Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2022.10.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 12 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар” болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дээрх хоёр асуулгын хариуг нэгтгэн танилцуулж буйгаа дурдав. Үүнд,
Иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр хүртээмжтэй хангах чиглэлээр баримталж байгаа бодлогын талаар:
Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолддог өвчин эмгэгийн үед хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн 159 эм, худалдааны нэрийн 590 эмэнд үнийн дүнгээс хамааруулан 30, 50, 70, 100 хувийн хөнгөлөлт олгохоор ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор баталж, гэрээ бүхий 1800 гаруй эмийн сангаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Үүний дотор зүрх судасны өвчин, уналт таталтын эсрэг эм, чихрийн шижингийн эсрэг эмүүд болон зарим вирусийн эсрэг эмэнд 70-100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлж байна гэв.
Иргэдэд очих эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг бууруулах, төсөвт хэмнэлт бий болгох зорилгоор бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,
- Ерөнхий гэрээгээр худалдан авах буюу цахим дэлгүүрт байршуулан худалдан авах үйл ажиллагааг 2021 онд 82 нэр төрлөөр, 2022 онд 116 нэр төрлөөр хийж 18.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ.
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 132 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Нийт 257 аж ахуйн нэгжийн 615 нэр төрлийн 1.1 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн. Ингэснээр иргэнд очих эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ тав орчим хувиар буурсан байна.
- “Новартис - Эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 15 нэрийн 24 тун эмийг хамгийн бага өртгөөр нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
- Ховор тохиолддог өвчин, эмгэгийг эмчлэх, зайлшгүй шаардлагатай эм болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүний дагалдах хэрэгслийн худалдан авалт, ханган нийлүүлэлт, нөөцийн бэлэн байдлын асуудал хариуцсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний чанартай холбоотой асуулга бөгөөд үйлдвэрүүдэд “GMP” хангуулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар:
2022 оны 10 дугаар сарын байдлаар дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн 33 үйлдвэрээс 7 эмийн үйлдвэр нь Монгол Улсын үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP) шаардлагыг хангасан, нэг үйлдвэр Франц Улсын хөндлөнгийн үнэлгээний гэрчилгээ авсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтын дагуу үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ танилцуулав.
Монгол Улсын дотоодын эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний 92 хувийг “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шаардлага хангасан үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) хангахад санхүүжилт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхтай холбоотой асуудлууд тулгардаг байна. Салбарын яамнаас “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS:5524-2014 стандартыг ДЭМБ-ын удирдамжтай 1:1 харьцаатай шинэчлэх, Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийн зээлд хамруулах, түүхий эд, савлагааны материал, туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг С.Энхболд сайд хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас тавьсан асуулгад дурдсан уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар танилцууллаа.
Манай улсад 1973 онд “Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн” улсын үйлдвэрийн газар, 1990 онд “Манбадацан” ХХК-ийн Манбадацан эмийн үйлдвэр, “Монг-Эм” ХХК-ийн эмийн үйлдвэр, 1991 онд “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” ХХК-ийн эмийн үйлдвэр, 2013 онд “Одь-Тан” ХХК-ийн эмийн үйлдвэр, 2015 онд “Мон-Интра” ХХК-ийн эмийн үйлдвэр тус тус байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар уламжлалт эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Эмийн чанар аюулгүй байдал, эмийн үйлдвэрийг чадавхжуулах, GMP хангах сургалт мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулснаар "Армон" эмийн үйлдвэр 2021 онд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын гэрчилгээг авсан байна.
Эмийн чанар үйлчилгээнд тавьж буй хяналт, цаашид хяналтын тогтолцоог сайжруулах бодлогын талаар:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд 2002-2021 онд эм, биобэлдмэлийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажилласан. 2021 онд 287 эм хангамжийн байгууллагад хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээнд хамруулсан бөгөөд хяналт шалгалтын явцад эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, хадгалалтын дэглэм алдагдсан, давхардсан тоогоор 769 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурдлаа.
Мөн 2022 оны нэгдүгээр улиралд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эмчилгээнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс олгож буй эмийн багцын хадгалалт, зарцуулалт, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэж байгаа болон эмийн санд худалдаалагдаж байгаа яаралтай тусламжийн, вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд таван удаагийн хяналт үнэлгээг хийсэн гэв.
Алслагдсан сум, багт зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ тэгш эдэлж чадахгүй байгааг хэрхэн шийдвэрлэх талаар:
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй 1994-2008 онд 17 аймгийн 285 суманд, 2010 онд Төв аймгийн 26 суманд эмийн эргэлтийн санг байгуулсан. Ингэснээр 18 аймгийн 311 сумын иргэдийг эмийн эргэлтийн сангаар дамжуулан зайлшгүй шаардлагатай эмээр хангах тогтолцоо бүрдсэн байна.
Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг үнэлэх зорилгоор өнгөрсөн онд 18 аймгийн 215 сумын иргэд, эмийн эргэлтийн сангийн ажилтнуудаас асуумж судалгаа авчээ. Уг судалгаагаар эмийн эргэлтийн сангийн 67 хувь нь эдийн засгийн хувьд “ашигтай”, 33 хувь нь “ашиггүй” гэсэн үзүүлэлттэй гарсан бөгөөд судалгаанд хамрагдсан эмийн эргэлтийн сангийн ажилтнуудын 66 хувь нь эмийн эргэлтийн санг хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Иймд орон нутгийн хүн амын тоо, бүтцийн онцлогт тохирсон байдлаар эргэлтийн эмийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан зарим нэр төрлийн эмийн тасалдал үүсэж болзошгүй нөхцөлийг хэрхэн зохицуулах талаар:
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/178 дугаар тушаалаар импортоор оруулж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эд, тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Сүүлийн хоёр сарын байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх долоон байгууллагын 69 нэхэмжлэхийн төлбөр болох нийт 24.1 тэрбум төгрөгийн гүйлгээний хүсэлтийг Монголбанканд хүргүүлж, гүйлгээний 80 хувийг хийжээ.
