Эмэгтэйчүүдийг басамжилж, ад шоо үзсэн хэрэг биш шүү. Энд ХҮН-ын зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй уялдуулан, тус айлын улс төрийн нөхцөл байдлыг эх сурвалжийн мэдээлэлтэй дурдах гэсэн юм. Одоогийн байдлаар зарим хүмүүс ХҮН намын эрчүүд өөрсдөө намаа толгойлж чадахгүй учраас эмэгтэйчүүдээр хаалт хийж, тэдэнд ихээхэн найр тавьж байна хэмээн харж байгаа ч үүний цаана МАН-ын нэр бүхий эмэгтэйчүүд байгаа гэх албан бус мэдээлэл байна. Энэ нь хэдийгээр хардлага байж болох ч бодох л асуудал. Гэхдээ шинэ тутам улс төрийн хүчний хувиар 2024 оны сонгуулийн өмнө хүчээ зузаалах замаар эмэгтэйчүүдийн оролцоог өндөр хувиар дэмжиж, нийгэмд таалагдах гэсэн ч байж болно. Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ талбарт ямар нэг тоглолт хийж, хүрээгээ тэлэх төлөвлөгөө зурсан байхыг үгүйсгэхгүй.
Тодотговол, ХҮН нь улс төрийн манлайлал үзүүлж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, шинэ соёлыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮН 50:50” бодлогоо танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Монголын улс төрийн талбарт Хөдөлмөрийн үндэсний нам хэмээх айл бууриа засаад арав гаруй оныг үджээ. Өнгөрөгч хугацааны тал илүү хувьд нь “Цүнхний нам” явсан ч өнгөрөгч 2016 оны сонгуулиас хойш идэвхжиж, улмаар 2020 оны сонгуулиар парламентад нэг суудалтай болсон. Идэвх сэргэсэн гэж байгаа ч намгүй болсон С.Ганбаатар орж ирээд хэрүүл ам л хийсэн дүр зургаас цаашгүй. Хэдийгээр 2020 оны сонгуулиар парламентад суудалтай болж, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа харагдах ч эрх баригчдын "халаасны нам" гэх нь бий. Ямартай ч тэдэнд зөв шударгаар, бор зүрхээрээ тэргүүлээд явчих хэмжээний эрэгтэйчүүд бараг л байхгүй. Өөрөөр хэлбэл нам аваад явчих бэлтэй нь тун ховор учраас аль нэг хөрөнгөтэй улс төрийн хүчний хаяа хатавч бараадахаас өөр аргагүй. Өнөөдөр намын удирдах бүрэлдэхүүнд байгаа УИХ-ын гишүүн Я.Доржханд бол МАН-ын “Нохойд барьдаг мод” гэж олон нийт хардаг. Үүнд олон тайлбар жишээ аваад яахав, нийгэм тэр чигээрээ ийн харах учир цагийн гарз. Мөн сонгууль бүрээр бүдэрч явдаг Б.Найдлааг ямар айлын эзэн гэх юм.
Ерөөсөө ХҮН гэх айл нь гал голомтоо бадрааж, жинхэнэ утгаараа тооноо өргөсөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Хаа ч хамаагүй нөмөр бараадаж явдаг С.Ганбаатарыг даргаараа сонгож үзсэн гэхээр бат бөх багана байгаа эсэхэд эргэлздэг. ХҮН нь Улсын дээд шүүхэд бүртгүүлээд арав гаруй жил болоход хэчнээн ч хүн энэ айл гэрийн эзэн болох гэж үзэв дээ. Хамгийн сүүлд “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд эзэн суух гэж үзээд барсангүй. Т.Доржханд намыг удирдах болсон. Дахин хэлэхэд миний хувьд тэд нийгэмд хамрах хүрээгээ өргөсгөх гэж “ХҮН 50:50” хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж найдъя.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал ач холбогдолтой гэж үзсэн. Энэ бол яах аргагүй ардчилсан нийгмийн нэгэн үнэт зүйл мөн.
Мөн “ХҮН нам эмэгтэйчүүдэд ээлтэй, бидэнтэй нэгдээрэй. Улс төрийн зөв соёлыг хамтдаа бүтээе. Хүндээ ээлтэй, тэгш боломжтой, эрүүл сайхан нийгмийг байгуулцгаая!” хэмээн уриалав.
Магадгүй МАН-д гологдсон, босгыг давж чадахгүй байгаа эмэгтэйчүүд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд дээрх уриалгыг таатай хүлээн авах байх. Дарга болох мөрөөдөлтэй олон бүсгүйчүүд МАН-ын үүдээр эргэлдэж байна. Зөвхөн Д.Сарангэрэлийг гурван удаа сайдаар томилж байгаа намд дарга, сайдын суудал олж авна гэдэг бараг л хоосон мөрөөдөл учраас цөхөрч няцсан эмэгтэйчүүд сэтгэлээ боловч хуураад ХҮН намд нэгдэх санаа энэхүү зөвлөгөөнөөс цухалзаж байна. Дээд болон дунд түвшинд хэрэгжээд явчихгүй ч анхан шатанд ХҮН намын хүрээ тэлэх магадлал хэтдээ байна. Өчнөөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдаар томилогдож байсан Д.Оюунхоролоосоо ч салж чадахгүй Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах төслийн удирдагчаар ажиллуулж байхад шинэ тутам эмэгтэйчүүд хэрхэн яаж босго давах билээ. Нөгөө талаас учраа олохгүй олон жилийн нүүр үзэж байгаа АН-ын эмэгтэйчүүд бий. Тэдний хувьд бол ХҮН нам руу дуртай гүйгээд очих нүх сүв ч харагдана. АН-ын Ц.Оюунгэрэл хүртэл тусдаа нам байгуулж байгаа нь цөхрөл биз дээ. Тэгэхээр ХҮН нам энэ бүх зүйлийг тооцож, дарга даамал гэх сэтэрт дуртай эмэгтэйчүүдийг уриалан дуудаж намынхаа хүрээг тэлэх гэсэн төлөвлөгөөний дагуу уг арга хэмжээг зохион байгуулсан болов уу. Ийм хаалга үүдийг нээх тодорхой зорилго шууд харагдана.
Гагцхүү эх сурвалжийн таамаглаж хэлснээр “ХҮН 50:50” хэлэлцүүлгийн ар талд МАН-ын эмэгтэйчүүд байгаа бол яах вэ. МАН дотор одоо байгаа УИХ-ын гишүүний мандатаа хадгалж чадахгүй, айсуй 2024 онд булаалгах гэж байгаа нэр бүхий эмэгтэй гишүүд бий. Шинээр УИХ-д нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүд бий гэхээр болохгүй зүйл алга. Нэгэнт нийгэмд ноёрхол тогтоочихсон МАН-ын эрчүүд эмэгтэйчүүддээ тийм ч эерэг найр тавихгүй. Тиймээс 50:50 бүү хэл дүрэм ёсны 70:30-даа ч хайнга хандах учраас эрх баригч намын эмэгтэйчүүдийн зүгээс ХҮН намаар дамжуулан акц өрнүүлсэн байхыг хэн үгүйсгэх юм. Тэд өөрсдөө гэнэт гарч ирээд жендэрийн асуудал яриад унахгүйгээ мэднэ. “Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлах”-гүйгээ мэдэх байх. Намдаа сануулга өгч айлгаж туних замаар энэ ажиллагааг дэмжсэн байх таамаг бол байж болно.
Үнэн хэрэгтээ өнөөдөр ХҮН намынхан АН-аас ч илүү ажиллаж байна. Амжилт тааруу ч сүүлийн удаагийн сонгуульд АН-аас илүү стратегитай, эв нэгдэлтэй оролцсон гэхэд болно. Нийгмээс өгч буй энэхүү үнэлгээнд суурилсан ажиллагаа явуулж байхад болохгүй зүйл алга. Тэд уг нь 2016 оны УИХ-ын сонгуульд өнөөдрийнхөөс илүү амжилт үзүүлэх магадлалтай байсан. Гэтэл намын дотоод асуудал болон бусад улс төрийн хүчин, зарим улстөрчдийн зүгээс явуулсан санаатай ажиллагааны үр дүнд ХҮН намын удирдлагын дунд маргаан дэгдэж, улмаар сонгуульд оролцох боломжгүй болж байсныг бид мэднэ. Удирдлагууд ч юу байхав, нийгмийн уур амьсгал ХҮН-д муугүй байгааг ажигласан С.Ганбаатар нарын нөхөд л үймээн дэгдээсэн хэрэг шүү дээ.
Тиймээс арга мухардаж, ХҮН намынхан УИХ-ын сонгуульд 25 хүнийг бие даан нэрээ дэвшүүлж, чамгүй олон хүний санал авсан статистик байдаг. Харин 2020 оны сонгуульд сонгогчид ХҮН намаас Т.Доржханд гэх нөхөрт итгэл үзүүлсэн. Энэ зөвхөн ХҮН намын гавьяа бас биш. Монголын социал демократ нам, Зүй ёс нам зэрэг улс төрийн хүчнүүдтэй нийлж, “Зөв ХҮН Электорат” эвслийг байгуулан сонгуульдсан юм. Ямартай ч ХҮН нам айсуй 2024 оныг угтсан том акц явууллаа. Нэгэнтээ намынх нь дарга Т.Доржханд “ХҮН сөрөг хүчин болж ажиллана” хэмээн АН-ыг үл тоож байсан нь биеллээ олох төлөвтэй. Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-д энэ зэргийн ажил зохион байгуулчих зангараг ч алга. Өнөөх л дарга цэрэг, тамга тэмдэгтэйгээ зууралдсаар сууна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Ulun chaamparuud
ХУН нам булшлагджээ, угаасаа урагш явахгуй маягтай байсан, Монголын Дайсан Энхсайхан орвол Дашийн шог болж байгаа нь тэр дээ