Волейболын дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Энэ үеэр бид "Улаанбаатар" волейболын клубийн багийн ахлагч, хоёр хөөрхөн хүүгийн ээж, спортын мастер Д.Эрдэнэбулгантай ярилцлаа. Даруухан, ухаалаг энэ бүсгүй Сэлэнгэ аймгийн харьяат. Волейболоор хичээллээд 14 жил өнгөрчээ.
-Энэ жилийн дээд лигийн тэмцээн хэр болж байна, таны хувьд?
-Өнгөрсөн жилийн өдийд төрөх хугацаа дөхчихсөн, гэртээ үзэгчийн хувиар огшоод сууж байсан юм. "Ирэх жил хүч үзнэ дээ" гэж бодоод л. Удаан хүлээсэн болохоор ч тэр үү энэ жил догдлол дүүрэн оролцож байна.
Гэхдээ хүүхдүүдээсээ хол байгаа болохоор жаахан гунигтай.
-Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу, хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр ихэр хөөрхөн хүүтэй. Тэд маань удахгүй ой хүрнэ. Би гэж хүн лиг эхлээд завгүй, нөхөр маань ажлаар гадагшаа явчихсан. Хүүхдүүдийг маань харах хүнгүй болохоор нь Сэлэнгэд байдаг ээж рүүгээ хүргээд өгчихсөн юм. Уулзалгүй сар гаран боллоо. Их санаж байна.
-Бэлтгэл, тэмцээн гээд их л завгүй байдаг байх. Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Спортын хүнд арыг нь бат даах, дэмжих хүн маш чухал. Том дэмжигчид байж л бид амжилт гаргана.
Миний ээж, нөхөр гээд гэр бүлийнхэн маань намайг маш сайн дэмжиж, тусалдаг. Ээж маань намайг анх волейболын бэлтгэлд "хөтөлж оруулсан" хүн. Одоо ч дэмжиж, "Хүүхдүүддээ санаа зовохгүйгээр, сэтгэл зүрхээ тэмцээндээ зориулаарай" гэж хэлсэн. Үргэлж арыг минь даадаг ээждээ маш их баярладаг гэдгээ энд дамжуулж хэлмээр байна.
-Яагаад волейболоор хичээллэх болов, ээж тань оруулсан гэсэн үг үү?
-2008 онд ахлах сургуульд байхдаа ангийнхаа хүүхдийг дагаж, бэлтгэлд явж эхэлсэн. Тэгээд л энэ спортод маш их дурлаж, эргэлт буцалтгүйгээр орсон. Ингэж хичээллэхэд ээж маань урамшуулж, дэмжиж байсан болохоор хөтөлж оруулсан гэж хэлсэн юм.
Анхны багш нар маань Г.Баярсайхан, О.Наранбаатар гээд хоёр сайхан спортын мастер бий.
Хоёр багш маань хүүхдүүдээ уйгагүй хичээллүүлсний дүнд манай Сэлэнгийн тамирчид богино хугацаанд том амжилт гаргасан гэж боддог юм. Бэлтгэл хийгээд хоёр жилийн дотор манай Сэлэнгэ аймгийн баг Улсын аварга болж байлаа. Тухайн үед аймгийн түүхэнд байгаагүй медаль хүртэж, бөөн баяр болсон.
-Волейболын юу нь сайхан байдаг бол, яагаад энэ спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон бэ?
-Волейбол хүнийг маш их төлөвшүүлж, хөгжүүлж, амьдралд сургадаг. "Спортоор хоолоо олж идэж чадахгүй" гэж хүмүүс их ярьдаг байсан. Энэ ойлголт одоо хоцрогдсон. Спортын салбарт маш их зүйл өрнөж, эргэлдэж байна.
Би хүнд гэмтэж, хоёр удаа өвдөгний хагалгаанд орж байсан юм. Эхний удаад шөрмөсөө тасалсан. Алхаж чадахгүй байсан тэр үедээ "Тэгшхэн л алхдаг болчихвол дахиж тоглохгүй, больё" гэж бодож байсан юм. Гамаа сайн бариад жил гаруйн хугацаа өнгөрсний дараа тэр бодол маань замхраад алга болчихсон. Волейболоос яасан ч холдож чадахгүй юм билээ.
-Багийн ахлагчийн хувьд багаа хэрхэн удирдаж байна?
-Бидний волейбол тоглож байгаа зорилго бол ялж, ялагдахдаа чухал биш. Нийгэмд эергээр нөлөөлөх ёстой. Бид гоё тоглолт үзүүлж, тэмцэх нь чухал. Гэхдээ тэмцээн учраас мэдээж ялахыг хүснэ.
Багийн ахлагчийн тухайд, би үгээрээ биш, үйлдлээрээ үзүүлэхийг хичээдэг. "Би"-гийн үзэл суртал манай баг дээр, тоглолтууд дээр ч гарах ёсгүй. Энэ хамгийн гол зарчим.
-Энэ жил дээд лигт багууд легонер тамирчин урьж, нэлээд өндөр ач холбогдол өгч байгаа юм шиг санагдсан?
-Тийм ээ. Өмнөх лигийн тэмцээнүүдэд 5-6 баг л тогтмол оролцдог байсан. Энэ жил манай "Улаанбаатар" клуб болон Өвөрхангайн клуб нэмэгдээд нийтдээ 9 баг оролцож байгаа. Дээд лигт 9 баг орно гэдэг маш өндөр үзүүлэлт. Мөн ихэнх багууд легонер тамирчин урьж, оролцуулж байна. Энэ жилийн багууд маш өндөр ач холбогдол өгч оролцож байна. Чанарын хувьд өнгөрсөн жилүүдээс харьцангуй сайн болсон.
-Тамирчдадаа хандаж хэлэх үг байна уу, энэ хэсгийг танд үлдээе.
-Гэмтэл, бэртэл битгий аваасай л гэж хүсэж байна. Гэмтэл тамирчин хүнийг хэн ч биш болгодог. Харин волейболоор хичээллэж эхэлж байгаа хүүхдүүддээ хандаж хэлэхэд дуртай спортоо битгий орхиорой, зорилгодоо заавал хүрээрэй.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )