Б.Энхбаяр: ААН-ийг зохиомлоор дампууруулж, мөнгө угаадаг технологи байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Манай улс чөлөөт эдийн засагт шилжсэн. Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа өөрөөс шалтгаалдаггүй нөхцөл байдал ямар ч бизнест маш том эрсдлийг авч ирдэг. Сүүлийн хэдэн жил олон бизнес хаалгаа барилаа. Яах ч аргагүй дампуурч байна. Ямар ч эрсдэл учирсан бай амиа хорлох зүйл рүү түлхэхгүйгээр тэр хүнийг аварч байх ёстой. Насан туршдаа зүтгэчихээд үр хүүхдээ өртэй болгоод үхдэг байж болохгүй" гэв. 

Түүнчлэн "Манай дампуурлын хууль үнэхээр шаардлага хангахгүй болсон. Үүнээс болж сүүлийн 20-30 жилд зохиомлоор худлаа дампууруулж, залилан хийдэг, авлигаждаг, мөнгө угаадаг бүхэл бүтэн технологи бий болсон байна. Өөрөөр хэлбэл, өөрсдөө танил талаараа зээл авч, худлаа дампуурч, татвар төлөгчдөөр төлүүлдэг мэргэшсэн ухаантай сүлжээ бий болсон байна. Тиймээс энийг хаах ёстой. Худлаа дампуурч ард түмний мөнгөөр баяждаг зүйлийг хаахын тулд энэ хууль заавал орж ирэх шаардлагатай байсан. Энэ хууль маш удаан дарагдсан, дөрвөн Засгийн газар дамнан дарагдсан. Би албаар гэж хардаг шүү" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top