Түүний тухай товч танилцуулбал 2006 оноос эхлэн олон тооны гадаад дотоодын хамтарсан үзэсгэлэн, фестивалиудад оролцон 2008 оноос олон улсын төсөл болон хөтөлбөрүүд дээр ажилласан ажлын туршлагатай уран бүтээлч мөн 2004-2005 ДУДэСургуульд багш, 2012-2013 СУИС-ийн РТМУС-ийн уран зургийн багш, 2013-2018 СИУС-ийн РТМУС-ийн Медиа Анимейшн тэнхимийн эрхлэгч, 2020-оос эхлэн Mифокс анимейшн студид зураач, СИУС-ийн РТМУС-ийн багшаар ажиллаж байна.
Цайвар цэнхэр эсвэл шар, ягаан гээд гэгээхэн өнгөнүүд дээр хэн нэгний дүрс, царай тодрон харагдана. Нэг бүтээлийг онцлон ойроос харвал эдгээр гэгээн өнгөнүүд дээр олон янзын дүрс холилдон энд тэндээс тоглон наадан гарч ирэх бүдэгдүү хүүхдүүдийн дүрсүүдтэй. Харин шүдээ ярзайлган инээмсэглэх гол дүр маань олон жижиг хэсгээс бүрдсэн хүн байх агаад түүний биеийн хэлэмж нь биднийг дотночлон ярилцан суух мэт. Шүдний аппараттай энэ “найз”-аа би өсвөр насны эсвэл хориод насны болов уу гэж таамаглаж байна. Тэр олон дурсамжуудаа надтай хуваалцана. Зарим нь сайхан, зарим нь хөгтэй харин зарим нь гунигтай. Бид хамтдаа инээв, уйлав, гулгав, нисэв, дүүлэв, үсрэв, шумбав. Түүний (тэдний ч гэж хэлж болох юм) бодлуудыг мэдрэмж бүрээр нь тэмтрэн уудалбал ямар байхыг та мэдмээр байна уу?
Ингэхэд бодол гэснээс Станфордын Их Сургуулийн доктор Fred Luskin хүн өдөрт дунджаар 60,000 бодол боддог ба үүний 90% нь дахин давтагддаг бодлууд гэж судалжээ. Хачин байгаа биз? Яагаад давтана гэж? Давтагдах нь дурсамж, мэдрэмжүүд, хэн нэгний тухай, ирээдүйн зөгнөл, өдрийн хоол, аяга кофе, ажлынхаа тухай, ар гэрийнхэн, бороо, үнэр гээд л хаанаас ч юм ундарна. Бид бүх биеэрээ боддог нь нотлогдоод байгаа. Бодлын хүчээр гэрэлтэн асах эсвэл гундан бөхөх ч үе байдгийг хүн бүр нэг удаа ч болов амьдралдаа амсаж явсан биз. Бодол дурсамж болон хувирах эсвэл дурсамж бодлоос гарахгүй байх ч үе бий. Дурсамжийн тухайд бол их л сонин зүй тогтолтой санагдаж байна. Яг л шидэт толины хэлтэрхийнүүдийг түүж тохирох хэсгийг эвлүүлж чадвал цаг хугацааг ухраан аялдаг Алисагийн үлгэр шиг тэр нэгэн мөчдөө буцаад оччих шиг л болдог. Энэ үйл явц гэхдээ констрактив, деконстрактив, реконстрактив байж болох юм.
Б.Нандин-Эрдэнийн бүтээлүүд нь энэ адармаат бодлын үйл явцыг оновчтой дүрслэн илэрхийлжээ. Тэдний гэж болох юм гэж дээр дурдсаны учир нь голдуу хүүхэд насны эсвэл өсвөр насны үеийн мэдрэмж дурсамжууд юм. Гэгээлэг өнгөний ард нуугдах тэдний таагүй мэдрэмжүүд бас цалгин инээх баяр хөөр нь түүний бүтээлүүдэд бий. Насанд хүрсэн хүмүүс биднээс хүүхэд толин тусгалаар суралцан бие хүн болохдоо хэрхэн өөрийгөө мэдрэх, хүлээж авах нь шууд нөлөөтэй. Тиймээс ч Нандин-Эрдэнийн хувьд биеийн хэсгүүдийг тэр тусмаа гар, хөл, нүд, арьс, уруул зэргийг онцгой авч үзэн бүтээлүүддээ тусгаж. Эдгээр биеийн хэсгүүд бол энэ хүүхдүүдийн бодлуудыг мэдрэмж бүрээр нь тэмтрэн мэдрэх оньсогын түлхүүрийн хэсгүүд юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )