“Шөнийн 12.00 цагт унтсан хүүхэд ямар ч сайн сургуульд сураад онц сурч чадахгүй” гэсэн эмчийн үг сэрхийлгэлээ. Хүүхэд 21.00-22.00 цагийн хооронд орондоо ороод унтсан байх ёстой. Хүүхдийн тархи нь дээд түвшинд ажиллахын тулд 10.00 цаг орчим унтсан байх шаардлагатай байдаг аж.
Өсвөр насны хүүхдүүд гар утас, тоглоом, дэлгэцийн хамааралтай болсноор нойргүйдэж унтаж амрах хугацаа нь богиносож байдаг. Үүнийг эцэг, эхчүүд анхаарч интернетийг нь хаах, гар утсыг хурааж авах, өдрийн хуваар гаргаж мөрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд хангалттай нойр авч чадахгүй удаан явснаар амархан стресстэх, эрүүл бус хооллох, жин нэмэх эсвэл турж эцэх, батгаших, амархан өвдөх шинж тэмдэг илрэхээс гадна нийгмийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанаас хоцорч сурлагадаа эрс мууддаг байна.
Нойроо гүйцэт сайн авч чадсан хүүхдийн оюун ухааны чадамж дээшилж, анхаарал төвлөрөл нь 50-60 хувиар нэмэгддэг аж. Хүүхдийнхээ тайван амгалан унтах нөхцөлийг бүрдүүлж тааламжтай, чимээгүй, харанхуй, цэвэр агаартай, хурц үнэргүй, хэт халуун эсвэл сэрүүн бус орчинд байх ёстой. Унтахаас нь өмнө кофе, хүнд хоол, чихэрлэг зүйл хэрэглээгүй, сэтгэл санаа тайван байх хэрэгтэй.
Сүүлийн үед техник, технологийн хөгжлөөс шалтгаалж үзэх харах сонголт нь нэмэгдэж хүүхдүүд сониуч зангаар хэрэгтэй хэрэггүй бичлэг, зураг үзэх, нэг нэгэнтэйгээ чатлах зэргээр хичээл хийх, өөрийгөө хөгжүүлэх, гэр орондоо туслах, унтаж амрах цагаа цахим мангаст залгиулсаар. Хамгийн энгийнээр тайлбарлахад интернет болон зурагтаас маш их хэмжээний мэдээлэл тархиндаа хийчихээр тэр нь боловсрогдоод тархи амрахгүй унтах цаг нь улам хойшилдог юм байна.
Тиймээс аав, ээжүүд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлж гар утасны хэрэглээгээ багасгаж, эрт унтаж баймаар. Цахим мангаст хүүхэд гэлтгүй томчууд бид ч өөрсдөө залгиулж буйгаа анзаарахгүй явсаар л байх уу. Нойр дутуу хүүхдээсээ бид онц сайн сурахыг хэчнээн шаардаад, хичээлийн хэрэгслийг нь мянга бэлдээд ч нэмэргүй гэдгийг хүний, өөрийнгүй тархиндаа тунгааж авах минь.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )