Эдийн засгийн шийдвэрүүдийг улс төржүүлэх тусам эргээд эдийн засагт сөрөг үр дагавар дагуулдаг муу жишиг ипотекийн зээлийн хөтөлбөр дээр давтагдах эрсдэл үүсээд буйг тодотгоё.
Ковид цар тахлын тархалтаас сэргийлэхийн тулд удаа дараагийн хязгаарлалтын арга хэмжээнүүд авсны улмаас иргэдийн амьжиргааны түвшин муудсантай холбоотойгоор Засгийн газраас энэ 2022 оныг дуусталх хугацаанд ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрүүдийг гаргасан.
Хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л орлогын тасалдалд ороод байсан амаргүй үед ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах нь хаа хаанаа хэрэгтэй байв. Харин одоо бол нөхцөл байдал тахлын үеийнхээс өөр болсныг хэн хүнгүй харж байна. Эдийн засагт гадаад, дотоод сорилтууд тулгарсаар байгаа боловч бүхий л салбарууд хөдөлмөрийн зах зээлийн хэвийн байдлыг ханган, урагшилж байна.
Түүнчлэн ипотекийн зээлийн эрэлт ч нэмэгдсээр байгаа юм. Гэвч статистик харахад ипотекийн зээлийн хөтөлбөр санхүүжилтийн эх үүсвэрийн дутмагшилд ороод байна.
Тухайлбал, энэ 2022 оны эхнээс зургадугаар сарын дуусталх хугацаанд банкуудад нийт 14.500 иргэн 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 3700 иргэний 293.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол 3900 иргэний 352 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд журам, гэрээний шаардлага хангаагүй болон өөрийн хүсэлтээр гэсэн шалтгаанаар татгалзсан байгаа юм.
Харин 7300 иргэний 466.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкууд дээр хуримтлагдаж, сар тутам ойролцоогоор 2400 иргэнээс 185.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт нэмэгдэж байгаа гэсэн статистик байна.
Тэгэхээр эндээс харахад зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ипотекийн зээлийн эрэлт өндөр байгаа боловч уг зээлийг шийдвэрлэх санхүүжилтийн эх үүсвэр бодит байдал дээр нийт эрэлтийн 1/3-ийг ч хангаж дийлэхээргүй нөхцөлд байна. Бүр тодорхой хэлбэл, ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг хөл хорионы дараа ч үргэлжлүүлэн, удаарруулан хэрэгжүүлсээр байгаа нь эцсийн дүндээ энэ хөтөлбөрийг цусны эргэлтгүй болоход хүргэчихжээ.
Тодотгоход, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Мөн тус хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртэл хугацаанд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай нөхцөл байдал үүсээд буйг ирэх оны Мөнгөний бодлогын төсөлд дурдсан байсан.
Төв банк тооцоо, судалгаа, статистикт тулгуурлаад ингээд нөхцөл байдлыг хэлээд байхад эрх баригчид ирэх оны хагас хүртэл дахиад зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй байна гэдгээ өөрсдөө хэлж, ярьж буй юм.
Хэрэв эрх баригчид нөхцөл байдлыг бодитоор харж дийлдэг бол ийм цаг үеийн мэдрэмжгүй, харалган шийдвэр гаргах ёсгүй л дээ.
Банкууд өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг иргэдээс 5 удаа хүлээн авч шийдвэрлэсэн. Сүүлийн байдлаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрхийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Эдгээр хойшлуулсан ипотекийн зээлийн хэмжээ нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 орчим хувийг эзэлж байгаа юм.
Тэгэхээр энэ тоог харахад л ипотекийн зээлээр байртай болох гэсэн мянга мянган иргэдэд зээл олдохгүй, гацаад буйн учир шалтгаан тов тодорхой юм.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт бол энэ хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг гол хүчин зүйл. Гэтэл нийт олгогдсон зээлийн 80 хувь нь он он дамнаад төлөлт хийхгүй байхаар энэ хөтөлбөр яаж хэвийн үргэлжлэх юм бэ.
Дахиад ийм төлөлт хойшлуулах шийдвэр гаргавал ипотекийн зээлийн тогтолцоо нурахаар байна. Мөн эдийн засгийн гол салбар болох барилга болон түүнийг дагасан олон салбарууд орлогогүй болж, олон мянган ажлын байр устахаар нөхцөл тулгарчихаад байна.
Иргэдээ ая таатай орчинд амьдрах, аж төрөхөд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төр засаг нь эсрэгээрээ иргэдийнхээ маргаашийн боломжийг үнэгүйдүүлсэн, боомилсон, харалган шийдвэр гаргамааргүй байна.
Хатуу хөл хорионы үеийн шийдвэр бол тухайн үедээ хэрэгтэй байсан уу, байсан. Одоо бол наад шийдвэр чинь утга агуулгаа алдлаа. Бүр нийгэмд халамжийн бодлого мэт хүлээлт үүсгэдэг болчихлоо. Энэ янзаараа хойшлуулаад, шийдээд байвал эдийн засагт төсөөллөөс давсан хор хохирол дагуулна.
Хор хохирол нь хэдийнэ үүсээд эхэлсэн. Эрэлт их байгаа учраас орон сууцны үнэ өсчихсөн. Иргэдийн хувьд зээлийн урьдчилгаанд өгөх төлбөр нэмэгдсээр л байна. Цаашид ч боломжууд нь хумигдах төлөвтэй. Одоо бол ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр иргэдийг эрсдэлээс хамгаалах бус эдийн засгаа боомилох л үүрэг гүйцэтгэхээр дүр зураг харагдаж байна.
Сэтгэгдэл ( 7 )
байрны м2 хөөсөн үнэ энэ зээлтэй холбоотой борлохгүй болохоор жинхэнэ үнэндээ очих байх
Sorry, zeelee tuluh bolomj odo baihgvi bna, herev zeelee tuluhud hvrvel, ene uvul hvnsee avch chadahgvid hvrne, Iim mash olon irged baigaa shv...
одоо хойшлуулах юм бол эдийн засаг бүх юмаа сулд нь хая.
Tsalingaa 1 Dakin nemchikh tegvel tulukh bolomjtoi uuruur tulukh ymarch bolomj alga idea uuk umcuj zuuh yum une chin 2 dakhin uschuud bna bizdanuudtai alaltsana shuu
мөнгөний ханшийн уналт ингэхээс өөр аргагүйд хүргэж байгаа даа.
Нэгэнт төлөх ёстой зээлээ төлөөч ээ. Байраа олчихсон би зээл авмаар байнаа.
хойшлуулах хэрэгтэй ад түмний амьжиргаа хаанаач хүрэхгүй байна