Улаанбаатар хотод ихээхэн хэмжээний цас унан, лавсаж байгаа нь хүйтний эрч аажимдаа чангарахын дохио. Өнгөрөгч 2018 онд шахмал түлшний үйлдвэр байгуулж, нийслэл хот руу түүхий нүүрс оруулахыг хатуу хориглосон. Улмаар 2020 онд нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэг орчимд шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг байгуулсан юм. Ямартай ч Улаанбаатар хотын утаа эрс буурсан гэдэгтэй санал нийлэх хүн олон бий. Гэхдээ утааны хор хөнөөл, түлшний олдоц, чанар, үнэ гэх мэт шүүмжлэл дагуулдаг ч “Тавантолгой түлш” байгаа чадлаараа ажиллаж ирсэн гэдгийг албаныхан дурдсан.
Тэр тусмаа 2020, 2021 онд шахмал түлш нь ихээхэн шүүмжлэл дагуулж ирснийг үйлдвэр болон бусад харьяалах байгууллагуудад шууд нааж боломгүй. Яагаад гэхээр “Тавантолгой түлш” компани үйлдвэрлэлийн хэмжээгээ жилээс жилд хэдэн мянган тонноор өсгөж ирсэн ч агаарын бохирдлыг бууруулах зардал жилээс жилд буурч өнөөдрийн төсөвт 27 тэрбум төгрөг суулгаад байна.
Түлшний үйлдвэрлэл нэмэгдэх хэрээр ямар нэгэн хэмжээгээр утаа нэмэгдэх учиртай. Гэтэл утаатай тэмцэх зардлаа огцом багасгаж байгааг буруутгахаас өөр аргагүй.
Энэ тухайд аваад үзэхэд, 2016 онд агаарын бохирдлыг бууруулахаар төсвөөс таван тэрбум төгрөг өгсөн байх юм. Тэгвэл 2017 онд таван тэрбум, 2018 онд 16 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин “Тавантолгой түлш” үйлдвэр ажиллаж эхэлсэн 2019 онд 75 тэрбум, 2020 онд 77 тэрбум, 2021 онд 74 тэрбум, 2022 онд 43,6 тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ. Харин ирэх 2023 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж 27 тэрбум 222 сая төгрөг төсөвлөөд байгаа юм. Түлшний үйлдвэр байгуулахаас өмнө тав орчим тэрбум төгрөг өгч байсан бол шахмал түлшний үйлдвэр байгуулсан цагаас хойш зардлаа өсгөж, утааны чиглэлд анхаарч ажилласан нь эрх биш харагдана. Өдгөө төсвөөс 27 тэрбум төгрөг өгчихөөд “Утаатай тэмц” хэмээн тулгах нь зүйд нийцэх үү. Ийм бага мөнгө өгчихөөд “Утаатай тэмцэхгүй байна” гээд хариуцлага ярьж болох уу гээд олон асуудал урган гарна.
Тиймдээ ч иргэд түлшний чанар муудаж, утаа ихэссэн хэмээн хэл ам дагуулж эхэлсэн 2021 оноос агаарын бохирдлыг бууруулах төсөв огцом танагдсан байгааг дээрээс харж болно. Утаа багасгах зардлаа огцом бууруулаад байхаар яаж бид утаанаас салах юм бэ. “Дүлийдээ найдаж унгараг” гэгчээр бүхий л бурууг “Тавантолгой түлш” компани руу чихчихээд сууж болохгүй. Нөгөө талаар орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл нийслэлд өдөртөө хэдэн арваараа, сардаа хэдэн зуугаараа, жилдээ хэдэн мянгаараа өрх айл нүүж ирсэн статистик баримт бий. Тодотговол сүүлийн таван жилийн байдлаар нэг жилд дундажаар 30-40 мянган иргэн нийслэлд шилжин ирж байгааг дурдажээ. Мөн түлш үйлдвэрлэлийн хэмжээг аваад үзэхэд хангалттай шалтгаан харагдана.
Тодотговол, “Тавантолгой түлш” компани 2019-2020 оны өвөл нийт 350,906 тонн шахмал түлш борлуулсан бол 2020-2021 онд 552 мянга 678 тонн, 2021-2022 онд 517 мянга 128 тонныг, 2022-2023 онд 690 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх тооцоолол гаргажээ. Анх 2019 онд боруулалт хийж эхэлсэн жил 350 орчим мянган тонн түлш хэрэглэж байсан бол гуравхан жилийн дараа хоёр дахин их түлш хэрэглэхээр болж байна. Гэтэл агаарын бохирдлыг бууруулах зардал нь жилээс жилд буурсаар айсуй онд 27 тэрбум төгрөг болсон зэрэг төрөөс явуулж байгаа бодлого, хуваарилж байгаа төсөв хөрөнгөд ихээхэн учир дутагдал байгааг шүүмжлэх болов. Уг нь бол шахмал түлшний нийлүүлэлт ихсэх тусам агаарын бохирдлыг бууруулах зардал дагаад өсөж байх ёстой ч эсрэгээрээ уруудаж байгаа нь зохицуулалт байхгүйг харуулна.
Шинэ тутам үйлдвэр эрхэлж байгаа улсад алдаа оноо байж таарна. Харин үүнд чиг үүргийн дагуу Эрчим хүчний яам анхаарал хандуулах ёстой. Түлшний үйлдвэрлэл, техник технологи, чанар, ажилтан, алба хаагчдаас эхлээд бүхий л зүйлд хяналт тавьж, хамтран ажиллах ёстой газар бол Эрчим хүчний яам. Учир нь “Тавантолгой түлш” компани нь тус яаманд харъяалагддаг. Гагцхүү үйлдвэрийн нээлт болон шинэ технологи нэвтрүүлэхээр Эрчим хүчний сайд, дарга нар очиж тууз хайчлан шоудаад байдаг. Түлшний чанар, утааны асуудал сөхөгдөөд ирэхээр Эрчим хүчний яам нь чимээгүй алга болж, “Тавантолгой түлш” компани, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэд шүүмжилж эхэлдэг дадлыг сүүлийн хэдэн жилд олон нийтийн дунд суулгаж өгчээ. Иргэд ч гомдол саналаа харъяа яаманд нь өргөн барьж байж асуудлаа шийдвэрлүүлэх учиртайг ухамсарлах хэрэгтэй.
Сүүлийн хоёр жил түлш, утааны тал дээр багагүй шүүмжлэл дагуулж ирсэн ч энэ жилийн хувьд тус компани нь шүүмжлэлийн дагуу бэлтгэл ажлаа базаасан гэдгийг албаны эх сурвалжууд дуулгана лээ. Өнгөрөгч хоёр жилд утаа нэмэгдсэн олон шалтгаан бий. Цар тахлын улмаар хөл хорио тогтоож, хил гаалийн асуудал хүндхэн байгаа үед санаан зоргоор түүхий эдээ татаж авч чадахгүй байв. Нэг үе түлшний компани бүү хэл бүрэн Монгол Улс өөрөө ч хил нэвтэрч чадахгүй байлаа шүү дээ. Яах аргагүй энэ үед үйлдвэрийн түүхий эд болон бусад зүйлд доголдол үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн гол нь Улаанбаатарын айл өрхийн тоо жилээс жилд өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ хэдэн мянган тонноор нэмэгдэж байгаа зэрэг асуудалд зохицуулсан үйлдвэрлэл, төсөв хөрөнгө хэрэгтэй байгааг төрөөс анхаарах хэрэгтэй.
Хөдөөд ажлын байр байхгүй. Сумын төвд гэхэд Засаг даргын тамгын газар, Хүн Эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагад нийлээд 100 хүрэхгүй алба хаагч, ажилтан бий. Дайварт нь Мал эмнэлэг, Цахилгаан холбоо, Цаг уур орчны шинжилгээ гэх мэт албан байгууллагад тус бүртээ хоёр, гурван хүний орон тоо гэсхийгээд болно. Үүнээс өөр ажлын байр байхгүй учраас иргэд амьдралын эрх даган, амьжиргаа хөөж нийслэлд олноор ирж суурьшиж байна. Амьжиргаа хайж, ажлын байр эрж ирсэн иргэд нийслэлд ирээд орон сууцанд шууд орчихгүй. Одоогийн байдлаар шилжин ирсэн иргэдээ орон сууцанд ямар нэгэн байдлаар хамруулчих боломж төрд ч, иргэнд ч алга. Тиймээс ах дүү, танил талын хашаанд нэг гэрийн буурь засаад авснаар нэг яндан нэмэгдэнэ. Хамгийн сүүлийн буюу хоёр жилийн өмнөх хүн ам, орон сууцны тооллогын албан мэдээнээс харахад Улаанбаатар хотод нийт 411 мянган 420 өрх амьдарч байгаагаас уламжлалт монгол гэрт 91 мянга, 249 мянган өрх, гэр хорооллын байшинд 317 мянга 944 өрх амьдарч байгааг дурджээ. Албан мэдээнээс харахад байшинд амьдарч байгаа өрхийн 20 орчим хувь нь цахилгаан болон бусад эх үүсвэрээс халаалтаа авдаг байна. Тэгэхээр тухайн үед нийслэлд 350 мянга орчим яндан байна гэсэн үг. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс огтхон ч буураагүйг “Тавантолгой түлш” компанийн борлуулалт, бусад албан мэдээллээс харж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )