Эмч нар дахин КОВИДООР өвдөж, АЧААЛАЛ эрс нэмэгджээ

2022 оны 11 сарын 10

Улирлын томуу болон цар тахлын томуугийн хүндрэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгаа бөгөөд дэгдэлтийн шат рүү явж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 9.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн дотор 16.2 хувийг эзэлж байна. Энэ бол өмнөх 7 хоногоос нэмэгдсэн үзүүлэлт.

Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 67.4 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрсэн байдалтай байна. Ийм бэрхшээлтэй байгаа учраас орны ачаалал нэмэгдэж, ор дэлгэх нөхцөл байдал үүсэж, улсын хэмжээнд нийт 450-аад орыг нэмж дэлгэхээс өөр аргагүй болоод байна.  Одоогоор нийслэлийн хэмжээнд орны дүүргэлт 76 хувьтай байгаа бөгөөд ХӨСҮТ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 зэрэг эмнэлгүүдэд нэмэлт ор дэлгэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа. 

Монголд Ковид-19 халдварын тархалт эргэн нэмэгдэхийн зэрэгцээ BF7, BQ2.1 гэсэн омикроны өмнө нь бүртгэгдэж байгаагүй хоёр шинэ хувилбар бүртгэгдээд байгааг ЭМЯ өчигдөр зарласан. 

Энэ талаар албаны эх сурвалж манай улсын хувьд ковидын халдвар энэ 7 хоног буюу 44 дүгээр 7 хоног дээр шинээр 772 тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногоос 2 дахин өссөн байна.  Үүнийг дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал сүүлийн хоёр 7 хоногт нэмэгдсэн. Улс даяар Ковид-19 гэсэн оноштой 349 хүн эмчлэгдэж байгаагаас ХӨСҮТ дээр 255 хүн эмчлэгдэж байна гэдгийг мэдээлсэн.

Хамгийн хүндрэлтэй зүйл нь, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилтнуудын ачаалал даган нэмэгдэж байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар улсын зарим эмнэлгүүдэд эмч нар нь ковидоор өвчлөх, ханиад томуугаар өвдсөн хүүхдээ гэртээ харах зэрэг зайлшгүй шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрч байгаа аж. Үүнийгээ дагаад эмнэлгийн бусад ажилчид өндөр ачаалал авч, зарим нь долоо хоногт 3-4 удаа жижүүрлэн ажиллаж, ядаргаанд орох эрсдэлтэй болжээ.

Эмч нарын ковидын өвчлөлийн тухайд ХӨСҮТ-ийн захирал Ц.БилэгтсайханЭнэ долоо хоногт эрүүл мэндийн ажилтнуудаас 37 хүн ковидоор өвдсөн. Мэдээж улаан бүсэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч мэргэжлийн байгууллагууд ялангуяа эрсдэл бүхий орчинд ажиллаж байгаа ажилчид өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байна. Урьдын адил нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй хариу арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлэх шаардлага байна” гэж ярьжээ. 

Ковидын өндөр дэгдэлтийн үед буюу 2021-2022 онд эмч нар олноор халдвар авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд резиндент эмч нарыг дайчлан ажиллуулж байсан. Үүнийг эргэн санаж эмч, ажилчдынхаа ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгалал дээр ЭМЯ-ны зүгээс анхаарахгүй бол өмнөх хүндрэлтэй нөхцөл байдал дахин тохиолдохыг үгүйсгэх аргагүй.
 

ХҮҮХДҮҮД ХҮНИЙ МЕТАПНЕВМОВИРУСИЙН ЦОЧМОГ ХАЛДВАРААР ХҮНДЭРЧ БАЙНА
 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага 18 орчим хувьтай, Улаанбаатар хотод 50 гаруй хувьтай байна.

ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар вирус судлалын лаборторид ирж байгаа тандалтын шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна.

Харин SARS-CoVid-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна.

Бусад томуу, адиено вирус, коронавирус, бокавирус зэрэг амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг ижил төстэй шинж тэмдгээр илэрдэг вирусууд нэлээд байна. Өнөөдрийн хувьд эдгээр вирусууд давамгайлж байна гэж ойлгож болно.

Хүний метапневмовирус (HMPV) нь лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг эзэлж байна.

Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон доод эрхтнүүдийг гэмтээгээд явдаг учраас хатгалгаа, бронхит, астма зэргийг үүсгэж, эмнэлэгт хэвтэх шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ нь зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтний замыг гэмтээдэг. Ингэснээр ханиалгах, нусгайрах, хамар хоолойн салстууд хөөх, улайх, хавагнахаас гадна гүйлгэх, суулгах, бөөлжих, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа. Энэ хордлогын шинж тэмдэг нь өвчлөгсдийн 50-60 хувиас илэрч байна. Бага насны хүүхдүүд энэ халдвар нэлээд өртөх шинжтэй байна.

Энэ вирусээр бүх насны хүн өвддөг ч манай улсад одоогоор хүүхдүүдэд түлхүү, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдэд зонхилон өртөж байна.

ХАЛДВАР, ХҮНДРЭЛЭЭС ХАМГААЛАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа “Ерөнхийдөө амьсгалын замын цочмог халдварыг үүсгэж байгаа вирусийн өвчлөлөөс сэргийлж, өөртөө болон бусдад халдаахгүйн тулд өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг.

Өвөрмөц сэргийлэлт гэхээр вакцинжуулалт юм. Одоо бол зөвхөн томуу дээр л вакцин байгаа. Бусад вирусийн хувьд өвөрмөц сэргийлэлт байхгүй байна.

Өвөрмөц бус сэргийлэлт гэдэг нь халдварын дэгдэлт гарч байгаа үе хүн цугласан, бөөгнөрсөн газраас аль болох хол байх, мөн өвчитнийг тусгаарлах, аль болох түүнтэй хавьтах хавьтлын тоог цөөлөх, ялангуяа хүндрэл өгч байгаа вирусийн үед хэвтрийн дэглэм бариулах хэрэгтэй. Эмчид хандах хэрэгтэй. Дуран мэдэн эмчилж болохгүй. Эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт, өрөөний температурыг хэвийн буюу 20-22 хэмтэй байлгах, унтаж амруулах, улиралд нь тааруулж хувцаслах, идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаарт алхах, аль болох тайван байлгах гэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Мөн полийн хүчил, витаминуудыг хэрэглэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Мөн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлээд томуугийн А, В вирус хүн амын дунд нэлээд дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж, оргил үе нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сард болдог. Тэгэхээр өвөрмөц бус сэргийлэлтээс гадна дархлаажуулалт гэж хэлээд байгаа маань томуугийн вакцинжуулалт. Тэгэхээр энэ дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хэдийгээр томуугийн А, В вирус орчилд ороогүй байгаа ч дэлхий дахинаа томуугийн А вирусийн Н3N2 дэд хэв шинж 90 орчим хувийг эзэлж байна. А вирусын H1N1 дэд хэв шинж 10 орчим хувьтай байна. Зэрэгцээд В вирусууд орчилд орж байгаа.

Тэгэхээр хэзээ мөдгүй манай улсад томуугийн вирус орж ирэх нөхцөл байдал бүрдэж байгаа учраас бусад вирусуудтай хамтраад зэрэгцээд явбал нэлээд хүнд байх учраас бид хамгийн гол нь өвөрмөц сэргийлэлт вакциндаа хамрагдахыг ард иргэдэд уриалж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Ковидын халдвар ч тэр, томуу, томуу төст өвчний халдвар ч тэр ялгаагүй амьсгалын замаар халдварладаг. Тэгэхээр хариу арга хэмжээ нь ижил гэж ойлгож болно.  Иймээс бид нэгдүгээрт хувь хүний хариуцлагаа өндөржүүлэх шаардлага гарч байна. Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ энэ халдваруудаас хамгаалах шаардлага үүсэж байна.

Үр дүндтэй, хялбар нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдээ буцааж хэрэгжүүлж, хэвшүүлье.  Үүнд амны хаалтаа зүүх, агаар сэлгэлт хийх, гараа угаах, хүн хоорондын зай барих шаардлагатай.  Түүнчлэн томуу, томуу төст өвчний болон ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах, хайртай хүмүүстээ халдвар тархахаас нь сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.  Хамгийн чухал арга бол шинжлэх ухааны баталгаатай вакцинжуулалтдаа хамрагдах юм. Бид ковидын эсрэг вакцинд хамрагдах эрх зүйн үндэслэл байгаа. Ялангуяа 5-11 настай хүүхдүүдээ хамруулах шаардлага байна.  Түүнчлэн томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.188) 2022 оны 11 сарын 11

Улирлын томуугийн худалдан авалатыг зориуд хойшлуулан томууг тархахад нөлөөлсөн нөхөр болХӨСҮТ захирал гэж бодож бна. Хувийн эмнэлэгүүдээс хахууль аван тэднийг өндөр үнэтэй вакциныг тарьж дууссаны дараа оруулж ирдэг. Олон жил ЭМЯ ХӨСҮТ хоёр хуйвалдаж ирсэн

0  |  0
(73.37.56.46) 2022 оны 11 сарын 10

Ene malnuud haniad hatgaa covid 3 aa yalgahgui alingaa aldaj baina daa. Diplomnii goluud! Hatgaa tussan nyalh huuhediig haniad baina geseer baigaad uhuulsen novshnuuddaa.

0  |  0
Zochin(66.181.161.98) 2022 оны 11 сарын 10

Ali CH gazar maskgguini IH bhd,balai yum yarih yumda,zz

0  |  0
Jj(98.204.176.20) 2022 оны 11 сарын 10

Gadaadad tomuu tuslaa ghd gertee haluunii emee uugaad hevt gdg.mgld emnelegt hevtuuldeg yamar uchirtain boloo?

0  |  1
Top