Нийслэлийг тойрсон “Чимээгүй хот”-уудын 300 га газрыг хаана

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

-Оршуулгын газрууд эхнээсээ нөөцгүй болж байна- 


Орчлонгоос буцаж буй өөд болоочдоо нутаглуулах нь арга хэлбэр хийгээд байгальд ээлтэй байх экологийн талаас тулгамдсан асуудал болж байна. Манай улсад ялгаагүй жил ирэх тусам хаяа тэлж, газрын нөөцгүй болж буй “Чимээгүй хот”-ууд нийслэл төдийгүй 21 аймагт анхаарал татаж байгаа юм. Монголчуудын хувьд оршуулгын ёс, зан үйлийн уламжлал, хувьсал өөрчлөлт нь нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогийг илэрхийлсэн соёлын нэг. Тиймээс эртнээс талийгаачдаа хүндэтгэлтэй хандаж, буяны зан үйл гүйцэтгэх явдалд нягт нямбай хандаж ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, нягтрал гээд тооцож үзэхгүй байхын аргагүй  олон асуудал үүсэж буй. Үүнтэй оршуулгын зан үйлийг хэрхэн уялдуулах вэ гэдэг нь шийдэл гарц нэхсээр байна. Эдгээр цогц сэдвийг хөндсөн эрдэм шинжилгээний хурлыг “Буяны зан үйлийн холбоо ТББ-аас МУИС-ийн Түүхийн танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2018, 2019 онд зохион байгуулсан бол гурав дахь хурал энэ сарын 2-нд боллоо. Энэ удаагийн хуралд  МУИС-ийн археологийн судалгааны төв нэмэгдэж, нийт дөрвөн байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ үеэр оршуулгын байгууламж, булш нь талийгаачийн нөгөө ертөнцөд амьдрах орон гэр болох тухай, монголчуудын оршуулгын уламжлалт ёсны талаар МУИС-ийн  Археологи, антропологийн тэнхимийн доктор, дэд профессор У.Эрдэнэбатын “Дундад эртний монголчуудын хувцасны соёл ба оршуулгын зан үйл”, доктор Б.Баатархүүгийн “Монголчуудын гэрийн соёл оршуулгын зан үйл”, Ц.Төрбатын “Хүннүгийн оршуулгын чиглэл: хувьсал дундах уламжлал”, Ч.Амартүвшингийн “Монголчуудын элсний оршуулгын зан үйлийн тухай”, Буяны зан үйлийн холбоо ТББ-ын тэргүүн Г.Идэрмаагийн “Оршуулгын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зарим арга зам” илтгэлүүд сонирхол татаж байсан юм. Түүхч судлаачид, бодлого тодорхойлогч төрийн байгууллага, оршуулгын үйл ажиллагаа эрхэлж буй зарим аж ахуй нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэе.


 

П.Дэлгэржаргал: Шинэчлэл зан заншил, уламжлалд тулгуурлаж хийгддэг 

 

/МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор/ 


-Эрдэм шинжилгээний хурлын зорилго, хэлэлцсэн асуудлыг тодруулна уу?

-МУИС-ийн Түүхийн танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Буяны зан үйлийн холбоо ТББ хамтран 2018-2019 онд эрдэм шинжилгээний эхний хоёр хурлыг зохион байгуулсан. Гурав дахь хурлыг дээрх бүрэлдэхүүн дээр  МУИС-ын археологийн судалгааны төв нэмэгдэж, нийт дөрвөн байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэ хурлаар уламжлал ёсоор оршуулгын зан үйл, түүний хувьсал өөрчлөлт, ялангуяа орчин үеийн монголчуудын оршуулгын зан үйлд тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам зэрэг олон сэдвээр эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо. Нийт 19 илтгэл хэлэлцүүллээ.

-Оршуулгын зан үйлийн чиг хандлагад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Оршуулгын асуудал дэлхий нийтэд тулгамдаж байна. Түүхч судлаачид орчин үеийн асуудлыг нарийн мэдэхгүй. Одоо үед тулгамдаж буй асуудлыг Нийслэлийн захирагчийн алба, Буяны зан үйлийн холбоо ТББ-ын зүгээс оролцож буй төлөөллүүд энэ асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа.

Гэхдээ оршуулах зан үйлтэй холбоотой орчин үеийн асуудлыг шийдэх гарц шийдлүүд гаргахад төвөгтэй. Учир нь оршуулах зан үйл нь өөрөө их эмзэг асуудал. Ийм байх ёстой гэж шууд хэлэх боломжгүй. Хүмүүсийн итгэл үнэмшил, хүндэтгэл гээд олон зүйл бий. Шийдэхийн тулд зайлшгүй түүхэн уламжлал, зан заншлаа хүндэтгэх, уламжлалдаа тулгуурлан шинэчлэх асуудал хийгдэх учраас түүхч, археологичтой хамтарсан эрэм шинжилгээний хурлыг хийж байгаа. Энэ дотроос цаашдын гарц гаргалгааг гаргаж, бодлогын асуудлуудаа тавьж, алийг нь  шийдэл болгох вэ гэдгээ тогтоод явах байх.

 

М.Мөнхзаяа: “Самбалхүндэв”- ийн  10 га газарт ногоон байгууламж барина

 

/Нью Семерти компанийн гүйцэтгэх захирал/ 


-Улаанбаатар хот, Нью Семерти компанитай хамтран хаагдсан оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх,  ногоон байгууламж болгох ажлыг  эхлүүлсэн.  Энэ ажил ямар шатанд яваа вэ?

- Нью Семерти компани Улаанбаатар хотын хоймор хэсэгт оршдог Самбалхүндэв буюу бидний ярьж заншсанаар “Далан давхар”-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр эхний 10 га газрыг чөлөөлөөд байна. Эхний үе шатыг хэрэгжүүлээд дууссан.

Энэ ажил маань Монгол Улсын хэмжээнд хаагдсан хуучин оршуулгын газруудад, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжид дэмжлэг үзүүлэх, энэ асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд, мөн иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор  нээлттэй зарчмаар хэрэгжиж байгаа юм. Төсөл 2022-2025 онд бүрэн хэрэгжиж дуусна. Энэ жилийн тухайд нийт 10 га газрыг чөлөөлөлтөд хамруулж, 14323 бурхан болоочийн шарилыг хүндэтгэлтэйгээр, зан үйлийн уламжлал, өв соёлынхоо дагуу нүүлгэн шилжүүлж чандарлан баруун болон зүүн талын буяны цогцолборуудад хадгалсан.

2023 онд 10 га газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бий болгоно. Мөн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан бурхан болоочдын чандарыг эргээд тухайн цэцэрлэгт хүрээлэнд залах, мод бут тарих ажлууд хийгдэнэ. 2025 он хүртэл буяны нэгдсэн мэдээллийн төвийг барихаар төлөвлөсөн. Ер нь оршуулгын зан үйл богино хугацаанд хурдтай өнгөрдөг. Үүнээс хамаарч ард иргэдэд зөвлөгөө өгөх, оршуулгын зан үйлийн талаарх хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгөх нэгдсэн төв нь хотын төвд байрлахаар төлөвлөгдсөн.

-Сүүлийн жилүүдэд нөөцгүйн улмаас оршуулгын  300-гаад га газар  хаагдахаар төлөвлөгдсөн байдаг юм байна. Энэ талаар ямар мэдээлэл байна?

-Хотын суурьшмал бүсийн эргэн тойронд байгаа оршуулгын газрыг эрүүл ахуйн зүгээс, ирээдүй хойч үеийнхний сэтгэлзүйтэй холбогдуулж зүй зохистой хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Төрийн зүгээс 2013 онд анхаарал хандуулж, 2030 оны хотын хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах буюу Самбалхүндэвийг нүүлгэн шилжүүлэх тогтоол гарсан байдаг.

