“Алтан гарт”-аас “Төмөр гарт” руу айсуй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Эрүүл мэнд, анагаахын салбарт байсан нэг сайн эмчийг МАН-ынхан улс төр рүү нэг суудлын төлөө чирчихсэн болов уу. Гэхдээ өөрөө хүссэн болоод л чирэгдсэн хэрэг. Тэр ямартай ч элэгний бүх шатны оношилгооо, эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан томоос том гавьяатай, “Алтан гар”-тай гэгдэх эмч. Чухамхүү монголын төрд ямар гавьяа байгуулахыг таах аргагүй. Улс төр ч хүнийг хорлож сүйтгэнэ үү гэхээс өөдөлж дээш өргөх нь тун ховор доо. Нэг орчихсон бол гарахад хэцүү золигийн талбар гэдэг. Цаадуул нь “Алтан гар”-тай эмчийг маань “Төмөр гар”-тай болгочих вий гэсэн айдас тойрон хүрээлэгчид дунд байдаг л байх. Нам бүлэглэл дагаж кноп дараад байвал “Төмөр гар”-тай болж таарна. Хэтэрхий фракц бүлэглэл дагалгүй, салбараа эргэж тойроод байвал “Алтан гар” нь хэвээрээ байна биз. Үүнийг өөрөө сайн мэдэж байгаа гэж найднам. 

Уг нь манай парламентад эрүүл мэндийн салбараас төлөөлөл байх хэрэгтэй. Гагцхүү тухайн нөхөр салбартаа хэрэгтэй эрх зүйн орчин бүрдүүлж өгч чадаж байна уу, үгүй юу гэдэгт л мөн чанар нь оршино. Ж.Чинбүрэн гишүүний хувьд одоогоор туйлын шинэдэж байгаа байх. Бүрэн эрхийнхээ хугацааг хугасалж яваа шинэхэн гишүүн шүү дээ. Хэтдээ фракц багт хамаарч, кнопынхоо учрыг олчихвол салбарынхаа жаргал зовлонг мэдэх хүний хувьд ганц нэг хэрэгтэй хууль бий болгочихоосой гэж бодох хүн цөөнгүй л байгаа. Тэр сайн эмчээс гадна эрүүл мэндийн салбараас парла­ментад ажиллаж байгаа цөөн хүний нэг. Энэ утгаараа мар­гааш Эрүүл мэндийн сайд гээд зогсож байхад гайхахгүй цаг үе.

Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүний дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа. Шууд­хан хэлэхэд сайдуудын дээлийг давхарлаж, парламентын түвшинд хүчирхэг байлгах бодлого бариад байна. Гэтэл Эрүүл мэндийн яам тэргүүтэй таван яамны сайд “дан дээл”-тэй байгааг тун удахгүй халж сэлгэж, дээлийг нь давхарлана. Энэ бол Засгийн газрын хойшлуулж болохгүй нэг төлөвлөгөөт ажил юм. Тэгэхээр салбараа мэдэх, мэргэжлийн хүн гэвэл Ж.Чинбүрэн л торойж байгаа. Ёстой “Аз хүү байвал ёоз хүүгээр цохино” гэгч л болно. Тэртээ тэргүй л Эрүүл мэндийн яаманд нэг УИХ-ын гишүүн аваачиж дээлийг нь давхарлахаас хойш салбараа мэддэг сайд хэрэгтэй гэвэл түүнээс өөр сонголт байхгүй. Гагцхүү засгийн бодлого үг дуугүй дагах, засгаас гаргасан шийдвэр тогтоолыг УИХ дээр хамгаалах чин сэтгэлтэй байхад л болох зүйл. Завсар зайд нь салбартаа эрх биш зохион байгуулалт хийнэ биз. Түүний хувьд бас чиг эмнэлэг удирдаж явсан хүн. Өдгөөгийн сайд С.Энхболд хоёрдугаар эмнэлгийн рейнтгений эмч л байв шүү дээ. Гэнэт цойлж Нэгдүгээр эмнэлгийн даргаар түр томи­логдоод сайд болчихсон гэхээр түүнд асар том боломж байна. 

Түүний хувьд 1997 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг Их эмч мэргэжлээр төгсөж, Швейцарь улсын Лозаны их сургуульд мэс заслын эмчийн резентурт суралцсан. Мөн 2015 онд Японы Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан гэхээр салбартаа тэргүүлэх боловсролтой хүмүүсийн тэргүүн эгнээнд багтах байх. Харин ажлынхаа гарааг 1997 онд Анагаах ухааны хүрээлэнд шинжлэх ухааны туслах ажилтнаар эхлүүлсэн гэхээр салбартаа хорь гаруй жил ажилласан байна.

Тодотговол, 1998-2008 онд Хавдар судлалын үндэсний төвд ерөнхий Мэс заслын тасагт мэс заслын эмч, 2008-2016 онд Хавдар судлалын үндсэний төвд Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, Казахстан улсын Шымкент хотын хавдрын төвд сургагч багш, 2014-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Хавдар судлалын багш, 2015 оноос Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, 2016 онд Эрүүл мэндийн яамны Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, 2016-2019 онд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, зөвлөх эмчээр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшин парламентад орж ирсэн хүн. Намтар сөхөхөөр яах аргагүй тэр эрүүл мэндийн сал­барт манлайлан ажиллаж байсан эмч.

Мэдээж хэрэг сайн хажуугаар саар зүйл байж таарна. Тиймдээ ч Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа хувийн эмнэлэг байгуулж, ашиг олдог байсан тухай хэвлэлийн архивт бий. Тодотговол, Н.Эрдэнэхүү гэгчтэй хамтран “Медпортал” эмнэлэг байгуулсан төдийгүй өөрөө захирлын алба өгөхдөө Н.Эрдэнэхүүг захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон, тендер будилаантуулсан хэргээр шалгагдсан гэх зэргээр бичиж байсныг санаж байна. Ж.Чинбүрэн эмч яах аргагүй сэхээтэн, элит гэж болох гэр бүлээс гаралтай хүн учраас эрдмийн мөр чамгүй хөөсөн гэж бодогддог. Түүний аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн гэхээр салбарынхан нь лав сайн мэдэх юм билээ. Ээж нь Г.Надмид нь ноос ноолуурын чиглэлд ажиллаж судалгаа хийсэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан хүн. Тэр өөрөө гавьяат эмч гэхээр ээж хүү хоёр гавьяат хэмээх нэгэн сайхан зүйл ургийн намтарт үлдэх нь лавтай.

Ж.Чинбүрэнгийн жилийн орлого 185 сая төгрөг бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 20 сая хэмээн тайлагнажээ. Уг нь ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 онд жилийн орлого 101 сая төгрөг байв. 155 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай, 379 сая төгрөгийн хоёр тээврийн хэрэгсэлтэй. 101 сая төгрөгийн мал аж ахуйтай. 125 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 28 сая төгрөгийн хадгаламжтай. Ийм л нэг эмч “алтан гар”-аа “төмөр гар”-аар солих уу болих уу гэдэг замын уулзвар дээр зогсож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.216.148) 2022 оны 09 сарын 15

Засгийн сандал суудлын хэрүүл дуусаа биз дээ!!! \nЭнэ хүн сайд болох хүсэлгүй урдах ажлаа амалсан ажлуудаа шат дараалалтайгаар хийгээд явж байгаа . Ингэж сайлах муулах 2-н засвар бичиж байгаа хүмүүс бол өөрсдөө сайдын суудалд горилогчид. Чинбүрэн эмчийг сайн мэдэхийн хувьд хэлчие. \nАа бас нэг үнэнг хэлэхэд боловсролтой чадалтайг сайд болгодог зарчим нийгэм одоохондоо манайд алга!!! Түүнээс өлхөн л аваад явчих хүн

0  |  0
Сугармаа (202.126.89.9) 2022 оны 09 сарын 15

эмнэлгийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг авдаг цалин нь бага,нойр хоолгүй хүний үхэл хагацлын эсрэг өөрийн амьдралаа насан туршдаа ажиллаж байгааг манай ард түмэн ойлгоддогүй.ажил хийж байгаа болохоор дандаа биш ч гэсэн мэргэжлийн алдаа эмч,эмнэлгийн дунд мэргэжилтэнд гардаг.үүнээсээ болоод ажиллах эрч хүч сулардаг зэрэг асуудал гардаг.Энэ байдлыг харгалзан УИХ-ГИШҮҮН та ойрын хугацаанд эмч,эмнэлгийн ажилчдын мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль гаргаж батлуулмаар байна.Тэгвэл эмнэлгийхэнд их буян болно доо.

0  |  0
Иргэн(64.119.29.143) 2022 оны 09 сарын 15

Sain ajillaj baigaa shuu

0  |  0
Irgen(192.82.87.98) 2022 оны 09 сарын 15

Said boloh sanaataim bzde. Ene hunii magtasnaar bol. Kkkk

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

Өмнөх засаглаллын буюу соц-ын үед салбартаа ШБОС гаргаад шоволзоод ирсэн сайн инженерийг МХЗЭ-н үүр,хороо, Аймаг,хотын МХЗЭ-н нарийн бичгийн дарга болгоод хэсэг хөөргөж мэргэжлээсээ их холдож чадавуу гэх шиг нэг даргад таалагдаагүй албан тушаалаасаа халагдаад дарга биш,мэргэжилтэн ч биш гудамжаар холхигчдын нэг болгоод хаядаг байлаа.Тэрний нэг болгох вий дээ.Нас ахиад удахгүй элдэв санаачлага гаргах нь багасдаг юмшүү .Залуучуудыг зөв дэмжих хэрэгтэй Нэг суудал олж ирэхэд ашиглаад хаявал хайран

0  |  0
Top