“Bloomberg”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Төв банкны Ерөнхийлөгч валютын нөөц багасахтай зэрэгцээд гадаад валютын хямрал улам дордож байгаа энэ үед өрийг хяналтандаа байлгахад гол анхаарлаа хандуулж байна гэв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нөөц нь дээд цэгтээ хүртлээ буюу 45 хувиар унасны дараа Монгол Улсын гадаад валютын асуудал хурцдаж байна. Тус улсын хамгийн том зээлдүүлэгч Хаан банк "хөрвөх чадварын асуудал" гэсэн шалтгаанаар есдүгээр сараас эхлэн харилцагчдынхаа гадаад валют худалдан авах хэмжээг хязгаарлаж эхэлсэн. Бусад арилжааны банкууд ч мөн ийм арга хэмжээ авч эхлээд буй.
Валютын хямрал нь энэ онд экспорт буурч, эрчим хүчний үнийн өсөлт импортын зардлыг нэмэгдүүлсэн болон худалдааны хамгийн өргөн хэмжүүр болох Монгол Улсын урсгал дансны алдагдалаас үүдэлтэй. Монголын хамгийн том худалдааны түнш болох хөрш Хятад руу нийлүүлэх тээвэрлэлт Бээжингийн “Covid Zero” бодлогоос болж ихээхэн тасалдсан. Урсгал тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 2.4 тэрбум ам.доллар болсон нь 2021 оны мөн үеийнхээс 43 хувиар их байна.
Тус улсын Төв банкны тэргүүн урсгал дансны дарамтыг бууруулахын тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна. Хилийн боомт дээр үүссэн гацааг арилгах замаар тээврийн зардлыг бууруулснаар ханшийн дарамт, үнийн өсөлтийг бууруулахад тус дөхөм болно гэв. Монгол Улсын төрийн өр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэж байна. Дэлхийн банкны тооцоолсноор 2021 он гэхэд нийт өрийн харьцаа, төсвийн гадуурх зүйлүүдийг оруулаад бүтэн жилийн хугацаанд 92 хувьтай байна.
“Fitch Ratings Ltd” компанийн Ази, Номхон далайн орнуудын зээлжих зэрэглэл хариуцсан дэд захирал Жорж Сю “Төрийн өмчит компаниуд олон тооны төрийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж байгаа тул төрийн өмчит компаниуд Монголын төрийн санхүүд болзошгүй хариуцлагын эрсдэл үүсгэж байна” гэв.
Төгрөг энэ онд ам.доллартай харьцах ханшийнхаа 15 орчим хувийг алдсан бөгөөд АНУ-ын хүүгийн өсөлт түүнийг сулруулахад нөлөөлсөн. Монголбанк саяхан бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн нь эдийн засагт “тогтвортой байдлыг хадгалах” зорилготой гэж Ерөнхийлөгч нь мэдэгдээд буй.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )