Д.Тогтохсүрэн: Валютын нийлүүлэлт нэмэхгүй бол ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРНЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ирэх 2023 оны мөнгөний бодлогыг ярьж байна. Өнгөрсөн жил үнэхээр хүнд жил байна. Нэг талаар цар тахал, дайнтай холбоотой хүнд жил болж байна. Үйлдвэрлэгч биш Монгол Улсад хүнд тусаж байна. Цаашид Монгол Улсын зээлжих зэрэглэлийн асуудал ч хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ л Монголбанк хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна гэж харагдаад байна.

Валютын гадагшаа урсгалыг яаж тогтоон барих вэ гэдэг бол маш том асуудал. Валютынхаа нийлүүлэлтийг яаж нийлүүлэх нь том асуудал. Ирэх онд валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодохой арга хэмжээ авахгүй л бол эдийн засаг хүндэрнэ. Төлбөрийн чадвар хүндэрнэ. Нефтийн бүтээгдэхүүнийг ам.доллараар авах асуудал байна. Энэ тал дээр ярьж байгаа зүйл байна уу. БНХАУ-тай ам.доллараар өөр валютаар хийх боломж, ярьж байгаа зүйл байна уу. Бид экспортын орлогыг л нэмэгдүүлэх ёстой" гэлээ. 

Үүнд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхээр урьдчилаад төлбөрийг нь авчихсан нүүрс, гацчихсан нүүрс зэрэг алдагдчихсан байгаа. Тэгэхээр их хэмжээгээр нүүрс гарсан тохиолдолд ам.доллар орж ирэхгүй. Аж ахуйн нэгжүүдийн буруу ч гэж юу байх юэ. Ер нь, гэхдээ оптек гэрээнүүд хяналтад ороод ирчих байх гэж бодож байна. Валютын нөөцөө нэмэгдүүлэх тал дээр бодолтой хандахгүй бол болохгүй. Холбогдох зохицуулалтуудыг хийгээд явж байгаа. Хугацаа алдах тусам сөрөг үр дагавартай. Тиймээс үйл ажиллагаагаа нэг болгон явж байгаа гэж хэлэх байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top