COAL MONGOLIA: Монгол улс нүүрсний ангиллаа нэмэгдүүлж, экспортын орлогоо өсгөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

“Coal Mongolia 2022” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилж байна. Хоёр өдрийн турш зохион байгуулж буй тус чуулга уулзалтад манай улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, компанийн нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээврийн нөхцөлийг сайжруулах зорилгыг дэвшүүлэн зохион байгуулдаг билээ.

Энэхүү чуулга уулзалтыг “Сэргэлтийг хамтдаа” уриан дор 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон Дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд, олон улсын байгууллагууд, дотоодын компаниуд, зочид төлөөлөгч зэрэг нийт 500 гаруй хүн оролцож байна.

 

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ТУУШТАЙ ХАМГААЛНА ГЭВ

 

Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын уурхайг улсын мэдэлд авснаар орчин үеийн уул уурхайн салбар 1922 онд үүсэж, хөгжих эхлэлийг тавьсан түүхтэй. Уул уурхайн салбар өнөөдрийг хүртэл Налайхын уурхай, Шарын голын уурхай, Тавантолгойн уурхай, Адуунчулууны уурхай, Шивээ-Овоогийн уурхай тэргүүтэй нүүрсний 50 гаруй уурхайг нээсэн байдаг.

Тэгвэл уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ сарын 19-23-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Уул уурхайн салбарын ойг тохиолдуулан, мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй энэ цаг үед “Coal Mongolia 2022” чуулга уулзалтыг зохион байгуулж буй нь олон давуу талтайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцоллоо. Ажлаа аваад удаагүй шинэхэн сайд нээлтийн үгэндээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж байсан учраас салбараа мэдэх хүний хувьд нүүрсний тээвэрт анхаарч ажиллахаа онцлон дурдсан юм.

Тэрбээр “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дөрвөн бодлогыг баримталж ажиллана. Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллах юм. Тусгай зөвшөөрөл авсан бүх компанийг дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн өрсөлдөөний чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, мөн хэн мэдээлэлд ойр байгаа нь давуу эрх эдэлж болохгүй. Гуравдугаарт, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална. Дөрөвдүгээрт, салбарын үйл ажиллагааг хааж боох явдлыг дэмжихгүй” хэмээж, “Coal Mongolia 2022” чуулга уулзалтыг нээлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг гурав дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн хувьд төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар 15 сая тонн нүүрс экспортлосон үзүүлэлттэй байна. Хэрэв энэ эрчээрээ нүүрсээ экспортлох аваас оны эцэс гэхэд 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхны дунд үүсээд байгаа юм. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт өсөж буй энэ цаг үед манай улсын нүүрсний экспорт тогтворгүй байна. Энэ талаар Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Хил гаалийн нэвтрэлт гол асуудал болж байна. Чингэлэг тээврийн терминалийн бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн хүрээнд компаниуд өөрсдийн зардлаар Гашуунсухайт болон Шивээхүрэнд барьсан. Уг бүтээн байгуулалт бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Суурь нь бий болсон учраас хоёр тал хил гаалийн нэвтрэлтийг шийдвэл богино хугацаанд нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой. Манай улс жилд 40 орчим сая тонн нүүрсийг олборлож, 30 сая тонныг нь экспортлож, 10 сая тонныг нь өөрсдөө хэрэглэдэг. Гэвч цар тахлын жилүүдэд энэ эрчмээ алдсан. Үндсэн асуудал нь дэд бүтэц юм. 10 жилийн дотор 700 км төмөр зам барина гэдэг нь томоохон амжилт. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг маргааш нээнэ. Ингэснээр нүүрсний экспортыг нэмэх нэг шийдэл ажил хэрэг болж чадсан гэж бодож байна” гэв.

 

 

Д.БАЯРБАТ: НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 160 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДААЛЖ БАЙГАА

 

Эрдэнэс Монгол компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Эрдэнэс Монгол компанийн харьяа компаниудад бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эрдэнэс Монгол компанийн харьяанд нүүрсний салбарын таван компани бий. Нийт 19 охин болон хараат компанитай. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард Эрдэнэс Монгол компанийн тоглоомын дүрмийг баталснаар цаашид Баялгийн сангийн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах зэрэгт анхаарах юм. Энэ дүрмийн хүрээнд 11 төрлийн бодлогын бичиг баримтыг боловсруулах ёстой. Толгой компанийн хүрээнд охин компаниудын худалдан авах, нягтлан бодох бүртгэл, орлогоо төвлөрүүлэх, засаглалыг сайжруулах гэх мэт бодлогын баримт бичгийг боловсруулж байна.

-Нэг тонн нүүрсийг өнөөдөр хэчнээн төгрөгөөр худалдаалж байгаа вэ. Цаашдаа жилд хэчнээн тонн нүүрс экспортлоно гэж тооцоолж байгаа бол?

-Гашуунсухайт автозамын тээврийн асуудал тавдугаар сараас жигдэрсэн. Одоогоор хоногт 1000 орчим тээврийн хэрэгсэл Гашуунсухайт автозамаар гарч байна. Үнийн хувьд нэг тонн нүүрсийг 100 ам.доллароор худалдана гэх төлөвлөгөөтэй байсан ч 160 ам.доллароор худалдаалж байгаа. Тиймээс экспортын орлого нэмэгдэнэ. Боомтын асуудал жигдэрснээр нэвтрэлт хангалттай сайн хэмжээнд байгаа гэж харж байгаа. Манай улсын эдийн засагт одоогийн гурван боомт хангалттай. Мөн Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонныг тээвэрлэх юм. Эрдэнэс Тавантолгой компани жилд 50-70 сая тонн нүүрсийг экспортлох хүчин чадалтай. Төмөр зам ашиглалтад орсон ч газрын тээвэр хэвээр үргэлжилнэ. Гэвч Хятадын Засгийн газраас чингэлгээр тээвэрлэх шаардлагыг тавьж байгаа. Цар тахлын асуудал буурч байгаа учраас уул уурхайн салбарын ирээдүйг өөдрөгөөр харж байна.

-Эрдэнэс Баянбогд ордын ажил ямар түвшинд байгаа вэ. Мөн “Хэмнэлтийн хууль”-ийн хүрээнд ямар ажлыг хийж байгаа вэ?

-Эрдэнэс Баянбогд компанийн 34 хувийг Эрдэнэс Монгол компани эзэмшиж байгаа. Харин 66 хувийг нь нийслэл эзэмшиж байна. Лицензээ аваад нэг сар боллоо. Одоогоор ТЭЗҮ-ийн ажлыг хийж байгаа.

Төрийн “Хэмнэлтийн хууль”-ийн хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал, охин болон хараат компаниуд тусдаа төлөөлөн удирдах зөвлөлтэй байсныг нэгтгэхээр болсон. Засгийн газраас төлөөлөн удирдах зөвлөлийн 27 гишүүнтэйгээр ажиллахыг даалгасан. Зэс, металл болон нүүрсний групп, Эрдэнэс Монгол компани тус бүр есөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй байх юм. Ингэснээр 160-180 орчим төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хасагдана. Мөн Эрдэнэс Монгол холдинг компанийн малгайн дор байх охин болон хараат компаниудын 15 дэд болон орлогч захирал, зөвлөхүүд, нарийн бичиг, туслах, жолоочдыг чөлөөлснөөр жилд 800 орчим сая төгрөгийн зардал хэмнэж байгаа. Нэгдлийн хэмжээний компаниуд өндөр түрээс бүхий барилгад суух асуудлыг цэгцэлж, нэг дор хамгийн бага зардлаар оффис түрээсэлж суух боломжийг хангаж байна. Улмаар жилд 360 орчим сая төгрөгийн хэмнэлтийг бий болгох юм.

 

 

САЙН НҮҮРСЭЭ ӨНДӨР ҮНЭЭР, ЧАНАР БАГАТАЙГ НЬ ХЯМДААР ХУДАЛДААЛНА

 

Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний гол эх үүсвэрт нүүрс голлох байр суурийг эзэлсэн хэвээр байгаа билээ. Тодруулбал, дэлхийн эрчим хүчний 35.2 хувийг нүүрсээр хангаж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Дэлхийн нүүрсний хэрэглээ 2021 оны байдлаар 7.9 тэрбум тонн байна. Үүний 58 хувь буюу 4.2 тэрбум тонн нүүрсний хэрэглээг урд хөрш болох Хятад улс дангаар эзэлж байгаа юм. Манай улсын хувьд нүүрсний экспортын голлох түнш бол Хятад улс билээ. Тэгвэл Хятад болон Монгол улс хооронд нүүрсний худалдааг тогтвортой явуулахад саад болж буй гол хүндрэлийг салбарын хүмүүс нь “Хар нүх” хэмээн онцлов. “Хар нүх” гэдэг нь дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өссөн ч уурхайнуудын үнэ өсөөгүй, түүнээс улбаалж уурхайчин, тээвэрчин, худалдаачин болон Засгийн газар бүгд орлогоо алдаж хохирч буй явдлыг хэлж байгаа юм. Төрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тооцох жишиг үнийг Хятадын зах зээлийн үнийг баримжаалан бодит борлуулалтаас 3-4 дахин өндөр тогтоосноос болж доод ангиллын нүүрсний олборлолт зогсож, байгалийн баялаг үнэгүйдэж байгаа ажээ. Улмаар Хятадын нүүрс худалдан авах сонирхолтой бизнес эрхлэгчдийг худалдаанд оролцох боломжийг хязгаарлах, хоёр улсын хооронд нүүрсний худалдааны эрүүл орчинг бусниулж байгаа юм.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Эрчим хүчний нүүрсэнд өндөр АМНАТ ногдуулдаг байсан учраас эдийн засгийн эргэлтэд оруулах нь бага байлаа. Тиймээс стандартаа нэмснээр эрчим хүчний нүүрс худалдах боломжтой юм. Нүүрсний стандарт, АМНАТ-тай холбоотой маргаан сүүлийн нэг жил үргэлжилсэн. 11 төрлийн стандарт байсныг олон улсын жишгээр 29 болголоо. Ингэснээр бодит үнэ тогтоно. Хятадад коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт бий. Олон улсын жишгээр нүүрсээ 29 ангилснаар 29 өөр үнэ бодно гэсэн үг. Энэ нь манай салбарын хувьд дэвшил юм. Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямдаар худалдаална. Жишээ нь, Индонез улс эрчим хүчний нүүрсээ 75 ангилснаар Хятадад жил бүр 200-300 сая тонн нүүрс нийлүүлж байна” гэсэн юм. Сонирхуулахад, Хятад улс өнгөрсөн онд 55 сая тонн коксжих нүүрсийг импортоор худалдан авжээ. Үүний 26 хувь буюу 14 сая тонныг нь манай улсаас нийлүүлсэн байна. Цаашдаа экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдэж, Хятадын зах зээлд манай улс урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг албан ёсоор нээхээр зэхэж буй зэрэг үйл явдал нь нүүрсийг дагасан эдийн засгийн сэргэлтийг бий болгох өндөр хүлээлтийг үүсгээд байгаа юм

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top