ЧУУЛГАН: Дампуурлын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгалгүй байхаар тусгалаа. Хууль эсвэл гэрээнд  заасан мөнгөн дүнгийн үүргээ үргэлжилсэн зургаан сараар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцно. Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгах, түүний үйл ажиллагааг дахин шинээр сэргээхэд хууль оршино. Бизнес эрхлэх гэж байгаа хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, аварч үлдэх, төлбөрийн чадваргүй боллоо гэхэд ямар дарааллаар төлбөрөө гаргаж авах ёстой зэрэгт анхаарч хуулийг бүхэлд нь боловсруулсан. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Манай улс чөлөөт эдийн засагт шилжсэн. Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа өөрөөс шалтгаалдаггүй нөхцөл байдал ямар ч бизнест маш том эрсдлийг авч ирдэг. Сүүлийн хэдэн жил олон бизнес хаалгаа барилаа. Яах ч аргагүй дампуурч байна. Ямар ч эрсдэл учирсан бай амиа хорлох зүйл рүү түлхэхгүйгээр тэр хүнийг аварч байх ёстой. Насан туршдаа зүтгэчихээд үр хүүхдээ өртэй болгоод үхдэг байж болохгүй. Манай дампуурлын хууль үнэхээр шаардлага хангахгүй болсон. Үүнээс болж сүүлийн 20-30 жилд зохиомлоор худлаа дампууруулж, залилан хийдэг, авлигаждаг, мөнгө угаадаг бүхэл бүтэн технологи бий болсон байна. Өөрөөр хэлбэл, өөрсдөө танил талаараа зээл авч, худлаа дампуурч, татвар төлөгчдөөр төлүүлдэг мэргэшсэн ухаантай сүлжээ бий болсон байна. Тиймээс энийг хаах ёстой. Худлаа дампуурч ард түмний мөнгөөр баяждаг зүйлийг хаахын тулд энэ хууль заавал орж ирэх шаардлагатай байсан. Энэ хууль маш удаан дарагдсан, дөрвөн Засгийн газар дамнан дарагдсан. Би албаар гэж хардаг шүү. 

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА: Олон аж ахуйн нэгж, компани өр авлагаа авч чадахгүй байгаагаас бол дампуурч байна. Тэгэхээр шүүх дээр очлоо гэхэд шүүх тэр компанийн өмнөөс өр авлагыг нь хөөцөлдөж чадах уу. Өмнө нь шүүх шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр дээр авч чаддаггүй байсан. Жижиг авлагатай компани хэзээ ч өрөө авч чаддаггүй юм билээ. Энэ өр авлагыг нь барагдуулах дээр шүүх оролцож чадах уу. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Дампуурлын тухай хуульд сэхээн амьдруулах байхгүй, шууд чандарладаг жишгээр явсан. Жишээ нь, манай гурван үсэгтэй компани санхүүгийн бэрхшээлд орсон. Тэгээд гаднаас олон мэргэжилтэн авч ирж найман сар ажилласан. Ингэж байж амжилттай зээлээ авсан байдаг.  Нэг залууг шоронд аваачиж хийгээд 60 лицензийг нь хураагаад авчихсан. Одоо тэр хүмүүс нь баян, тэр залуу хоосон хоцорсон байдаг. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болсон дампуурлыг яаж зохицуулах юм. Сонсох нь ээ, тэр наймар шарга дээр МАН-ынхан яваад ам.доллар дараад байна гэх сураг байсан. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Б.Пүрэвдорж гэдэг хүн их зоригтой. МАН-ын хэн гэдэг хүн найман шарга дээр явж байгаагаа хэл. Хоёрт, тэр гурван үсэгтэй компаниа хэлчихмээр байна. Таныг ийм бөөрөнхий хүн гэж бодсонгүй. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top