Шилэн хоргонд өвөрмөц, содон загвар хийцтэй, он жилүүдийн түүхийг цогцлоосон өнгө, өнгийн жижиг модель машинууд харагдах ба өөрийн эрхгүй хараа булаана. Тус модель машиныг урладаг эрхэм хүмүүнийг Ү.Одонбаяр гэдэг. Тэр 1990 оноос хойш 30 гаруй жил модель машин цуглуулж өдгөө урлан болтол нь хөгжүүлсэн байна. Түүний урлангаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Ү.Одонбаярын урлан Баянгол дүүрэгт байх бөгөөд биднийг очих үед үйлчлүүлэгчийнхээ захиалгыг хийж, зав чөлөөгүй суух аж. Энэ зуур түүний бүтээлүүдтэй танилцахад 1990-2022 онд үйлдвэрлэсэн бүх модель машин тэнд байна. Түүний урланг шимтэн үзэх хүмүүсийн дунд нэгэн буурай харагдсан нь үнэхээр сонирхол татна.
Тэрбээр 35 жил тээврийн жолооч хийхдээ 21 аймгаар тойрсон. Нас өндөр, эрүүл мэнд тааруу учир дурсамжаа мөнхөлж өөрийн жолооддог байсан ачааны автомашинуудынхаа моделийг урлуулахаар ирсэн нь энэ аж. Өвгөн ах бор өнгийн ЗИЛ-130 машинтай авахуулсан зургаа халааслан иржээ. Тэрбээр “Сүүлийн үед орос модель машинууд ховордсон Ү.Одонбаярын урланг эрэл хайгуул болсны эцэст зорин ирлээ” хэмээн онцлов.
Ерөөс энэ урланд найман настай балчраас 80 настай буурай хүртэл хэрэг зориг болгон ирдэг нь илт. Урлаач Ү.Одонбаяр ширээний гэрэлд нүдээ завчилгүй модель машинуудын металиа эвлүүлж, толь, гэрэл зэрэг жижиг хэрэгслийг хэвэнд цутгаж харагдана. Түүний ширээн дээр гал унтраах ангийн улаан машин, дугуйг нь салган тэгнүүлж тавьсан шар экскаватор харагдлаа. Бүгд л үйлчлүүлэгчдийн захиалга гэнэ.
МОДЕЛЬ МАШИНЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ 43 ДАХИН БАГАСГАСАН ЗАГВАРТАЙ ХИЙДЭГ
Ү.Одонбаяр анх модель машин хийхдээ хайлш, төмөр, хув зэргээр туршилт явуулж байсан гэнэ. Харин хамгийн тохиромжтой материал нь хайлш байжээ. Түүний хувьд материалаа Украин, Орос улсаас захиалдаг байна. Тэрбээр “Зах зээлд материалын үнэ өсөж байна. Моделиудаа олон улсын модель ашигладаг материалаар урладаг. Украины Харьков хотоос машины дугуйг захиалж авдаг түнштэй. Дайн дэгдсэнээс хойш захиалга саатаж материал ирээгүй. Энгийн үед 2-3 сард багтаад ирчихдэг. Одоо рубль өссөн учраас Москвагаас материал татахад хүндрэлтэй болсон. Урлангийн минь гол зорилго бол дараагийн шинэ моделиуд болон 1990-ээд онд явж байсан бүхий л модель машиныг урлах. Бэлдэц нь бэлэн модель машиныг 7-10 хоногт урладаг бол шинээр хийж байгаа машинд 3-4 сарын хугацаа зарцуулдаг” хэмээн ярив.
Ү.Одонбаяр мянга гаруй загвараас 500 гаруйг нь найз нөхдийн хамт урлажээ. Нэг машины модель арван сая төгрөгөөр бүтдэг байна. Хамгийн үнэтэй модель машины загвар нь 30 сая төгрөг. Ер нь гадаадаас захиалж авдаг модель машины дундаж үнэ150 мянган төгрөгөөс эхэлдэг гэдгийг онцоллоо. Өөрийн урласан модель машинаа хоёр зуун мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр худалдаалдаг. Камаз, ЗИЛ-130 модель машин эрэлттэй байдаг байна. Ү.Одонбаяр 2019 оноос хойш тогтвортой гурван жил ажиллаж модель машинаа хөгжүүлэх зорилгоор 16 мянган гишүүнтэй “Орос модель машин сонирхогчдын” сошиал групп хүртэл нээжээ. Группээр дамжуулан захиалга авч цаашлаад адил сонирхолтой нэгнээ орхидоггүй хамтарч ажиллахыг хичээдэг байна. Мөн жил бүр тохиох Ахмадын баяраар группийн гишүүдтэйгээ хамтран хандив цуглуулж 10-20 ахмадад модель машиныг урлаж дурсгадаг болж. Монголд энэ төрлийн цуглуулгатай 3000-5000 хүн байгаагийн нэг нь Ү.Одонбаяр.
Тэр урлангийнхаа захиалгын 60 хувийг дотоодоос 40 хувийг гадаадаас бүрдүүлжээ. Тус урланд Улаан номд бичигдсэн дэлхийн хамгийн ховор модель машин болох уурхайн экскаватор хүртэл байгаа гэнэ. Уг модель нь урьд гурван удаа хийгдсэн ч масштабын алдаатай үйлдвэрлэгджээ. Харин хоёр удаа алдаагүй үйлдвэрлэгдсэний нэг нь Ү.Одонбаярын бүтээл.
Модель машин дэлхийд нэгт эрэмбэлэгддэг хобби гэдгийг олон улсын судалгаагаар баталжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд тэргүүлдэг хобби. Тус урланд саатсан хэн бүхэн уйдахааргүй. Түүний хувьд хуучны машины гэрэл зургуудыг ашиглан моделио зохиолтой уялдуулан урладагаараа бусад моделистиудаасаа ялгардаг гэлтэй. Тэр модель машинаа олон улсын стандартын дагуу 43 дахин багасгасан загвараар хийдэг байх нь. Одоогоор түүний цуглуулгад 500-600 орчим модель машин байна.
Ү.Одонбаярын урлангийн өрөөнд эгнүүлэн тавьсан бүтээлүүд дунд өвөрмөц содон хийцтэй бүтээл нүдэнд тусав. Ногоон хөвч ойтой Булган аймгийн Уран тогоо гэх уулын энгэрээр ЗИЛ-130 машинтай өнгөрч яваа нэгэн зураглалыг буулгажээ. Мөн Хорьдол Сарьдагийн өмнүүр жимбийтэл татаж чангалсан өвс ачсан хар ногоон ЗИЛ-130 машин цас ханзлан давхиж буй дүр зураг нэгэн хүмүүний амьдралынх нь хамгийн сайхан дурсамжуудын нэг байх.
Энэ мэтчилэн усаа түгээж буй машин, ус авч буй эмэгтэй хүүхэд, худгийг тойрсон жижиг хогийн сав сандал, гэрлийн шон, хашаанаас өлгөсөн хувин арчуур зэргийг өөгүй сайхан дүрслэн урласан нь тэр. Ү.Одонбаяр хэлэхдээ,“Цагаан толгойтой” Зил-130 усны машиныг Ус сувгийн удирдах газрын ажилтнууд манайхаар үйлчлүүлэхдээ олж хараад танина. Олон жилийн өмнө ажиллаж байсан ус түгээгчийн машин. Би бүтээлээ урлахдаа адилхан төгс хийхийг зорьдог. Модель машин урлаач хүн салбар бүрийн мэдлэгтэй байх ёстой. Деталь бүрд нарийн арга барил, ур ухаан шингээдэг. Өдий хүртэл алдаанаасаа суралцаж ирлээ.
Миний бүтээлийн гол шүүгчид бол олон жилийн туршлагатай жолооч нар. Би анх гэрийнхээ тагт, угаалгын өрөөний хооронд бүтээлээ урлаж сурсан. Тэр цаг хугацаа алдаа оноотой байсан. Тиймээс өдий зэрэгтээ модель машинуудыг чанартай, нүд булаам урлах болсон юм” хэмээн сайшаалтайгаар дурсав.
Цуглуулагчдад моделио хийх хорго ивээн тэтгэгч тулгамдсан асуудал болдог аж. Хоргоны тухайд 100-300 мянган төгрөгийн ханштай. Хоргогүйн улмаас үзэсгэлэн гаргаж чаддаггүй гэв. Учир нь модель машин маш үнэтэй учир элдэв сэв суулгах вий гэхээс болгоомжилдог байна. Урьд нь хагарч эвдрэх будаг нь хуулрах, алга болох зэрэг асуудал тулгарч байж. Ү.Одонбаяр өнгөрсөн гурван сард Цэргийн музейд модель машины үзэсгэлэн гаргаж олонд таниулан сурталчилжээ. Түүгээр модель машин урлуулсан хүн баярын нулимстай байдаг байна. Энэ талаар Ү.Одонбаяр “Нэгэн залуу аавынхаа жолооддог ГАЗ-53 модель машины жижгэрүүлсэн загварыг урлуулсан. Бүтээлээ гардахдаа ихэд уйлж билээ. Тэр хүүгийн сэтгэл ихэд хөдөлж машинаа долоо хоног өвөртөлж унтсан” гэж хожим ярьсан гэв. Энэ мэтчилэн аав, өвөө, аль эсвэл насаараа тээврийн жолооч хийсэн хуучны машин сонирхогчид түүнд хандан бүтээлээ урлуулах цуваа тасардаггүй бололтой. Ямартай ч нөхдийн хамт нэгэн хүмүүний түүхийг бодит мэт болгож дурсамжаар хэсэг хугацаанд аялуулдагт талархмаар.
Ү.Одонбаяр хүүхэд багачуудад зориулан Монголын ХХ зууны арвин түүхийг өгүүлсэн энэхүү цуглуулга урлангаараа 10 жилийн дараа томоохон музей гаргах зорилго тавьжээ. Тэр химийн инженер мэргэжилтэй бөгөөд 1990 онд НИК хувьцаат компанид нефтийн мэргэжилтнээр ажиллаж байж. Хүний ажил амьдрал салшгүй холбоотой гэдэг. Тухайн үед тэр шатахуун зөөвөрлөдөг цистерн жолооддог байсан гэнэ.
Нэг удаа өөртөө дурсгал болгон үлдээх гэж цистерн машины моделийн эрэлд гарчээ. Эрэл хайгуул болсны эцэст модель машин урлаач буурайтай таарсан ч удалгүй бурхны орныг зорьжээ. Тиймээс өөрөө урлахаар сэтгэл шулуудаж судалсны эцэст, хамгийн анх цистерний модель машиныг хийсэн байна. Тэр цагаас хойш Ү.Одонбаяр ажлаасаа гарч амьдралаа модель машины урлантай холбожээ. Хүмүүс хоббиг элдэв юм цуглуулах ном унших зэргээр ойлгодог. Тэгвэл хоббиг бизнес, урлан болтол хөгжүүлж болдогийг Ү.Одонбаяраас харж болно. Модель машин цуглуулж, урлах нь түүний хувьд нүдээ баясган сэтгэлээ сэргээж стрессээ тайлах арга аж. Урлангаа хийхдээ тэр хамгийн аз жаргалтай болдог байх нь.
Б.Оюунжаргал
Сэтгэгдэл ( 1 )
zugeerel tumurun model mashin hiigeed surchih,