20 мянгатаас илүү том дүнтэй дэвсгэрт гаргах ХЭРЭГЦЭЭ үүссэн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн жилийн наймдугаар сард Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзахдаа, төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгасан.

Тэгвэл Төв банкнаас УИХ-д өргөн барьсан 2023 оны мөнгөний бодлогын төсөлд “Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн ач холбогдол бүхий үр ашигтай зохистой бүтэцтэй болгохын  тулд шаардлагагүй зарим жижиг дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасах, 20,000-таас илүү том нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргах арга хэмжээг авах хэрэгцээ үүсэж байна” хэмээн тодотгожээ. Мэдээллээс эшлэхэд:

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж, шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор 1993-1995 онуудад мөнгөн тэмдэгтүүдээ шинэ загвартайгаар хэвлэж, гүйлгээнд гаргасан. Энэ хугацаанд 20,000-тын дэвсгэртийг 2006 онд хэвлэж гаргаснаас хойш шинэ дүнтэй аливаа дэвсгэрт гаргаагүй.

Одоогоор Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд 1-т, 5-т, 10-т, 20-т, 50-т, 100-т, 500-т, 1000-т, 5000-т, 10000-т, 20000-тын гэсэн нийт 11 төрлийн цаасан тэмдэгт хүчин төгөлдөр ашиглагдаж байна. Мөнгөн дэвсгэртүүдийг анх гаргаснаас хойших 29 жилийн хугацаанд мөнгөн тэмдэгтийн бүтэц, худалдан авах чадварт дараах өөрчлөлтүүд гарчээ:

• Монгол Улсын эдийн засаг өсөн томорч, 1993 онд 227 тэрбум төгрөг байсан нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 43.0 их наяд төгрөгт хүрч, 189 дахин өссөн байна. Инфляцаас шалтгаалан 1993 оноос хойш манай улсын мөнгөн тэмдэгтүүдийн дотоод худалдан авах чадвар буурсан.

Тухайлбал, өнөөгийн байдлаар 1, 5, 10, 20 төгрөгийн хувьд дотоод дахь бодит худалдан авах чадваргүй байгаагийн зэрэгцээ тэдгээрийг үйлдвэрлэх зардал нэрлэсэн өртгөөсөө өндөр байна. 20,000-тын мөнгөн дэвсгэртийн бодит худалдан авах чадварыг инфляцаас хамааруулан өнөөгийн байдлаар тооцвол анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурсан буюу 5960 төгрөгтэй (2006 оны үнээр) тэнцэж байна.

• Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгааг харуулах өөр нэг хүчин зүйл нь түүний гадаад валюттай харьцах ханш гэж Төв банк тайлбарлаж буй юм.

Хамгийн том дэвсгэрт болох 20,000 төгрөгийн хувьд анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартай тэнцэж байсан бол 2022 оны эхний хагас жилийн байдлаар 6.4 ам.доллартай тэнцэж байгаагаас үзэхэд гадаад худалдан авах чадвар 2.6 дахин буурчээ. Гэтэл манай улстай орлогын түвшнээрээ ойролцоо улсуудын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь дунджаар 40 ам.доллартой тэнцэж байна.

• Сүүлийн жилүүдэд 20,000-тын мөнгөн дэвсгэртийн хэрэглээ эрс өсөж байна. Тухайлбал, дэвсгэртийн тоогоор нийт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 8.1 хувийг эзэлж байгаа бол мөнгөн дүнгээр 67 хувийг дангаараа эзэлж байна. Үүнийг мэргэжилтнүүд хамгийн том дүнтэй дэвсгэртэд ирэх ачаалал хэт ихэссэн гэж үздэг.

• Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээгээр 2019 онд улсын хэмжээнд нэрлэсэн дундаж сарын цалин 1,124,300.00 төгрөг (394.5 ам.доллар) байсан бөгөөд үүнийг бэлнээр авах, төлөх шаардлагатай гэж үзвэл 56 ширхэг 20,000-тын мөнгөн тэмдэгт эсвэл 112 ширхэг 10,000-тын мөнгөн тэмдэгт шаардлагатай болно. Хөгжиж буй бусад орнуудтай харьцуулж үзэхэд дундаж цалинг том дүнтэй дэвсгэртээр бэлнээр олгоход 5-6 ширхэг дэвсгэрт шаардагддаг байна. Өөрөөр хэлбэл, манай улсын төв банк зохистой хэмжээнээс 10 дахин их дэвсгэрт ашиглаж байна.

• Дэвсгэртийн тооны хувьд 11 төрлийн цаасан тэмдэгт байгаа хэдий ч 1-т, 5-т, 10-т, 20-тын дэвсгэртүүд цөөн тохиолдолд мөнгөний хариултад ашиглагдах төдийгөөр хязгаарлагдаж, тэдгээрийн худалдан авах чадвар нь тэг байгаагаас ялангуяа 1-т, 5-тын дэвсгэртийг ихэвчлэн зориулалтын бусаар ашиглах хандлага нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан эдгээр жижиг дүнтэй дэвсгэртүүд Монголбанканд болон банкуудад буцан орж ирэхгүй байна.

• Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний дотоодын жижиглэнгийн зах зээл дээрх үнийг судалж үзэхэд өнөөдөр хамгийн хямд бараа 100-200 төгрөг (орос чүдэнз, ширхгийн бохь, найруулдаг цай) төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын ус түгээх худагт 10 литр усыг 10 төгрөгөөр худалдаж байна. Үнийн хувьд Номин хүнсний сүлжээ дэлгүүрийн барааг төлөөлөл болгон авч үзвэл ихэвчлэн үнийн хувьд 1249, 1319, 2679, 6559, 999 гэх мэт тогтоогдсон байна. Эдгээр энгийн тооцооноос харахад Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр байгаа мөнгөн тэмдэгт өнөө цагт:

• Инфляцаас шалтгаалан үнэгүйдэлд орсон,

• Үнэгүйдэлд орсноос шалтгаалан жижиг дэвсгэртийг хэвлэх өртөг нь нэрлэсэн үнээс өндөр байх болсон,

• Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн урт хугацааны үргэлжилсэн сулралтаас шалтгаалан гадаад худалдан авах чадвар муудсаар байна.

Түүнчлэн хэт олон тооны буюу 11 төрлийн цаасан дэвсгэртийн төрөлтэй байгаа нь оновчгүй, үр ашиг муутай бүтэц болж хувирсан байгаа тул Монголбанк цаашид бүтцэд нь шинэчлэл хийх шаардлагатай юм. Монголбанк энэ чиглэлээр олон улсад ашигладаг түгээмэл аргачлалуудыг ашиглан судалгаа, тооцоог хийж буй аж.

Төгрөгийн худалдан авах чадварын уналтаас шалтгаалан манай орны мөнгөн тэмдэгтийн зохистой бүтэц алдагдаад байна. Тухайлбал, манай улстай ойролцоо түвшний хөгжиж буй бусад орнуудтай харьцуулж үзэхэд эдийн засагт байх зохистой хэмжээнээс 9 дахин их тооны дэвсгэрт гүйлгээнд ашиглаж байна. Үүний зэрэгцээ хэвлэх өртгөөс хэд дахин бага нэрлэсэн дүнтэй, гүйлгээнд бараг ашиглагдахгүй дэвсгэртүүд (1-т, 5-т, 10-т) ч нэмэгдэж байна. Хамгийн том дүнтэй дэвсгэрт болох 20,000-тад ирэх ачаалал нэмэгдэж, бодит худалдан авах чадвар муудсаар байна.

Шаардлагагүй зарим жижиг дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасах, 20,000-таас илүү том нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргах арга хэмжээг авснаар Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн бүтэц дэх үр ашиггүй байдлыг бууруулж, бүтцийг сайжруулна. Том дүнтэй мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргасны дараа бусад олон тооны жижиг дэвсгэртүүдийн хэрэглээ буурч, эргэлт нь удааширснаар богино хугацаанд дахин дахин үйлдвэрлээд байх хэрэгцээ буурна гэж тайлбарлаж буй юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.101.29) 2022 оны 10 сарын 14

ард нь байгаа 3 тэгийг хасчихаач...

0  |  0
Zochin(103.26.193.27) 2022 оны 10 сарын 12

50000-тын мөнгөн дэвсгэр гаргаа. 100 доллар, 50000 вон гэж байхад 50000 т төг хэрэгтэй

0  |  0
Ц(202.9.46.86) 2022 оны 10 сарын 12

Цаас.цаас

1  |  0
Эгэл(66.181.190.32) 2022 оны 10 сарын 13

Мэргэжлийн байгууллага шийдэх ёстой асуудлаа судалгаатай ,шуурхай шийдэж байх нь чухал

1  |  0
Зараа(107.167.109.93) 2022 оны 10 сарын 14

хэнийг хуурах гээд бн? цаасан мөнгөн дээрх тоо нь ахих тусам инфляц буурчихна гэх гээд бн уу?

0  |  1
Зочин(192.82.91.170) 2022 оны 10 сарын 12

Новшнуудаа цаасан мөнгө ямар ч хэрэггүй болоод бна ш тээ. Төгрөг чинь улам л цаас болно

1  |  0
Top