“International Busines Times”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс Хятад руу хийх нүүрсний экспортоо жилд 50 сая тоннд хүргэх төмөр замын шугамыг ашиглалтад орууллаа. Тавантолгойн нүүрсний ордоос БНХАУ-ын хилийн Гашуун сухайтыг холбосон төмөр замын тээврийн үйлчилгээг эхлүүлсний баяр баасан гарагт боллоо. Уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монгол Улс ашигт малтмалаа гадаадад экспортлох илүү хямд, үр ашигтай арга замыг эртнээс эрэлхийлж, Орос, Хятадтай төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх үндэсний стратеги баримталж ирсэн.
Уул уурхай тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, эдийн засгийн удаашрал, дэлхийн түлшний хямрал зэргээс үүдэж, Хятад улс нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Харин Монголын Тавантолгойн 233 км (145 миль) төмөр зам нь Хятад руу жилд 30-50 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай.
Монгол Улс 2020 онд 28.6 сая тонн нүүрс экспортложээ. Өнгөрсөн онд экспорт 15.9 сая тонн болж буурсан байна. Мөн төмөр замтай болсноор нэг тонн нүүрс тээвэрлэх зардлыг найман ам.доллар болгон бууруулна гэж төмөр замын газраас мэдээллээ.
Тавантолгой нь гангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай коксжих нүүрсээр баялаг. Олон жилийн турш Хятад руу нүүрсээ ачааны машинаар зөөдөг байсан нь хил дээр урт дараалал үүсгэж, осол аваар байнга гаргадаг. Монголын Засгийн газар Тавантолгойгоос Гашуунсухайтын хил хүртэл төмөр зам тавих гэж арав гаруй жил оролдсон. Уг төслийг дуусгахаар 2018 онд “Тавантолгой” ХХК байгуулагдсан. Ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Бодь интернэшнл” компани ажилласан.
Гашуун сухайт-Ганцмодны боомт нь одоо Монгол-Хятадын хилийн хоёр дахь төмөр замын боомт, нөгөө нь Замын-Үүд-Эрээн боомт юм. Катерпиллар компанийн нэг хэсэг болох Прогресс Рэйл төмөр замын төслийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 16 зүтгүүр нийлүүлэхээр тохиролцжээ. Шинэ зүтгүүрүүд нь Монгол, Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орнуудад хэрэглэгдэж байсан 1520 мм-ийн царигтай байхаар бүтээгдсэн.
Монголын одоогийн 1900 км төмөр замын сүлжээ бараг бүхэлдээ 20-р зуунд ЗХУ-ын тусламжаар баригдсан. Энэ нь гол төлөв Орос, Хятадыг холбосон Транс-Монголын шугам, Эрдэнэт хот руу чиглэсэн салаа шугамаас бүрддэг.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )