ойлгох вэ?
-Эцэг, эхчүүдэд зөвлөхөд ерөнхийдөө хүүхдээ ямар дэвшил хийж байна вэ гэдгийг ажиглаж тэмдэглэж байх хэрэгтэй. Тэр бол эргээд хүүхдийнхээ талаар мэргэжилтнүүдэд хандахад маш сайн мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, онош тогтооход маш чухал. Түүнээс гадна дундаж нэг настай хүүхэд нэг үгтэй өгүүлбэр хэлдэг, 25 үгийн сантай байх ёстойг би түрүүнд хэлсэн. Тэр хэмжээнд хүүхэд чинь хүрч байна уу. Хүрэхгүй байгаа бол хүүхэд чинь ямар нэгэн байдлаар хэл ярианы бэрхшээлтэй байна гэсэн үг. Тиймээс манай хүүхэд ийм зүйлүүдийг хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ажигласан зүйлүүдээ өдөр сараар нь тэмдэглэл хөтлөх нь зүйтэй. Ялангуяа залуу эцэг, эхчүүд дөнгөж төрсөн хүүхдээ хоолыг нь өгөөд унтуулаад байж байдаг. Тэгсхийгээд ер нь бага түвшний анхаарал тавьчихад болчихно гэж боддог. Тэр маш буруу. Хүүхэд эцэг, эхтэйгээ холбогдох, өөрийгөө илэрхийлэхийн тулд маш олон янзын авиа гаргадаг.
-Тухайлбал?
-Жишээ нь, хүүхэд өлсөж байгаа бол нэг янзаар уйлна. Биед нь ямар нэгэн байдлаар тавгүй байвал, живхээ солимоор байгаа бол өөр авиа гаргаж уйлдаг. Тэгэхээр хүүхдээ уйлахад өлсөж байгаа юм байна, хоолыг нь өгье. Живхээ солих гэж байгаа юм байна гээд солиод өгөхөд түүнд тулгуурлаад хүүхэд, эцэг, эхийн хооронд бие биедээ итгэх итгэл тогтдог. Тэр итгэл дээр хүүхэд цааш хөгжих боломжууд бий болно. Хэрэв үл ойлголцол байгаад байвал хүүхэд цааш хөгжихөд хэцүү байдаг. Хамгийн гол нь хүүхдээ ойлгох хэрэгтэй. Хүүхэд чинь танд яг юу хэлэх гээд байна вэ, юу ойлгуулах гээд байна. Дохио зангаагаар, зургаар, гар хөл, нүүрний хөдөлгөөн гээд олон зүйлээр хүүхэдтэйгээ холбогдож, систем тогтоочихвол цааш итгэлцэл үүснэ. Итгэлцэл үүсгэж чадахгүй бол цааш ахиц гаргахад хэцүү болдог.
-Хүүхдийг багаас нь тогтвортой суулгаж сургах ямар аргууд байдаг вэ?
-Хүүхэд гурван настайгаас 3х2 буюу зургаан минут тогтвортой сууж чадах дадлыг олсон байх ёстой. Ингэж чадсан хүүхэд цааш сургуульд ороход багшийнхаа үгийг сонсоод тогтвортой сууж хичээлээ хийхэд ямар ч асуудал үүсэхгүй. Энэ үүднээс Америкт хүүхдийг гурван наснаас хэл ярианы сургалтад хамруулдаг болсон. Хэрэв энэ наснаас оройтвол хүүхэдтэй ажиллахад нэлээн тэвчээр хэрэгтэй болно.
-Сүүлийн үед эцэг, эх биш, ухаалаг утас, төхөөрөмж хүүхдийг хүмүүжүүлж байна гэх болжээ. Энэ талаар та юу хэлэх бол?
-Бага насны хүүхдийг гар утсаар тоглуулж, телевизор үзүүлэхийг хориглодог. Техник хэрэгслүүд нь маш их мэдээллийг хүүхдэд нэг дор өгөөд буцааж юу ч авдаггүй. Өөрөөр хэлбэл тэнд амьд харилцаа үүсдэггүй. Хүүхдээс юу ч асуухгүй. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, ярих зүйлийг технологийн зүйлүүд олгодоггүй. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Тиймээс 0-3 насны хүүхдэд эмчилгээ хийхэд ийм төрлийн зүйл ашигладаггүй. Түүний оронд биетэй зүйлүүдийг хүүхдийн гарт бариулж, харилцан ярилцаж, асуулт, хариулт хэлбэрээр сургалт явуулдаг. Хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгох эмчилгээнүүдийг хийдэг.
Эцэг эхчүүдэд ч гэсэн хүүхэддээ технологи ашигласан электроникийн зүйлүүдийг бүү үзүүлээсэй гэж хэлж зөвлөж байдаг. Хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгохгүйгээр бөөн мэдээллийг толгой руу нь хийгээд байдаг зүйлүүдээс аль болох татгалзах нь зүйтэй. Ийм зүйлүүд хүүхдийг яриулахгүй, өөрийгөө илэрхийлэх боломжийг хааж, хөгжих боломжийг нь хумиад байдаг.
-Нэг минут ч сууж чаддаггүй, тогтворгүй хүүхэд гэж бас бий. Тохирсон эмчилгээ гэж байна уу?
-Ийм хүүхдүүдэд тусгай эмчилгээ хийдэг. Эцэг эхтэй нь зөвлөлдөж, телевиз үзэх цагийг нь хасдаг. Долоо хоног бүр ямар ахиц гарч байгаад үнэлэлт дүгнэлт өгч хамтарч ажилладаг.
-Хүүхдэд хэл ярианы согог байгааг илрүүлэх наад захын шинж тэмдгүүд юу вэ?
-Хүнд тэврүүлэх дургүй, хүний нүд рүү эгцэлж хардаггүй хүүхдүүд тааралддаг. Нэг бол хүний нүд хараад зогсохгүй хүнийг нэвт харж, эсвэл толгойн баруун, зүүн тал руу хоосон орон зай руу хараад байх нь ч бий. Ийм шинж тэмдэг илэрч байгаа бол хүүхдээ эртхэн шиг шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Аутизмтай хүүхдүүдэд ийм шинж тэмдгүүд илэрдэг. Аутизм нь олон янз. Зарим нь бага, зарим нь их хэмжээгээр илэрнэ. Дотроо таван янзын чиглэлд хуваагдана. Түүний зөвхөн нэг нь л хэл яриа шүү дээ. Тэр болгоны аутизм нь хэр их байна гэдгийг оношилдог аргууд нь өөр.
-Зөнөх, ой санамжаа алдах өвчин мэр сэр байдаг. Үүнийг эмчлэх боломжтой юу?
-Ийм хүмүүст сургалт хийдэг. Ерөнхийдөө дэг журам тогтоох чиглэлээр сургалт хийнэ. Дэг журам буюу үйлдлийн дэс дарааллыг тогтоочихвол тухайн хүнд их амар. Тухайлбал, орж ирээд нэгдүгээрт, ийм зүйл хийдэг, хоёрдугаарт, нь тийм зүйл хийнэ гээд дарааллаараа хийгээд байна гэсэн үг. Гол нь ийм хүмүүстэй маш хүндэтгэлтэй харилцах ёстой. Учир нь эмзэг гомдомхой болчихдог.
-Тантай холбогдож, ядаж тест өгөх боломж монгол хүүхдүүдэд бий юу?
-Цахим хаягаар холбогдож хүүхдээ харуулж, оношлуулж болно. Хэрэв боломж олдвол ирэх жил Монголд ирэхдээ энэ чиглэлээр хүүхдүүдтэй уулзах, эсвэл мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх, сургалт хийх хүсэлтэй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Яаралтай холбогдох хэрэгтэй бна 99250736
Аутизм өмнө нь дэлхийн нэг сая хүүхэд дотор ганц тохиолдож байсан бол одоо АНУ-д 44 хүүхдийн дотор нэг тохиолдож байна. Энэ өвчнийг хэл ярианы бэрхшээл дагалддаг. Орчин үед хоол хүнсийг удаан хугацаанд хадгалахын тулд маш олон химийн бодисуудыг ашигладаг. Өмнө нь бид тийм зүйлүүдийг тэр болгон хэрэглэдэггүй. Их төлөв импортын урт шат дамжлага туулаагүй бүтээгдэхүүнийг шууд гар дээрээ авч хэрэглэдэг байсан. Одоо тухайн үйлдвэрээс өөр улс орнуудыг дамжиж байна. Тэр урт зам, удаан хугацаанд хоол, хүнсийг муутгахгүй байлгахын тулд ямар нэгэн байдлаар нэмэлт бодисууд орж байгаа. Энэ нь том шалтгаан
Амьд харьцааг монгол заах болохоос америк заахгүй байлгүй эднээр заалгавал хөгширсөн хойноо асрамжын газар ясаа тавих байлгүй
Удахгүй монголд онлайнаар үйлчилгээ эхлүүлнэ гэсэн хэрвээ яаралтай уулзахаар бол дамжуулаад хэлээд өгч болно.
Энэ хүмүүстэй яаж холбогдох вэ утас хаягийг нь тавиад өгвөл нийтэд хэрэгтэй юм болов уу \n