Хууль зүйн байнгын хороо хуралдаж чадлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

УИХ-ын Хууль зуйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Ойрд УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулиас болж завсарлага авч гацаа үүсч байнгын хороо болон нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй хоёр долоо хоног болсон юм. Харин өчигдөр тус байнгын хороо хуралдаж чадлаа. Хуралд МАН, АН-ын бүлгийнхэн оролцсон нь ойрд санаа нийлэхгүй эв түнжин муутай байсан хоёр бүлгийн гишүүд эвлэрсний тэмдэг гэж ойлгож болохоор байлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийг шинэтгэх багц хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлуулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа болон хуульчийн эрх зүйн байдал, өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулах тухай гэсэн таван хуулийн төсөл багтаж буй аж. Багц хуулийн төсөл нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан байдал, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн зохистой ачааллыг бүрдүүлэх, шүүгч тодорхой хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн захиргааг бэхжүүлэх, асуудлыг шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойтойгоор хэрэгжүүлэх зорилготой юм байна. Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангах зохицуулалтыг тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулийц төсөл нь шүүхийн бие даасан байдал, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангахад нэн чухал үүрэгтэй шүүхийн захиргааны эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлж, Шүүхийн ерөнхий Зөвлөлийн Үндсэн хуульд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх хэмжээ, чиг үүрэг, бүтэц, бүрэлдхүүнийг шинэчлэн зохицуулсан байна. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгчид тавигдах шалгуур, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах журмыг тодорхойлон шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг тусгасан аж. Шүүхийн ажлын ачааллыг багасгах болон хэрэг маргааныг зохицуулах талаар дэлхийн нийтийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын хэрэгцээг харгалзан Эвлэрүүлэн зуучлуулах тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан гэлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top