Нэгэн цагт У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж байсан “Өргөө” амаржих газарт ахиад л бужигнаан үүслээ. Засгийн газраа унагаадаггүй юм гэхэд салбарынхаа сайдыг унагаад авах өндөр магадлалтай аж. Зөвхөн энэ ч биш, эрүүл мэндийн салбарт сөрөг зүйл олон бий.
Өдгөө Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа С.Энхболдын хувьд нуруу алдалгүй ажлаа явуулж ирсэн ч энэ засагт “Дан дээл”-тэй сайд нар хэрэггүй учраас далим гаргаад явуулах байх. Нөгөө талаар ганцхан эмнэлэг дээр ямар олон сөрөг асуудал байгааг баримтаар дэлгэчихлээ.
Эрүүл мэндийн салбар, ялангуяа нэр бүхий эмнэлэг тойрсон эмч нарын бизнесийг таслан зогсоох тухай олон жил ярьсан. Одоогийн байдлаар “Өргөө” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баянжаргал I төрөх эмнэлгийн дэргэд байрлах “UBH” төвд “Бүрэн мед” эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулдаг байна. Тэрбээр 2017 оноос тус эмнэлгийг ажиллуулж, удирдаж байсан бол 2021 оны гуравдугаар сард Т.Содбилгүүнд удирдлагын ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэгвэл мөн “Өргөө” амаржих газрын Чанарын албаны дарга С.Мөнхзул нь тус эмнэлгийн зүүн талд байрлах “TG” төвийн II давхарт “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулдаг аж.
Одоо уг эмнэлгийг В.Алтанзул удирдаж байгаа бол компанийн өмчлөгчөөр С.Мөнхзул байгааг баримтаар гаргаж тавьжээ. Түүнчлэн амаржих газрын дэд дарга П.Эрдэнэцэцэг “Би цус гаргаж байж явна шүү. Та нар намайг барахгүй” хэмээн заналхийлээд байгаа.
Тэгвэл нийслэлийн "Өргөө" амаржих газрын удирдлага, хүний нөөцийн талаар тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ноцтой мэдээлэл хийсэн. Тиймээс энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "НТВ" телевизэд байр сууриа илэрхийлж, тус төрөх эмнэлэгт яаралтай шалгалт оруулахаа мэдэгдээд байгаа. Энэ үеэр Д.Амарбаясгалан сайд "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас яаралтайгаар шалгалт оруулна. Өнөөдөр яаралтай Ажлын хэсэг байгуулаад оруулна гэсэн чиглэл өгөөд байна. Үнэхээр ажлаа явуулахын тулд ажлын байран дээр зөв шаардлага хандлагыг тавьж ажиллаж байсан захирлын ажлыг өөрчилсөн байх тохиолдолд эргэж харах ёстой. Ер нь төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан байна гэдгийг олон газраас харлаа" гэв. Тэгэхээр эх сурвалжийн энэ мэдээллээс харахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэсэж үлдэхгүй бололтой.
Эрүүл мэндийн салбар эртнээсээ элдэв асуудал үүсгэж, тэнд ажиллаж байсан сайд, дарга нар ч авлига албан тушаалын хэрэгт холбогдох нь элбэг. Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа 2013 онд “Улсын 15 эмнэлгийн даргын тав нь хувийн эмнэлэгтэй, давхар ажил эрхэлж байгаа” талаар дуулгаж байсан. Хувьдаа эмнэлэгтэй төрийн өмчийн эмнэлгийн дарга нар ашиг хонжооны төлөө мөнгөний сонирхлоор өвчтөнүүдийг үзэхгүй, хүнд суртал гаргаж байгаад зориуд хувийн эмнэлэг рүү явуулдаг үзэгдэл байсаар байна.
Мөн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж асан Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарын хурган дарга нар 3-7.8 тэрбумын хөрөнгийн хадгаламжтай байна” гэх мэдээллийг өгч байсан. Тодотговол, нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадорж гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгөөс гадна 82.2 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол тухайн үед Гэмтлийн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай, Герентологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 137.7 сая төгрөгийн хадгаламжтай байгааг баримтаар ил болгож байсан. Гэтэл тэдний үндсэн цалин нэг сая төгрөг ч хүрдэггүй.
Зөвхөн төрийн өмчит эмнэлгүүдийн дарга, хурган дарга нар ч бус Эрүүл мэндийн сайдаар урьд өмнө ажиллаж байсан сайдууд ч хувьдаа бизнестэй бөгөөд хувийнхаа бизнесийг яамнаас дэмждэг байсан гэх.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ ураг болох Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, Эрүүл мэндийн сайдаар тус тус ажиллаж асан А.Цогцэцэг "Аварга тосон" амралтын дэргэд сувиллын эмнэлэгтэй байсан бол дэд сайд Ж.Цолмон мөн хувийн эмнэлэгтэй байсан. Үүнээс гадна С.Ламбаа, Л.Гүндалай, Г.Шийлэгдамба, Т.Мөнхсайхан гээд энэ салбарыг удирдаж байсан сайд нар бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байв. Т.Мөнхсайхан сайдын алба хашиж байхдаа Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандтай нийлж, цар тахлаар далимдуулан, 18 тэрбум төгрөгийн ажилладаггүй тоног төхөөрөмж яаманд шахсан гэх баримт ч бий.
Д.Сарангэрэл сайд гэхэд л ковидын үеэр ихээхэн хэмжээний мөнгөөр нам санхүүжүүлсэн байж магадгүй гэх хардлага ч хаа сайгүй бий. Цар тахлын үеэр нэг хүний эмчилгээний зардалд найман сая төгрөг зарцуулсан нэрээр асар их мөнгө гаргасан гэх яриа өдгөө ч замхараагүй байна. Түүнчлэн Д.Сарангэрэл сайдын үед гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн үнэ бүхий хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн авах чадалтай. Эрэмбэлэн ангилалт, дүрс оношилогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж байжээ. Гэвч уг эмнэлэг нь огт ашиглагдаагүй буюу иргэдэд үйлчлээгүй сураг тасарсан гэх мэдээлэл ч байдаг.
Мөн Эрүүл мэндийн сайдаар ажилласан С.Ламбааг Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлтэй хамт хоёр тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгасан. Н.Түмэндэмбэрэл С.Ламбааг сайд байх үед Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Төрийн нарийн бичгийн даргаасаа сайдын суудалд шилжсэн Н.Хүрэлбаатарыг ч хэрэгт холбогдуулан шалгаж байв.
Н.Түмэндэмбэрэл “Лабтех” компани байгуулаад эм эмнэлгийн хэрэгсэл, багаж, төхөөрөмж, урьдчилан сэргийлэх вакцин, биобэлдмэл, лабораторийн урвалж бодис, оношилгооны бэлдмэл оруулж ирдэг төдийгүй тендерийн комиссын даргаар ажилладаг байхдаа албан тушаалаа ашиглаж, өөрийн компаниа шалгаруулдаг байсан аж. Түүнийг ажиллаж байх үед Эрүүл мэндийн яам 10 гаруй тэрбум төгрөгийн тендер зарлагдсан байдаг. Мөнхүү Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба гэхэд авлигын хэргээр ял эдэлж байв. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт бугшсан авлига, албан тушаалын хэрэг болон хувийн бизнесээ төрийн өмчит эмнэлгээр дэмжүүлсэн гээд байвал дуусахгүй урт дараалал үүснэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
хувьдаа эмнэлэгтэй эмч нар улсын эмнэлэгт ажилладагийг болиулах хэрэгтэй. ийм эмч нар улсын эмнэлэгт ирсэн хүнийг ёс төдий чанаргүй үзнэ, яагаад гэвэл хувийн эмнэлэгтээ цаг зав, хүч анхаарлаа зарцуулна.
одоогийн байгаа сайддаа ч хариуцлага тооцож чадахгүй байж тэр өнгөрсөн сайдуудыг яриад ч яахав дээ, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн юм байга биз. Одоо энэ салбарыг төлбөртэй үйлчилгээг нь чөлөөт зах зээлээр нь явуулаач ээ, хэдий болтол үнэ төлбөргүй байлгаж, улс төржүүлсээр байх юм бэ? Хэдэн Улаан загалмайн эмнэлгийг үнэгүй үлдээгээд бусдыг нь тодорхой хэмжээний төлбөртэй болгосон нь дээр, тэгэхгүй бол энэ салбар дампуурлаа. Зах зээлээрээ хөгжөөд явсан салбар өөрөө хөл дээрээ босч байна шүү дээ
Сүүлийн 30 жилд бугшиж яр ургасан асуудал харин С.Энхболд сайн ажиллаж байгаа
МАНы ганц чаддаг юм нь хулгайлах гэмт хэрэг.
ёстой юуч хийдэггүй дурак. өмнөговийн БОЭТ-ийн захирал авгайг одоо болтол байлгасаар. /үүрэг гүйцэтгэгчээр/. өнөөх нь сая 100 гаруй сая төгрөгийн тавилга авчирчихаад сууж байна. нөгөө хэмнэлтийн сүржин хуульч яалаа. хамгийн сонин нь энэ хүнээ гаргаачээ эмнэлэг сөнөлөө гэсэн чинь ”чи АН-саа гараад манай намд элс.тэгвэл чамайг халахгүй” гэсэн байгаа юм.юу болж байнаа.Амарбаясгалан гуай ӨМ-ийнБОЭТөвд шалгалт хэрэгтэй байна.
Enkhbold,Munkhsaikhan 2 uulaa sain ajolasan ajillaj baigaa
Монголчууд мал болчихсон энд хэрэлдээд хүний өмч хөрөнгө булаацалдаад яах вэ. МАН угаасаа л ийм замаар явуулчихсан. Нийгмээрээ хулгайч болчихсон шүү
Эд нараасаа одоогийн сайд нь арай хэрэгтэй нь шүү. Аль ч талаасаа.