Түүнчлэн холбогдох байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр сарын байдлаар 34 байгууллагын 77 чингэлэг ачааг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн эмийн нөөц, тасалдал, валют гүйлгээ, тээвэрлэлт, үнийн өсөлтийн талаарх саналаа Эдийн засаг, хөгжлийн яаманд тухай бүр хүргүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа талаараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр, зах зээлд эрэлт өндөр байдаг гол нэрийн 75 эмийн үнийг судалсан. Эмийн үнийн өсөлтөд түүхий эд, сав, баглаа боодлын үнийн өсөлт, ханшийн зөрүү, тээврийн зардал нөлөөлж байна гэв.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас татан авсантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/330 дугаар тушаалаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен, А.Адъяасүрэн, Ц.Туваан, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэллээ.
Гишүүдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа гэлээ. Мөн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал дотоодын зах зээлд байгаа эмийн орц, найрлага нь стандартын шаардлага хангаж боловч үзүүлэх үйлчлэл нь харьцангуй өөр байгаа талаар иргэдээс гомдол, санал ирүүлсээр байна. Иймд Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос энэ асуудалд онцгой анхаарал тавьж ажиллана гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа эмийн чанарт олон хүчин зүйл нөлөөлдгийг дурдаад эмийн тээвэрлэлт, хадгалалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Манай улсын эмийн зах зээлийн 79 орчим хувийг импортоор, үлдсэн 21 хувийг дотоодын эмийн үйлдвэрүүдээс авдаг. Тиймээс импортоор авч байгаа эмийн чанарыг шалгахад орчин үеийн стандартад нийцсэн лабораторитой болох шаардлагатай. Ийм лабораторийг байгуулахад 5.3 тэрбум төгрөгийн төсөв шаардагдана гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенээс манай улсад үйлдвэрлэсэн эмийг олон улсын нэршлээр бүртгэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар тодруулсан асуултад, "Манай улсад бүртгэлтэй 4310 эм олон улсын нэршлээр бүртгэгдсэн. Холбогдох журмуудыг шинэчлэх, бүртгэлийг цахимжуулах ажлын хэсгүүд ажиллаж байгаа" хэмээн салбарын сайд хариулав.
Ингээд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Туваан нар үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Үндэсний статистикийн хорооны судалгаагаар хүн амын 42.2 хувь нь ядуу бөгөөд ядууралд өртөх эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Үүнд нөлөөлж байгаа шалтгааны нэг нь эмийн үнэ болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг байна. Олон улсын жишгээр өрхийн эмийн хэрэглээнд зарцуулж байгаа зардал орлогын 15 хувиас хэтрэхгүй байдаг. Гэтэл манай улсад өрхийн орлогын 40 орчим хувьтай тэнцэх хэмжээнд байгаа нь ядууралд хүргэхэд нөлөөлж байна. Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн ч хангалттай үр дүн гарахгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад тусгай зөвшөөрөлтэй 256 эм ханган нийлүүлэх байгууллагын 101 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн зах зээлийн 80 гаруй хувийг аравхан компани эзэлдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд зах зээлийн үнээс 18 хувиар илүү үнээр эм оруулж ирж байгаа нь салбарын яамны бодлогын хэрэгжилт хангалтгүй, эмийн хяналт сул байгааг харуулж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас Нийгмийн эрүүл мэндийн тухай болон Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хэрэгтэй байна” хэмээв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан 2020 онд Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогын шинэчлэл хэрэгжихгүй байгааг онцгой анхаарч ажиллахыг сануулаад анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийн программ бүрэн нэвтрээгүй, гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадаагүй байгааг хэллээ.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны хуралдаанаар эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэв.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Засгийн газраас 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Бейсен, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.
“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төслийг талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Их Хурал 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хороог байгуулах тогтоол баталсан. Улсын Их Хурлын гишүүн Тогмидийн Доржханд тус хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах болсон шалтгаан нь нэг гишүүн гурван түр хорооны бүрэлдэхүүнд ажиллах хуулийн зохицуулалттай учраас уг түр хороонд ажиллах боломжгүй болсон талаар тайлбар хийв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь нь дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгалаа
Дараа нь “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд Монгол Улсын сайд, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай саналаа Эдийн засгийн байнгын хороонд ирүүлснийг онцлов.
Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад Хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч байгаа аж. Энэ хүрээнд шинжээч томилон ажиллуулах, улмаар Хөгжлийн банкны асуудлаар бүхэлд нь хянан шалгахад хугацаа шаардлагатай тул Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хүсэлт гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар үг хэлсэн. “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 67.4 хувь нь дэмжлээ.
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах,
хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов
“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны санал, дүгнэлтийг санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уншиж танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 06-ны 48 дугаар тогтоолоор Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар тус Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Түр хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1965 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Авто механик-инженер, эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Тэрбээр 1990-1992 онд ОХУ-ын Рыпкооп улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” компанийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, 2011-2012 онд “МИАТ” компанийн ТУЗ-ийн дарга, 2013 оноос Булган аймгийн МАН-ын хорооны дарга, 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түр хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар сонгохыг дэмжиж, “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй.
Байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй долоон саналыг гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явууллаа.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )