10 жилийн дараах "Рио Тинто"-гийн санал ба өнгөрснийг САНУУЛАХ НЬ 

2022 оны 09 сарын 05

 

Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд сүүлийн зургаан сарын хугацаанд үргэлжилж буй хувь эзэмшлийн өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

10 жилийн өмнө 51 хувийг нь худалдан авч байсан "Рио Тинто"  үлдсэн 49 хувийг гүйцээн  худалдаж авахаар    “Туркойз Хилл Ресурс”-д өнгөрсөн гуравдугаар сард санал тавьсан юм. 

Харин "Туркойз Хилл Ресурс”-ийн  ТУЗ-аас байгуулсан Тусгай хорооны гишүүд Риогийн саналыг өнгөрсөн дэмжээд буй юм.

Гэхдээ Тусгай хорооноос “Рио Тинто”-той тохиролцсон тохироо нь эцсийн шийдвэр биш.  Энэ оны дөрөвдүгээр улиралд  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон хуралдуулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь нь дэмжвэл, бүрэн баталгаажих юм.

Дашрамд, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эрх мэдлийн хуваарилалт хэрхэн явагдсаныг   тодотгоё.

Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон тухай мэдээлэл   2012 оны эхээр тодорхой болж байв.

Тодруулбал, Айвенхоу Майнз компани 15.1 сая ширхэг хувьцаагаа "Рио Тинто"-д худалдсан юм.

"Рио Тинто"   Оюутолгой төслийг удирдах нь тодорхой болсны араас буюу 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр "Засгийн газрын хуралдаанаар "Рио Тинто” компани нь "Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа гэх  мэдээлэл гарч байв.

Уг нь Оюутолгой төслийн хүрээн дэх  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд  "Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. 

Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Эдгээр нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хамаа замбараагүй шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогддоггүй талаар өмнө нь бичиж байв.

Тухайн үед Айвенхоу Майнз нь  Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч, хүртэх ашиг нь ихээхэн өндөр байх хэвээрээ гэж зарим эдийн засагчид хэлж байсан юм.

Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. "Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC), Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V. болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг.

Харин  Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан "Давхар татварын гэрээ”-ний зохицуулалтаар  Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломжтой гэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top