Архитектурын өвөрмөц шийдэл өөрийн эрхгүй гайхашрал төрүүлэх. Саруулхан танхимууд, сайн ажиглавал ухаалаг системээр бүрэн тоноглогдсон нь яах аргагүй олон улсын стандартад нийцсэн орчин үеийн музей болохыг илтгэх. Мэдээж хамгийн гол зүйл нь үзмэр. Түүх, дурсгалын хосгүй үнэт 11 мянга гаруй үзмэрийг өргөн олондоо дэлгэхээр үндсэн бэлтгэлээ хангаж, өнөөдөр үүд хаалгаа нээж буй энэ газар бол Чингис хааны музей.
Төдийгөөс өдий хүртэл монголчууд бид ямар түүхийг бүтээж өнөөг хүрсэн, монгол хүн гэдэг хүн төрөлхтөний түүхэнд ямар зам мөрийг тамгалж үлдээсэн хийгээд та, бидний өвөг дээдсийн өв соёл ямар аугаа бишрэм болохыг нүдээр үзэж, чихээр сонсох боломж гагцхүү тус музейд л цогцолжээ.
Чингис хаан музейн зөвхөн нэг давхар Монголын үндэсний музейгээс долоо дахин том талбайтай. Музейн үзмэрийн тайлбарыг монгол бичиг, кирилл үсгээр хослуулсан бөгөөд анх удаа лазер гэрэл ашиглан бичсэн гэдгээрээ онцлог. Тайлбарын доод хэсэгт байрлах QR код уншуулснаар гадаад таван хэл дээр тайлбарыг уншиж, сонсох боломжтой гэнэ. Хүн төрөлхтөний түүх дурсгалын ховор нандин олдворууд, тэр дундаа дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хааны үеийн хосгүй үнэт үзмэрүүдийг орчин үеийн ололт амжилтыг шингээсэн барилга дотор техник технологийн тусламжтайгаар үзэж сонирхоно гэдэг боломж. Тэр утгаараа монголчуудын төдийгүй олон улсын эрдэмтэн судлаач, жуулчдын заавал үзэх газар болох нь гарцаагүй санагдсаныг нуух юун. Зарим үзмэрийн сонин сайхнаас хуваалцъя.
Санкт-Петербург хот дахь Эрмитаж музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичиг, алтан ордны хаад язгууртнуудын захидал, бичгүүд, Японы их сургуульд хадгалагдаж буй Чингис хааны нэртэй алтан гэрэгэ, Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбар гээд өмнө нь дэлгэж байгаагүй ховор үзмэрийг гадаадаас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр байрлуулсан нь сонирхол татна.
Тэр дунд Японд хадгалагдаж байсан Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг Монголын талд хуулж өгсөнөөс 28 хоногийн дараа хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орж, дахин хуулбарлах боломжгүй болсон байна. Ийнхүү гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах үзмэрүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хуулбарласан ховор, сонин түүхийн үзмэрүүд олны хүртээл болоход бэлэн болсон нь энэ.
Мөн Хэнтий аймгийн Биндэр уулын ойр байдаг алдарт Рашаан хадан дээр дүрсэлсэн эртний монгол аймгуудын 368 тамгыг нэг бүрчлэн хананд байрлуулжээ. Түүнээс гадна 20 тонн жинтэй Рашаан хаднаас хэв авч, чулууны хуулбарыг олонд сонирхуулахаар бэлджээ. Энэ мэтчилэн Чингисийн алтан ургийн хаад ноёдын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, гоёл чимэглэл, хуяг дуулга, аяга халбаганаас эхлээд ном судар, бурхан тахил гээд олон гайхалтай үзмэрүүд дэлгэгдсэн байна. Тэр дунд хамгийн их анхаарал татаж буй үзмэрийн нэг бол яах аргагүй Өндөр гэгээн Занабазарын өөрийн урласан бурхад байлаа. Чингис хааны отгон хүү Тулуйн удмын хүн Автай сайн хөаны ач Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн эх хувийг эндээс л үзэж болохоор.
Чингис хааны музейг бүрэн үзэж танилцахад багадаа найман цаг шаардлагатай гэнэ. Эндээс л тус музейн сан хөмрөг ямар их баялаг бас утга төгөлдөр болохыг илтгэнэ. Утга төгөлдөр гэдэг нь ямар ч музей өөрийн гэсэн дэглэлттэй байдаг. Энэ, тэндээс цуглуулсан хэдэн үзмэр тавиад орхих бус өөрийн гэсэн утга агуулга, зорилго чиглэл, олон нийтэд түгээх үндсэн санаа юу болохыг хэлнэ.
Тэгвэл Чингис хааны музейг үзсэнээр эх түүхээ танин мэдэх, танин мэдээд зогсохгүй бахархах, улмаар монгол хүн байхын үнэ цэнийг ойлгож болохоор тийм л сэдэл санааг өгөх өгөөжтэй газар шиг санагдлаа. Мэдээж энэ том бүтээн байгуулалт, үүх түүхээрээ омогших оюун санааны томоохон цогцолборыг монгол хүн бүтээн барьж босгосон нь гайхалтай санагдлаа. Ойрын хоёр, гурван жилд Монгол Улсад бүтэж дэвжсэн хамгийн ололттой ажил ч гэж онцлоход буруудах зүйлгүй.
Тус музейн захирал, академич С.Чулуун "Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2019 оны долоодугаар сард гарсан байдаг. Үндсэндээ гурван жил гурван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлж, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж, зохион байгуулах гэсэн үе шаттай ажиллалаа. Чингис хааны музейн анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний Их Монгол Улс, Юань улс, Чингис хааны угсаатны хаад язгууртнуудын түүхийг харуулснаараа онцлог. Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.
Чингис хаан музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь "оргиналь" буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100.423 эх үзмэрийн 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.
Музей бол хоёр янзын чиглэлтэй. Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх соён гэгээрэл буюу хүнийг хүмүүжүүлэх. Хоёрдугаарт, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үүрэгтэй гэж харж байгаа. Бидний тооцооллоор жилд хүн амынхаа таван хувьд л үйлчлэх хүчин чадалтай гэж авч үзвэл 4.5 тэрбум төгрөгийн орлоготой гэж хэлж болно. Энэ бол механик тооцоо” гэдгийг онцоллоо.
Чингис хаан музейн талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Нээлтийн ёслолд зориулж төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хаан хаад, язгууртны музейд залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. “Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг. Монгол инженерүүд, эрдэмтэн судлаачид, монгол залуус гээд үндэстнээрээ нийлж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Олон хүний цаг зав, хүч хөдөлмөр шингэсэн.
XXI зуунд стандартын шаардлага хангасан бөгөөд цаашид ард иргэд, залуу хойч үеэ соён гэгээрүүлэх том бүтээн байгуулалт болсныг онцлон хэлье. Музейн сан хөмрөгийг бүрдүүлэхэд олон орны эрдэмтэн судлаачид, олон орны Засгийн газар, түүх соёлын мэргэжилтэн, байгууллага хамтарч ажилласан. Бүтээн байгуулалтын ажилд оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн бидэнтэй хамтарч ажилласан бүх хүнд талархлаа. Энэ хэмжээний зүйл босгохыг хүсэж цар тахлын амаргүй үед ажилласан билээ.
Чингис хаан музейг монгол хүн бүр ирж үздэг. Монгол хүн бүр музейн Чингис хааны хүндэтгэлийн танхимд орж, сүсэглэн мөргөж, өөрийгөө даатгадаг байгаасай гэж хүсэж байна" гэв.
Мөн музейн барилга хийцлэлийн тухайд Соёлын дэд сайд М.Батбаяр “Энэ барилгыг үндэстний мэргэжилтнүүд барьж, зураг төслийг нь нэртэй архитекторч Д.Балдан гэж хүн хийсэн. Музейн дээд давхрын орон зайд Чингис хааны алтадмал баримлыг байрлуулна. Монгол Улсад анх удаагаа хийж буй энэ баримал нь 28 метрийн өндөртэй байна. Энэ барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн гэдгээрээ онцлог.
Нийтдээ 200 гаруй уран бүтээлчид таван багц ажлыг хийсэн. Музейн орой хэсэгт 5.8 метр өндөртэй алтан шонхор байрлуулсан бол музейн хаалга уран дархны хийц агуулсан, алтадмал, эрдэнийн чулуу шигтгэсэн гээд цогц бүтээл болж буй. Мөн барилгын хоёр талд 748 Монголын эртний овог аймгуудын тамгыг байрлуулж, уран барилгад шингээсэн томоохон хэмжээний бүтээн байгуулалт юм” гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫН САНААЧЛАГА ШҮҮ , ТЭР СҮ. БАТБОЛДОД ХУДАЛДАГДАЖ УРВАСАН ХҮРЭЛСҮХ ОНТ ХАМААГҮЙ