Hийтийн тээврийн газрын төсвийн мөнгө хаашаа урсдаг вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

-Энэ оны эхний 10 сарын байдлаар Нийтийн тээврийн газар 18.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ-


Хөдөлмөр эрхлэгчдийн төлсөн татварыг салхинд хэрхэн хийсгэж, гарын салаагаар урсгаж байгааг “Шилэн данс”-наас хараад бухимдахгүй байх арга алга. Манай сонин өмнө нь “Автобусны жолооч зорчигч сийрэг үед ч хагас рейсэнд 10 мянган төгрөг халаасалж байна”, “Иргэдийн амьд явах эрх “актлах” болсон автобусанд хүртэл зөрчигдөж байна” гэсэн өдрийн сурвалжилгыг бодит байдал, үйл явдлын цэгээс нь хүргэсэн билээ. Энэ удаа 95 ажилтантай байсан Нийслэлийн Нийтийн тээврийн газар 350 ажилтантай болж төсвийн мөнгөнд хэрхэн үрэлгэн хандаж ирсэн, 2023 оны төсвийн төсөлд санал оруулахдаа юунд зарцуулахаар тооцсон зэргийг баримтад тулгуурлан хүргэж байна. Тоон мэдээллүүдийг дурдахаас өмнө “Төсвийн мөнгө уйлдаггүй ч, татвар төлөгчид ёолдог” гэдгийг хэлье.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР 257 ГЭРЭЭТ АЖИЛТАНТАЙ БОЛЖЭЭ

 

Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямрал, цар тахлын дараах үеийг хэрхэн даван туулах тухайд “Төрийн хэмнэлтийн тухай” хууль батлан хэрэгжүүлж байгаа. Тус хууль нь цаг үеэ олсон маш чухал хууль гэдэгтэй хэн ч маргахгүй. “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1-т заасан зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ. Тэгвэл тус хууль батлагдахаас өмнө Нийтийн тээврийн газар нь дөрвөн удирдах ажилтантай байсан бол харин одоо даргын үүргийг Ч.Сайханбаяр хашиж байна.

Нийтийн тээврийн газар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд дотроо долоон хэлтэстэй. Үүнд, Захиргаа, удирдлагын хэлтэс, Тээвэр төлөвлөлтийн хэлтэс, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, Техник технологийн хэлтэс, Ачаа тээвэр логистикийн хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс хамаарна. Долоон хэлтэс нь нийт 92 ажилтантай бөгөөд Төрийн захиргааны албан хаагч 48, төрийн үйлчилгээний бусад албан хаагч 44 байдаг аж. Харин энэ жилээс гэрээт ажилтан гэх орон тоо 257-оор огцом нэмэгджээ. Тодруулбал, автобусны буудал дээр иргэдийг карт уншуулахад хяналт тавьж, карт цэнэглэх үйлчилгээг үзүүлдэг шалгагч нар юм. Шалгагч нарын цалин 591-635 мянган төгрөг байх бөгөөд гурван сар болоод үндсэн ажилтан болсон тохиолдолд 25 хувийн нэмэгдэл авдаг аж.

 

2023 ОНЫ ТӨСВӨӨ 64.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Үүний дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна.

Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш харин ч эсрэгээрээ орлого нь жил бүр буурчээ.

Гэсэн атал улсын төсвөөс гарах зардал өссөнийг доорх тоон баримтуудаар өгүүлье. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан. Тэгвэл  2021 онд 124 тэрбум төгрөг болж өссөн байгаа юм. Харин энэ онд Нийслэлийн Нийтийн тээврийн газар 174 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос даруй 50 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс 169 тэрбум, төсөвт байгууллагын үйл ажиллагаанаас таван тэрбум, үндсэн үйл ажиллагааны орлогоос дөрвөн тэрбум, туслах үйл ажиллагааны орлогоос 288 сая төгрөгөөр тус тус санхүүжжээ. Ирэх онуудад Нийтийн тээврийн газрын төсвийн төслийн санал, таамаглал дээр 2023 онд 238 тэрбум, 2024 оны төсөөлөл нь 250 тэрбум төгрөг, 2025 оны төсөөлөл 262 тэрбум төгрөг болон өсөх “Хар зураг”-ийг  гаргаад  байгаа аж.

 

ШАЛГАГЧ НАРТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХООР 689 САЯ ТӨГРӨГ ТУСГАСАН БАЙНА

 

Нийтийн тээврийн салбар өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой. Гэтэл орлого бүрдүүлж чадах хэмжээнд ажиллаж чаддаггүй, хэт үрэлгэн байгааг дээрх тоон баримтууд харуулж байна.

Үрэлгэн гэдгийг тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь 2021 онд 95 орон тооны ажилтантай байсныг дээр дурдсанчлан энэ онд 350 болж нэмэгдүүлсэн нь юм. Үүнийг дагаад цалин хөлс, байр ашиглалт, ажлын хувцас, эд хэрэгсэл болон бусад урсгал зардал нэмэгдэнэ гэсэн үг.

Жишээлбэл, цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын үзүүлэлт 2021 онд 1.2 тэрбум төгрөг байсан бол энэ онд 3.6 тэрбум төгрөг болон өсжээ. Харин ирэх онд 5.8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх аж.

Мөн норматив зардал буюу хувцасны зардал өмнөх оныхоос 22 дахин өссөн байгаа юм. Үүнээс гадна байрны түрээсийн үнэ энэ онд 40 сая төгрөгөөр тусгасан байгаа бол ирэх онд 689 сая төгрөг болгож, 17 дахин нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Энэ болон бусад зардал яагаад нэмэгдсэнийг тодруулахаар тус төсвийг боловсруулсан Нийтийн тээврийн газрын Эдийн засаг, төсвийн мэргэжилтэн Г.Даваадуламыг зорьж, баримтаа үзүүлэхэд “Хаанаас, хэнээс эдгээр баримтыг авсан бэ” гэж ихэд сандарч байв. Тэгвэл эдгээр баримт нь "transport.ub.gov.mn" сайтын “Шилэн данс” хэсэгт байршиж байгаа. Гэтэл яагаад тийнхүү сандрав гэдэг асуулт гарна.

Тэрбээр “Сити баз консалтинг” компани нь шалгагч нарыг ажиллуулдаг байж байгаад гэрээ цуцлагдаад тэдгээр ажилтан манай дээр шилжиж ирсэн. Шалгагч нар ажлын байргүй учраас шинээр байр түрээсэлнэ. Иймд байр ашиглалттай холбоотой цахилгаан, халаалт, ус, түрээс зэргийн үнэ нэмэгдсэн байгаа. Энэ жилийн хувьд л 257 ажилтан нэмэгдэж байна. Ирэх жилээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон Зорчигч тээвэр Гурав ОНӨААТҮГ-ын шалгагч нар ажлын үүргээр манай байгууллага дээр ирнэ гэсэн шийдвэр энэ оны долоодугаар сард гарсан. Шалгагч нарын хантааз, өвлийн хувцас, байцаагч нарын хувцас хоёр жилд нэг удаа сольдог. Тиймээс ирэх онд солих тул төсөвт оруулж өгсөн. Манай байгууллагаас өгсөн төсвийн төслийн саналаас нэлээд танагдсан нь энэ” гэсэн юм. Мөн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж, шагнал урамшууллын мөнгө энэ жил 11 дахин нэмэгдэж, 474 сая төгрөг болжээ. Үүнийг тодруулахад “Орон тоо нэмэгдэж ирсэн тул тэтгэвэрт гарах шалгагч нарын тоог оруулж бодсон. Олгогдохоор л тусгасан байгаа. Яг одоогоор гараагүй байна. Хэрэв дутуу тусгачихвал дахиж мөнгөө олж авахад хэцүү. Тиймээс дутааж байхаар гээд хүнийхээ тоогоор бодож тооцоолсон” гэв.

 

 

ТӨСВИЙН ОРЛОГЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, 17.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЛАГАДСАН КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ

 

Засаг даргын захирамжаар 2017 онд нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийг хянах шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосноор “Сити баз консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж байжээ. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж гарсан. Гэрээ байгуулснаас хойш тус компанид нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөг өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн ч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг хангаагүй тул Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр гэрээг энэ онд цуцалсан аж. Тэгвэл 2017 оноос хойш Нийтийн тээврийн газрын орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36 тэрбум, 2020 онд 27 тэрбум, 2021 онд 25 тэрбум төгрөг болж, 50 хувиар буурсан. Энэ мэт үр дүнгүй ажиллаж, улсын төсвийг гарын салаагаар урсгасан компанид хариуцлага тооцохгүй, толгойг нь илж өнгөрөөсөөр байх уу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аа. Төрийн хэмнэлтийн хууль энэ  байгуул­лагад хэрэгжих ёсгүй юм уу.

Энэ мэтчилэн Нийтийн тээврийн газарт дээр дооргүй мөнгө халаасалдаг явдал гаарч байна. Тухайлбал, хотын төвөөр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг троллейбусанд амралтын өдөр 12 цагийн орчимд хүн сийрэг үед зорчив. Троллейбусны эхлэх цэг буюу 5 шар, эцсийн цэг буюу Ботаник хүртэл суухад 20 хүн бэлэн мөнгөөр зорчсон юм. Үүнийг тооцож үзвэл автобусны жолооч хагас рейсэнд 10 мянган төгрөг халаасалсан гэсэн үг. Өдөрт 5-7 удаа рейс хийх нормативтай байдаг бол өдөрт хэдэн төгрөгтэй буух нь тодорхой болно. Энэ бол хотын төв хэсэг, автобусны карт цэнэглэх газар харьцангуй түгээмэл. Харин хотын зах хэсгээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар хэдэн төгрөг халаасалдаг бол. Нийтийн тээврийн орлого буурсан тул Нийслэлийн ИТХ-ын энэ оны есдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан. Тодруулбал, иргэд автобусны төлбөрөө "U-money" картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой болох юм. Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн төсөл 2015 онд хэрэгжих үед автобуснуудад тавьсан бэлэн мөнгөний лацтай хайрцгуудыг хурааж авсан байдаг. Түүнээс нийт 1200 ширхэг мөнгөний хайрцгийг буцааж ашиглах юм. Бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэн, бэлэн мөнгө авч байгаа жолоочийг хянах камер мөнгө хайрцагт хийх үед л байсан. Гэтэл санаатай болон санамсаргүй байдлаар камерууд шатах, эвдрэх тохиолдол их гарах болж. Үүнийг дахин шинэчилж суурилуулахад үнэ, өртгийн хувьд өндөр тул боломжгүй гэдгийг Улаанбаатар Смарт карт ХХК-ийн зүгээс хэлсэн юм. Энэ үед бэлэн мөнгөнд “амташсан” жолооч нар хяналтын камерт оймс углах, бохь наах, камерын SD карт алга болох, бэлэн мөнгөний лацадсан хайрцгаас галын нарийн дэгээгээр мөнгө авдаг тохиолдлууд ч гардаг байсан гэнэ.

 

6.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ”, “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ”-ЫН ШАТАХУУНЫ ХУРИМТЛАГДСАН ӨРИЙГ ДАРСАН ГЭВ

 

Нийтийн тээврийн үйлчилгээний газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, автотээврийн хяналтын улсын байцаагч 23, жолооч дөрөв гэсэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй ажилладаг байна.

Тэгвэл Нийслэлийн Нийтийн тээврийн газарт энэ оны байдлаар жолоочид хэдэн зөрчил ирснийг Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн ААН-үүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэйг заасан. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна. Бэлэн мөнгө авч байгаа жолоочид Авто тээврийн хяналтын улсын байцаагч хариуцлага тооцдог. 2022 оны өнөөдрийн байдлаар 91 зөрчилд хоёр сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Жолоочийн бэлэн мөнгө авч байгаа үйлдлийг зураг бичлэгээр баталгаажуулсан тохиолдолд, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу жолоочийг дуудаж шалгаад нотлогдвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгож байна” гэв.

Тус газрын төсвийн “Бараа үйлчилгээний бусад зардал” гэдэгт 2021 онд 27 сая төгрөг тусгасан байсан бол энэ онд 6.3 тэрбум төгрөг тусгаж, хэд дахин өссөн үзүүлэлт гарчээ. Үүнийг Эдийн засаг, төсвийн мэргэжилтэн Г.Даваадулам “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр Гурав ОНӨААТҮГ-ын өмнөх онуудын шатахууны хуримтлагдсан өрийг төлсөн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын А/157 захирамжаар төлж барагдуулсан байгаа” гэсэн юм. Энэ бол нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байгаагийн дахин нэг жишээ юм. Гэтэл нийгмийн даатгалд төлөх шимтгэл, хангамж бараа материалын зардал, эд хогшил урсгал урсгал засварын зардал, улсын мэдээллийн маягт хэвлэх, бэлтгэх гэх мэт зардлууд өмнөх оныхоос 3-4 дахин нэмэгдсээр. Үр дүнгүй ажиллаж ирсэн шалгагч нарын тоо цаашид ч өснө гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Ажилчдын тоо нэмэгдсэн ч үзүүлэлт нь сайжраагүй байгааг сүүлийн таван жилийн Нийтийн тээврийн орлогоос харахад нүднээ ил.

Нийтийн тээврийн газрын үр дүнгүй ажиллаж буйг илтгэх бас нэг жишээг дурдъя. Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүтэн жилээр гаргажээ. Тэрээр Өмчийн өөрчлөлтийн тайлан (CT-4A)-гийн Тайлант үеийн үр дүн нь 18.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу хасах утгатай гарчээ. Орлого нь буурч, улсын төсвөөс татах татаас нь байнга өссөөр ирсэн тус газрын үйл ажиллагаанд хяналт тавих цаг болжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож, дээрэмдэх үйл ажиллагаанд эрх мэдэл бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан оролцож, хэргийг нуун дарагдуулж буй хэргүүдийн талаарх мэдээллийг аравдугаар сарын 28-ны өдөр танилцуулсан. Удахгүй дотоодын аж ахуй нэгжүүдийн мэдээллийг зарлах юм гэсэн. Тэгвэл төсвийн мөнгөнд үрэлгэн загнадаг, үр дүн гардаггүй төрийн  байгууллагуудаа ч мөн шалгах хэрэгтэй юм. Доторх хулгайг таслан зогсоогоогүй цагт Монгол Улс ямар ч төсөв батлаад хөгжил ирэхгүй биз ээ. “Төсвийн мөнгө уйлдаггүй ч, татвар төлөгчид ёолдог” гэдгийг дахин хэлье.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top