Энэ ажил хэрэгжээд явж байна. Манай компанийн хувьд нэлээд эр зориг, хөрөнгө шаардсан ажил болсон. Цаашид жишиг тогтоох, хамтын ажиллагааны хүрээнд ирээдүй хойчийнхоо эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилго тавьж ажилласан. Самбалхүндэв бол нийслэлийн хүн амын мах, махан бүтээгдэхүүний 80-90 хувийг хангаж буй газартай хаяа залган оршиж байгаа. Иймд зөв жишиг тогтоох үүднээс манай компани хөрөнгө гаргаж хамтарч ажилласан. Цаашид энэ чиглэлд шат дараатай ажлууд хэрэгжих байх гэж бодож байна.

 

Б.Мөнхбаяр: Оршуулгын газар олгохыг журмаар нарийвчлан зохицуулна

 

/Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн/


-Нийслэлийн эргэн тойронд шахам оршуулгын газар бий. Жил бүр чимээгүй хотын эзлэх газар нэмэгдсээр ирсэн. Одоогийн хуульд үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ. Цаашид ямар бодлого баримтлах бол?

- Энэ бүхнийг цогцоор шийдэх хууль эрхзүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай шинэчлэгдсэн хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмыг боловсруулах ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар өргөн хүрээг хамарсан олон талт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ бол журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна гэж ойлгож болно.

Ер нь бол оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч ирсэн. Шинээр хэрэгжүүлэх гэж буй ажил бол жилээс жилд өргөжин тэлж байгаа оршуулгын газрын асуудлыг зохицуулах, чимээгүй хот маань суурьшлын бүстэй зэрэгцэн оршиж байгаа нь стандартад нийцэхгүй байгааг цэгцлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, цаашид газрын тэлэлтийг зогсоох зэрэг асуудалд анхаарч байна. Оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд энэ үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явах вэ. Зөвшөөрлийг хэн олгох вэ, төрийн захиргааны байгууллагууд ямар оролцоотой байх вэ. Нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Энэ бүгд нарийн зохицуулалтаар журамлагдана гэсэн үг.

-Газрыг тэлэхгүй байна гэхээр ямар гарц шийдэл байна вэ?

-2018 онд НИТХ-аас зөвшөөрөлтэй оршуулын газруудын талбай, хилийн заагийг тогтоосон байдаг.Тэр хүрээнд зөвшөөрөлтэй байршлуудаас бусад газарт хаалт хийсэн. Цагаан даваа, Далан давхар зэрэг хаагдсан газруудыг эхнээс нь цэгцэлж байна. Журмаар газар олголтын асуудлыг нарийвчлан зохицуулж байгаа. Зөвшөөрөлгүй газар оршуулах, ил задгай тавих зэрэг асуудлыг цэгцэлнэ. Мөн оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг газруудад зөвшөөрөл олгох асуудлыг журмаар нарийн зохицуулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балжир(64.119.21.29) 2022 оны 09 сарын 07

Эхэлж буй түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд судлаачид амжилт хүсье

1  |  0
zochin(106.154.128.24) 2022 оны 09 сарын 07

ene 3hunii zurgiig haraad ene nuhud yu bodoj ene alband suuj thalin\n avdag bna ⁉️ ymar olon gunchan duudlaga be yunii doktor be sahaltai uvgun udii naslaad eh oron hogoor bullagdaj bhad Mgl eh orondoo ymar hair nairgui harthdag yum be ard tumenneese sar bolgon baigal theverlej hun negch hog hayahgui hariuthlagatai harthahgui eruul amdrahd ayultai bohir bolthon bhad ene yasan doktor be nudnii bulai hogon dotor amdarj baij yunii doktor avsan banhar

0  |  1
Top