НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай" харилцан санамж бичгийн хүрээнд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 7 дахь удаагийн шалгалт авах талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26, 27, 28-ны өдөр эхлэх бөгөөд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр бүртгэх ажээ. Бүртгүүлэх маягтыг бүртгэх газраас олгох юм. Бүртгэлийн маягт дээр овог нэрээ англи хэлээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын хүний нөөц хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалзахыг сануулав. Бүртгүүлэхдээ гадаад паспорт, хэрэв гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэх аж. Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэлээр бичсэн бичилтийг хавсаргасан байх юм байна. 3,4х4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг гэхдээ сүүлийн 6 сарын дотор авахуулсан, фотошоп программ ашиглаагүй байх юм байна. Шалгалтын хураамж 30 мянган төгрөг бөгөөд хураамжийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхдээ авч ирэх юм. Энэ жил 1971-1993 онд төрөгсдийг БНСУ-д ажиллах хүчний бүртгэлд хамруулах гэнэ. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай хүмүүсийг бүртгэхгүй. Хэлний шалгалтыг Солонгосын тал авах бөгөөд шалгалтыг есдүгээр сарын 3,4-нйй өдөр авах юм байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цаг, газрыг бүртгүүлэгч тус бүрээр энэ оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлан мэдээлэх юм байна. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж, эхний 3000 шалгуулагчийг тэнцүүлэх юм байна. Хамгийн дээд оноо 200 аж. Солонгосын талаас энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга ирүүлжээ. НХХЯ-наас дараах зүйлийг анхаарууллаа. "Бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэж, өөрийгөө хохироохгүй байхыг хэлэв. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ. Элэгний "В, С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэтэй бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй гэнэ. Гадаадад ажиллах хүчин зуучлах ажлыг төрийн байгууллага хариуцаж байгаа учраас ямар нэгэн ашгийн бус үйл ажиллагаа явуулах аж. Солонгост ажиллах хүчний 85 хувь нь эр, 15 хувь нь эмэгтэйчүүд байх юм. Солонгосын 21 салбар үйлдвэрт 3000 хүн ажилд авах гэнэ. Цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл орчны талаар Солонгосын хөдөлмөрийн яамтай ярьж тохирсон бөгөөд БНСУ-ын цалингийн доод хэмжээ 900 ам.доллар байдаг. Манай гэрээгээр ажиллах ажилчид үүнээс доош цалин авахгүй хэмээн Халамж үйлчилгээний дэд дарга Ж.Эрдэнэбаатар, Хөдөлмөрийн төв биржийн дарга А.3ангад нар хэллээ. Одоогоор хөдөлмөрийн гэрээтэй 19730 иргэн байгаа бол хараар 10 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа юм. Нийт 30 мянга гаруй монгол иргэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр НХХЯ-наас Солонгост нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн Солонгост хөдөлмөр эрхэлж буй хүмүүс тухайн мэргэжлээрээ сургалтад хамарч сертификат авах боломжтой гэнэ. Нийт бүртгүүлэгчдэд хандан Солонгос хэлний мэдлэггүй бол бүртгүүлэх гэж цаг алдах хэрэггүйг анхаарууллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )